АН-ын даргын төлөө нүдэлцэх 5 хүний хэн нь хэн вэ?

АН-ын даргын төлөө нүдэлцэх 5 хүний хэн нь хэн вэ?

Ардчилсан намын даргын төлөө 5 улс төрч өрсөлдөхөөр боллоо. Хэдийгээр шинэчлэлийн төлөө залуусын төлөөлөл болсон Чимэддорж тус өрсөлдөөнд орох гэсэн ч намынх нь сонгуулийг зохион байгуулах хороо татгалзчихав. Ингээд өнөөх л улс төрд тодорхой хугацаанд чанагдсан. Намынхаа гишүүдийн дунд сайн муу, сайхан муухайгаараа нэр нь танигдчихсан 5 улс төрч өрсөлдөх нь ээ. Тэдний хэн нь хэн вэ? гэдгийг түмэн олон мэднэ. Гэхдээ товч намтарыг нь танилцуулж, нийгмээс өгөх эерэг болон сөрөг хандлагыг нь дурдах гээд үзье.

АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ

Шонхор фракцын төлөөлөл. З.Энхболд хариуцлага хүлээж байгаа ч цаагуураа өөрийнхөө хүнийг дараагийн намын даргаар суулгачих битүүхэн хор найруулж суугаа нь гарцаагүй. Үүний тод илрэл нь С.Эрдэнэ. Түүнийг ялуулахын тулд АН-ын 6-р их хурлыг угтах ажлаас л эхэлж олон ажлыг зохион байгуулсан тухай намынхан нь шивэр авир хийж байгаа. Түүний хувьд намынхаа гишүүдэд  шонхор фракцаар дамжуулан нөлөөлөх нь гарцаагүй. Гэвч олон намынх нь төлөөлөл Н.Алтанхуягын засгийн газрыг огцруулахад шууд бусаар оролцсон гэж нүд үзүүрлэж байгаа. Энэ нь түүнийг доош татах том үндэслэл болно. Үүний зэрэгцээ С.Эрдэнэ нь намынхаа зарим нөхөдтэй түнжин муутай. Тодруулбал нийтэлч Баабар. Тэрээр С.Эрдэнэ гэгч улс төрчийг тогтмол шүүмжилдэг. Энэ утгаараа түүнийг намын дарга болгохгүй байх улс төр, үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээлэл хөвөрч өгөх талтай.АН-ын дарга болохын төлөө маш их хүсч, бас хэтэрхий их тэмүүлж байгаа 2 хүний нэг нь тэр.  Түүний товч намтартай танилцана уу?

АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ

Овог: Боржигон

Овог нэр: Содномзундуйн ЭРДЭНЭ

Ам бүл: 5

Төрсөн газар:  Улаанбаатар

Яс үндэс: Халх

Боловсрол :

1981 онд Нийслэлийн  75-р дунд сургууль,

1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн команд, эрх зүйн бакалавр зэрэгтэй

1995-1997 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр

1998-2000 онд Удирдлагын  Академи, Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр, Удирдлагын Академийн хууль зүйн ухааны докторант.

2005 онд Герман улс, Нийгмийн даатгалын дээд курс

2006 онд АНУ- д Нийгмийн хамгааллын дээд курс тус тус дүүргэсэн.

2013 онд Удирдлагын Академи, Удирдахуйн ухааны доктор (Ph.D)

Ажлын туршлага:

1990 оноос Багануур дүүргийн Монгол ажилчдын зөвлөлийн МХЗЭ-н хорооны дарга

1990 нд Багануур дүүргийн Ардчилсан намын хорооны дарга

1990-1991онд Монголын Ардчилсан Намын Нийслэлийн зөвлөлд улс төрийн ажилтан

1992-1996онд “Молор-Эрдэнэ”ХХК-ийн захирал,

1996-2000онд Баянгол дүүргийн засаг дарга

2004 -2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын дарга, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн, Нийгмийн Даатгалын Улсын Ерөнхий байцаагч

