“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангах боломжтой боллоо

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангах боломжтой боллоо

Тариаланчид, үндэсний шилдэг хүнсний үйлдвэрлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олсон ололт, амжилтаа дүгнэн, цаашдын зорилгоо хэлэлцэж, шилдгүүдээ тодруулах “Ургацын баяр-2023” ёслол “Корпорэйт конвеншн центр”-т боллоо.

Баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон  хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлж амжилт хүсэн ерөөв.

Тэр бээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран ажилласнаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дотоодын хангамж, экспорт нэмэгдэж байгааг тэмдэглэв.

Тухайлбал өнөөдрийн байдлаар 1,857 аж ахуйн нэгж, иргэнд нийт 675 орчим тэрбум төгрөгийн зээл олгож, хүнс, хөдөө аж ахуйн нийт 19 төрлийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжид импортын гаалийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн нь “Хүнсний хувьсгал” эрчимтэй өрнөхөд чухал түлхэц болж байгааг онцлов.

Олсон ололтоо улам бататгаж, цаашид уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, үрийн чанар, хүнсний үйлдвэрлэлийн түүхий эдийн чанар, стандарт зэрэгт онцгой анхаарах шаардлагатайг хэллээ.

Энэ хүрээнд төсөв, хөрөнгө, зээл, санхүүжилт, татвар, даатгал зэрэг эдийн засгийн хөшүүргүүдийг оновчтой, хүртээмжтэй ашиглах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжих нь чухал байгааг тэмдэглэв.

Нүүдлийн болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын ашиг шимийг бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлого, амьжиргааг сайжруулах нь “Хүнсний хувьсгал”-ын амин чухал зорилтын нэг гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Малчдын залгамж халааг бэлтгэх, малын эрүүл мэндийг хамгаалах, хоршиж ажиллах, малын үүлдэр угсааг сайжруулах, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах зэрэгт тодорхой үр дүн гаргах  хэрэгтэйг хэлэв.

Ялангуяа 2024 онд вакцинжуулалт, био-бэлдмэлийн үйлдвэрлэлд онцгой анхаарч, Монгол Улс малын өвчингүй эрүүл бүс болох зорилтод бодит ахиц дэвшил гаргах шаардлагатайг тэмдэглэв. 

Цөлжилт, шороон шуурганы эрсдэлийг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих, хүнс, хөдөө аж ахуйн кластер, цогцолборууд байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын нэгдсэн тогтолцоо, тээвэр, логистикийн сүлжээ бий болгох, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, шинэ техник, технологи нэвтрүүлэх, боловсон хүчин бэлтгэх зэрэгт төр, хувийн хэвшил хамтрахын чухлыг хэлэв.

Цаашид хүнсний гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, улмаар хүнс экспортлогч орон болохын төлөө төр, засаг, ард иргэд нэгдэн, эх оронч сэтгэлээр хамтран зүтгэхийг уриаллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,  дэмжлэгийн дүнд энэ жил 175  мянган тонн төмс, 185  мянган тонн хүнсний ногоо хураан авч, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ.

Сонгино, саримс, лууван болон өндөгний хангамж 3-12 хувар өсөж,    хүлэмжийн ногоо 27, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл зургаан хувиар нэмэгдэх төлөвтэй байна.

Энэ жил Монгол Улс түүхэндээ анх удаа хүнсний ногоо хураалтаараа түүхэн дээд амжилт тогтоожээ.

Он гарсаар хүнсний салбарт олон улсын шаардлагад нийцсэн мал төхөөрөх болон мах боловсруулах, бяслаг үйлдвэрлэх 11 үйлдвэр шинээр ашиглалтад орсон байна. Махны экспортоос 277 сая ам.долларын орлого олж, хүнсний бүтээгдэхүүний импорт 12 хувиар буурчээ.

Энэ нь нэг тэрбум гаруй ам.доллароор гадаадаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг манай улс энэ жил 120 сая орчим ам.долларыг эх орондоо үлдээх боломж бүрдүүлсэн гэсэн үг юм.