“Сэтгүүлч Батдорж” сангийн нэрэмжит уралдааны шилдгүүд тодорлоо

“Сэтгүүлч Батдорж” сангийн нэрэмжит уралдааны шилдгүүд тодорлоо

“Сэтгүүлч Батдорж” сан жил бүрийн 03-р сарын 06-нд буюу Үндэсний сэтгүүлзүйн өдөр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд эссе бичлэгийн уралдаан зарлаж, 05-р сарын 03-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагчдыг тодруулдаг уламжлал тогтсон.

Өмнөх жилүүдэд “Усны үнэ цэн”, “Цахим орчин дахь бидний араншин”, “ Эх хэл- Монгол дархлаа”, “Шинэ монголын тухай”, “Нүүх үү, үлдэх үү” гэсэн сэдвийн хүрээнд уралдааныг зарлаж байсан бол энэ жилийн буюу 11 дэх удаагийн уралдаанд “Бид” гэсэн сэдвийн хүрээнд оюутнуудын мэдлэг ур чадварыг сорьсон юм.

Өмнөх жилүүдэд тус уралдаанд сэтгүүлзүйн ангийн 2,3-р курсийн оюутнууд оролцдог байсан бол энэ жилийн уралдааныг курсийн ялгаагүй болгосноор илүү олон оюутан оролцох боломжтой болсон юм.

Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж, эхний шатанд эссе бичиж, дараагийн шатанд шалгарсан оюутнууд телевизийн сурвалжлага бэлтгэж, өрсөлдсөн байна. Уралдаанд МУИС, МУБИС, Отгонтэнгэр Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, СУИС-ийн РТМУС, Сити их сургууль зэрэг сэтгүүлзүйн мэргэжлийн сургалт явуулдаг их дээд сургуулиудын 40 бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд 10 оюутан шалгарчээ.

Ийнхүү хоёр үе шаттай зохион байгуулагдсан “Сэтгүүлч Батдорж” сангийн нэрэмжит 11 дэх удаагийн уралдаанд Хүмүүнлэгийн их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан Н.Номин, мөн Хүмүүнлэгийн их сургуулийн гуравдугаар курсийн оюутан Г.Мөнгөнзул, МУИС-ийн гуравдугаар курсийн оюутан Б.Үүрцайх, МУБИС-ийн 3-р курсийн оюутан Т.Хүслэн, СИТИ их сургуулийн гуравдугаар курсийн оюутан Э.Бямбасүрэн нар тусгай байрт шалгарсан бол Хүмүүнлэгийн их сургуулийн сэтгүүлзүйн гуравдугаар курсийн оюутан Б.Хонгорзул тэргүүн байрын эзэн болж, бүтэн жилийн сургалтын төлбөрийн эзэн боллоо.

“Сэтгүүлч Батдорж” санг 2013 онд байгуулсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой.

“Сэтгүүлч Батдорж” сан өнгөрсөн 11 жилийн хугацаанд 11 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 50 оюутанд мөнгөн урамшуулал олгож, нийт 50 сая гаруй төгрөг зарцуулаад байна.