Манангийн Сэхээн амьдруулах тасаг

Манангийн Сэхээн амьдруулах тасаг

Манан дэглэм, шударга бусын хонгилыг нураах тэмцэл зорилгодоо хүрч чадсан уу, хонгил нурсан уу, дэглэм устсан уу гэж өнөөгийн төрийн эрх барьж байгаа МАН-ын удирдлагууд, Төрийн эрх мэдлийн 3 салаа мөчрийг толгойлж байгаа албан тушаалтнууд, Монгол улсын Ерөнхийлөгчөөс өнөөдөр асуух цаг иржээ.  

Тэмцэл эхэлсэн цагаасаа хонгилыг үүсгэн байгуулагч, тэргүүлэгчдийг нэрлэж, тэдний төрийн өндөр ажил албан тушаал, улс төрийн эрх мэдлийг хязгаарлах чиглэлээр ил далд олон л акц арга хэмжээ зохион байгуулсан. УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж, түүний тойрон хүрээлэгч зарим хүмүүсийг шоронд явуулж, үлдсэн зарим хүмүүст нь улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх арга хэмжээ авсан. Гэхдээ улс төрд мөнхийн дайсан, мөнхийн найз гэж үгүй, мөнхийн эрх ашиг байдаг гэдэг  болохоор сүүлийн үед Манан дэглэм сэрж, сэхэл авч дахин хүчирхэгжиж байгаа талаар  улс төрийн хүрээнд яригдах боллоо. Үүний нэг жишээ нь Монгол улсын хамгийн том стратегийн орд газруудыг эзэмшдэг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар цагтаа одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тэмцлийг удирдаж явсан өөрийнх хэлсэнээр хөдөөнөөс ирсэн Д.Хаянхярваа томилогдсон. Тэрээр яаж энэ албан тушаалд очив, түүний зорилго юу вэ гэдэг талаар учир мэдэх хүмүүс сүүлийн үед ил цагаан ярьцгаах боллоо. Түүний энэ албан тушаалд очих хөзөр нь ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгууль гэнэ.

Одоогийн эрх барьж байгаа намаас намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэвших нь бараг л тодорхой. У.Хүрэлсүх ч Ерөнхийлөгчийн сонгуульд онцгой ач холбогдол өгч байгаа учир нөгөө үзэн ядаад, зайлуулахын түүс болоод байсан хонгилын нөхөдтэйгээ найзархаж, найрамдах дүр үзүүлэхээс аргагүй болсон бололтой.  Д.Хаянхярваа нь энэ ажилд томилогдож очоод бүтцийн өөрчлөлт нэрээр олон хүнийг ажлаас нь халж, оронд нь өөрийн фракц буюу М.Энхболдын фракцын хүмүүсийг томилж байгаа сурагтай. Үүний нэг жишээ нь намынхаа гишүүнчлэлээс гарч, намын бодлого сөрж Хан уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байсан УИХ-ын тамгын газрын дарга асан Цолмонг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар томилох гэж үхэн хатан зүтгэж, улайран дайрч байна. 

Ерөнхийлөгчийн сонгуулиар шантааж хийж тэд яагаад  ингэж улайран зүтгэнэ вэ. Учир нь тэдний хувьд эргэж хүчирхэгжих боломжийг “Эрдэнэс Монгол” ХХК өгч байгаа бололтой нэг ёсондоо шоконд орсон тэднийг сэхээн амьдруулах тасаг нь Эрдэнэс Монгол болсон бололтой.  Эрдэнэс Монгол бол монгол улсын стратегийн орд газруудыг эзэмшин ашиглаж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүртээх зорилготой байгуулагдсан. Энэ зорилгоо ч өнгөрсөн хугацаанд чамгүй биелүүлсээр байна. Тухайлбал “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани “Эрдэнэс Таван толгой” ХК нь сүүлийн 2 жилийн хугацаанд өндөр ашигтай ажиллаж, Монгол улсын иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тарааж, төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлсээр байна. Мөн өнгөрсөн онд Салхитын мөнгөний ордыг ашиглаж, иргэдийн тэтгэвэрийн зээлийг тэгэлсэн. Эрдэнэс Монголын харьяанд байдаг Багануурын уурхай, Шивээ-Овоогийн уурхай нь төвийн эрчим хүчний системийг бараг 100 хувь нүүрсээр хангаж байна. Экс захирал нь Дубайд байгуулсан гэрээнээс болж шоронд сууж байгаа бөгөөд оюу толгой төслийн 34 хувь нь бас л энэ компанийн эзэмшилд байна. 

Цаашлаад Мак компанийн цагаан суваргын орд, Нарийн сухайтын ордууд ч уг нь энэ компанийн харьяанд байх ёстой. Эрдэнэт үйлдвэрийг ч 2013 онд Засгийн газрын тогтоолоор Эрдэнэс Монгол ХХК-д шилжүүлж байсан.  Ингээд бодохоор энэ компани руу шургалж, тэнд өөрсдийн хүмүүсийг байршуулж авах нь их алсын бодолтой стратегийн нүүдэл бололтой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч улс төрийн хонжоо хайж  энэ компанийг тэдэнд өгч байгаа нь ойлгомжтой ч гол нь бас нэгэн эрдэнэтийн хуйвалдаан шиг хуйвалдаанаар үүний хор уршгийг ард түмэн нуруун дээрээ үүрэх цаг ирвэл яана даа.