2008-оноос УИХ-ын гишүүн

2012-2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

2016- оноос УИХ-ын гишүүн

2016-оноос УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга 

АН-ын даргад нэр дэвшигч Д.Эрдэнэбат

МҮДН фракцын төлөөлөл. МҮДН бол АН-ын түүхэнд хамгийн нөлөөтэй байсаар ирсэн фракц. Гэхдээ тэд дангаараа намын удирдлагад нөлөөлж байсан үгүй. Харин аль нэг фракцынхаа нөмөрт очиж байж эрх мэдлийн шан татдаг жамтай. Харин энэ удаад тэд дангаараа зүтгэж эхлэв. МҮДН фракцын хувьд хэл ам, хэрүүл тэмцэлд өртөөд байдаггүй улс төрчид байдаг онцлоготой. Тодруулбал Р.Амаржаргал, Ц.Баярсайхан нарыг нэрлэж болно. Харин энэ фракцыг доош татаж, асуудал үүсгэдэг эрхэм нь Н.Батбаяр. Д.Эрдэнэбатын хувьд муу нэр багатай. Түүнийг намынхан нь хэтэрхий хатуу хахир гэж үздэг. Нэг үгээр хэлбэл аль болох эвлэж өгдөггүй намыг удирдахад хувь хүний зан нь хэтэрхий ширүүдэж болзошгүй гэх болгоомжлол бас бий. Гэхдээ түүний давуу тал нь намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Намынхаа анхан шатны нэгжтэй ажиллаж сурсан. Мөн орон нутгийн сонгуулийн Ерөнхий менежерээр ажиллаж  110 орчим сум, дүүрэгт намаа ялуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн.

 Эцгийн нэр: Дондогдорж

Нэр: Эрдэнэбат

Төгссөн сургууль, мэргэжил:
1967 - 1977 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1977 - 1983 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль Авто-инженер, механик мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
2008 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга
2008 онд "Ноён" группын ерөнхий захирал
1983 - 1993 онд Багануурын нүүрсний уурхайд засварчин, механик, авто хүнд механизмийн хэсгийн дарга
1993 - 1999 онд "Ноён" ХХК-ий захирал
1999 - 2000 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга
2008 - 2012 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Гадаад хэл: орос
Цахим шуудан
erdenebat_d@parliament.mn 
Цахим хуудас
http://erdenebatd.parliament.mn

АН-ын даргад нэр дэвшигч Л.Гантөмөр

Ардчилсан намын залуу төлөөллийн нэг. Нэг ардчилал буюу Нэгийн А фракцын тэргүүн. Хэдийгээр фракцаа тараасан гэж шоудсан ч 200 хүн цуглуулж хандивын уулзалт хийсэн. Уг уулзалтанд тус фракцын төлөөлөл болох Б.Пүрэвдорж гишүүн ирсэн байв. Мөн гишүүн асан М.Батчимэг, Х.Тэмүүжин нар үзэгдсэн нь тэд фракцаа тараасан гэж шоудсанаас хэтэрээгүй. Үүний зэрэгцээ өнгөрсөн хугацаанд Л.Гантөмөр хамгийн их зан нь өөрчлөгдсөн улс төрч гэж намынхан нь жаахан гомдолтой байдаг. Олон анхан шатны гишүүдээ танихгүй болсон тухай чих дэлсдэг юм. Үүгээр зогсохгүй зарим хэвлэл мэдээллийнхэн их хувирч, их зан суусан улс төрчийн нэгээр Л.Гантөмөрийг тодруулаад байгаа билээ. Тэгэхээр түүнийг дагалдах сөрөг хандлага нь 10 жилийн өмнөх Л.Гантөмөр өнөөдөр их зан суусан Л.Гантөмөр болсон гэх буруутгал байх болов уу. Нөгөө талдаа мүүнчин бүсгүйг хамгаалсан гэх улс төрийн шоудалд үргэлжлэх болно. Түүнээс бусдаар түүнд ирэх сөрөг дүрслэл бага. Гэхдээ хэт их шунасан хүнд хүрд эргүүлэх эрх бүү олго гэж үг байгаа. Л.Гантөмөрийн хувьд АН-ын даргын төлөө хамгийн их улайрч, хамгийн хүчтэй давшилж байгаа 2 хүний нэг нь.

Л.Гантөмөр намтар

Төрсөн огноо: 1973

Намын харъяалал: Ардчилсан нам

Гэр бүлийн байдал:

Мэргэжил: Харилцаа холбоо, электроникийн инженер

Боловсрол эзэмшсэн байдал:

  • 1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль,
  • 1993-1996 онд Японы Сэндай Дэньфа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр,
  • 1996-1999 онд Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.

