Ажлаас халагдсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмжийн ялгаа

Ажлаас халагдсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмжийн ялгаа

 
Хэрэв та #ажил_олгогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай #Хөдөлмөрийн_гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ, Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, гэрээнд заасан ажил, үүргийг тодорхой хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон бол Нийгмийн даатгалд албан журмаар даатгагдах учиртай. Гэвч ажилгүй болох, ажлаас халагдах гэнэтийн эрсдэл хэнд ч, хэзээ ч тохиож болох учраас “ажлаас халагдсаны тэтгэмж”, “ажилгүйдлийн тэтгэмж”-ийн талаарх ерөнхий ойлголт танд зайлшгүй байх хэрэгтэй юм.
“Ажилгүйдлийн тэтгэмж”-ийг Нийгмийн даатгалын сангаас дараах болзлыг хангасан даатгуулагчид олгодог.
🔘 Нийгмийн даатгалын шимтгэл, тэр дундаа ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн.
Ингээд шимтгэл төлсөн нийт хугацаа тань 24 сар буюу 2 жилээс 5 хүртэл жил байх тохиолдолд сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45%-иар (5-10 жил бол 50%, 10-15 жил бол 60%, 15+ жил бол 70%) “ажилгүйдлийн тэтгэмж”-ийг тогтоож, ажлын 76 өдөр буюу ойролцоогоор 3 сар гаруй хугацаанд, сард 2 удаа тооцож олгодог байна.
Дээрх шимтгэл төлж ажилласан хугацаанаас бусад тохиолдолд, жишээ нь #ажилтан өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас ажилгүй болсон, эсхүл ажлаас сайн дураар гарсан бол ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй/хасч олгоно гэсэн нөхцөл байдаггүй. Бүрдүүлэх материалын тухайд өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр, харьяа аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтэст ажилгүй болсноо бүртгүүлсэн тухай хуудас байна.
“Ажлаас халагдсаны тэтгэмж”-ийн тухайд Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогч хоорондын эрх, үүргийг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуульд дараах байдлаар хуульчилсан.
🔘 Хэрэв ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан,
🔘 Аж ахуйн, нэгж байгууллагын салбар, нэгж татан буугдсан буюу орон тоо хасагдсан
🔘 Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон
🔘 Өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн зэрэг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг хууль ёсны дагуу цуцлах нөхцөл үүссэн тохиолдолд ажилтанд хамгийн багадаа 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг ажлаас халагдах үед нь 1 удаа олгоно.
 
 
 
Эх сурвалж: Ilaw.mn