2025 оны улсын төсвийн 1.9 их наяд төгрөгийг танах асуудлыг УИХ-аар хэрхэн хэлэлцэхээ шийдвэрлэх гэж ажлын хэсэг гарган ажиллаж байна. Энэхүү ажлын хэсэг нь дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах, нэг удаагийн дэг зохиох замаар 2025 оны төсвийн хуулийг хэлэлцэх болно.
Ерөнхийлөгчийн хориг тавьсан 2025 оны төсвийг УИХ-аар ирэх 7 хоногт хэлэлцэж таарах нь. Төсвийг анх батлахдаа тооцоо судалгаагүй, данхайсан төсөв баталсан гэдэг шүүмжлэл гарч, тэр нь сунжирсаар Ерөнхийлөгч хориг тавих хэмжээнд очсон билээ. Засгийн газар төсөв өргөн барьж, хэлэлцүүлэх боломжийг УИХ-д өгсөн. УИХ-ын гишүүд төсвийн төслийг хэлэлцэж, зардлыг танаж, анхны хэлэлцүүлэгтээ усыг нь шахаж, тосыг нь гаргах боломж байв. Гэвч тэр ажлыг УИХ хийгээгүй. Харин өнөөдөр бурууг Засгийн газар өгөх гэсэн хандлага цухалзах болов.
Цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг удаан хугацаанд тогтвортой барих нь Засгийн газрын гол бодлого. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд хөшүүрэг болж, эдийн засгийн өсөлтийг өргөж өгөх 14 мега төсөл гэж Засгийн газар үзэж буй.
14 мега төсөл дотор цоо шинэ зүйл байхгүй. Гэхдээ бид олон жил ярьж, шийдэж, шийдвэрлэж, хэрэгжүүлж чадаагүй дэд бүтцийн, эдийн засгийн ач холбогдол өндөр төслүүд байна. Энэ төсөл бүрийг 2025 онд багтааж эхлүүлж чадах юм бол 2028 он гэхэд ДНБ-ийг нэг хүнд оногдох хэмжээ 10,000 ам доллар болж өсөх боломжтой гэсэн тооцооллыг Засгийн газар гаргаад байна. Энэ зорилгодоо хүрэх гэж амбиц өндөртэй байгаа Засгийн газрын хувьд 2025 оны төсвийн төслөөс 14 мега төслийн санхүүжилтийг хасахгүй гэсэн хатуу байр суурьтай байна. Тухайлбал Сангийн сайд Б.Жавхлангаас төсвийн төслөөс юуг огт хөдөлгөж болохгүй вэ? гэсэн асуултыг тавихад: 14 мега төслийн санхүүжилтийг хасахгүй. Засгийн газар бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 14 мега төслийг бүрэн хамгаалах бодлого баримтлах болно гэсэн хариулалтыг өглөө.
Өнгөрсөн жилүүдэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг зургаа, долоон зуун жижиг төсөл нэртэй амбаарт зарцуулаад дуусчихдаг байсан. Харин 2025 оны төсөлд базаж 38 төсөл болгож буруулсан нь дэвшилт алхам. Үүнийг ч УИХ-ын гишүүд хүлээн зөвшөөрч байгаа юм билээ. Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын зөв алхам гэж сайшаах гишүүд олон.
Жил бүр алдагдалтай ажилдаг төрийн өмчит компаниудын улсын төсөвт бүрдүүлж байгаа мөнгө 200 хүрэхгүй тэрбум төгрөг. 100 орчим төрийн өмчит компани ашиггүй ажиллаж, алдагдал хүлээж, татаасаар амь зогоож байна. Өөрчлөх тухай олон жил ярьж байгаа. Одоо хийх цаг болсон. Хамгийн эхэнд төсвийн алдагдлыг бууруулахын тулд хасах ёстой зардал бол төрийн өмчит, ашиггүй аж ахуйн нэгжийг татан буулгаж, цөөлөх бодлого байх ёстой.