Ажлын туршлага:

  • 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал,
  • 1999-2000 онд Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
  • 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
  • 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
  • 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
  • 2012 он УИХ-ын гишүүн

Сонгуульт ажил:

  • 2010 онд Улаан загалмайн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч
  • 2010 оноос Ардчилсан залуучуудын холбооны хүндэт ерөнхийлөгч
  • 2005 оноос Жижиг, дунд үйлдвэрийн хөгжил нэгдсэн холбооны ерөнхийлөгч

Шагнал:

  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2010 онд Алтангадас одон

Гадаад хэл эзэмшсэн байдал: Орос, англи, япон

Холбоо барих хаяг: утас -263158, факс – 323158, и-мэйл: gantumur@mecs.gov.mn

АН-ын даргад нэр дэвшигч Ж.Батзандан

Иргэний хөдөлгөөний тэмцэгчээс Их хурлын гишүүн болсон эрхэмүүдийн нэг. Түүнийг улс төрчийн дүр эсгэлт сайтай гэдгийг судлаачид, хэвлэлийнхэн хамгийн түрүүнд онцолдог. Харин түүнд яг үндсэн зарчим гэж байхгүй. Үүнтэй олон хүн санал нэгдэнэ. Яг үнэт үзэл баримтлал нь юу вэ гэдгийг түүнээс олж харахад тун бэрх. Ж.Батзандангийн хувьд яг өөрөө намын дарга болохын төлөө зүтгэхээсээ өмнө хэн нэгнийг намын дарга болгохын тулд санал хуваах зорилготой байж болзошгүй гэх хардлага намынхан дунд нь байна. Нөгөө талдаа тус намын зарим лидер Ж.Батзанданг намаа шинэчлэх биш улам уруудуулчихаж мэднэ гэж болгоомжилж байгаа. Тухайлбал тус намын гишүүн Х.Тэмүүжингийн жиргээг нэрлэж болох юм.

Жалбасүрэнгийн Батзандан

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Төгссөн сургууль, мэргэжил:

1992 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн сургууль

1993 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль

1994 онд БНУУ-ын Будапешт хотын хэлний бэлтгэлийн дээд сургууль

1999 онд БНУУ-ын Мищкольцийн их сургууль Улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:

Хууль зүйн ухааны доктор

Ажилласан байдал:

1999 - 2004 онд Унгар улсын их сургуульд судлаач багш

2004 - 2006 онд Их засаг их сургуульд эрдэмтэн багш, эрдмийн зөвлөлийн гишүүн

2006 - 2008 онд Иргэний хөдөлгөөний тэргүүн

2006 - 2010 онд Иргэний хөдөлгөөний намын дарга

2010 - 2012 онд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн

2011 - 2012 онд "Эрдэнэс Таван толгой" ХКомпаний Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Гадаад хэл:

англи, орос, унгар

Цахим шуудан:

batzandan@parliament.mn

Цахим хуудас:

http://batzandan.parliament.mn

 

АН-ын даргад нэр дэвшигч Н.Алтанхуяг

АН-ын их дараалсан ялалтын гол эзэн. Гэхдээ түүнд өнгөрсөн хугацаанд намынхаа их хурлын хийгээгүй. ҮЗХ гэгчээ хэтэрхий хайрцаглах болсон. АН-ын бүх эрх мэдлийг Алтангадаст хуримтлуулсан. Мөн төрийн албыг төрлийн болгоход жин дарах болсон гэдэг шүүмжлэл юм. Хүргэн Дэнзэнгээ хажуудаа авсан нь өнөөдөр түүнийг хамгийн муухай харагдуулж байгаа билээ. Үүнээс улбаатайгаар  АТГ-д шалгуулж байгаа зэрэг нь нэр хүндийг нь доош татаж болзошгүй. Харин бусад талаараа бол тэр бусдаасаа бүх талаараа давуу. Түүний талаар танилцуулах нь илүүц биз.

Н.Алтанхуягийн намтар

Норовын Алтанхуяг

1976 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн дунд сургууль 1

981 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн. Биофизикч, физикийн багш мэргэжилтэй.

 1981-1990 онд Монгол Улсын Их Сургуульд багшилж байгаад ардчилсан хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь идэвхийлэн оролцож, 1990-1992, 1999 онд Монголын Социал Демократ намын Нарийн бичгийн дарга, 1994-1996, 1999-2000 онд тус намын намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Улмаар 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн,  Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд,1999-2000 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байв. Дараа нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, Монголын Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдон ажилласан.

Н.Алтанхуяг 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008 оноос Монголын Ардчилсан намын дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын алба хашиж ирсэн. Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, УИХ-д хамгийн олон суудалтай болсон намын тэргүүний хувьд 2012 оны наймдугаар сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажилласан. 

2006 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Орос, англи хэлтэй.

Ийнхүү дээрх 5 эрхэм 40 хоногийн хугацаанд гишүүдтэй нүүр тулан уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан өрсөлдөх юм. АН-ын даргын сонгуулийн нэг онцлог нь 5 нэр дэвшигч цу уулзалт хийж явна. Тус тусдаа уулзалт хийхгүй. Үүгээрээ онцлоготой гэж хэлж болно.