
Эхэлсэн цэг нь МАН-ын дарга хэн болов вэ? Дуусах цэг нь МАН-ын дарга хэн болох вэ?
Г.Занданшатар бол МАН-ын дарга болно гэсэн бат итгэлтэй 3 сар жирийсэн. Ерөнхий сайдын сэнтийд заларсан тэр хурдаараа эрх баригч МАН-ын дарга болчихоно гэж бат итгэсэн. Нийгэм ч ийм итгэлийг өвөртөлж байлаа. Учир нь МАН-д өрнөж ирсэн стандарт улс төр бол энэ. Тус намын өмнөх дарга нар нэг бол намын дарга болчихоод Ерөнхий сайд болж байсан. Эсвэл Ерөнхий сайдын суудалд тухалчихаад намын дарга болдог байв. Энэ хоёрыг салгаж, бас ялгаж хараад өрсөлдөж байсан өрсөлдөөн үгүй билээ.
Гэтэл Д.Амарбаясгалан гэдэг 1980-аад оны улс төрийн төлөөлөл стандарт бус улс төр өрнүүлж, УИХ-ын даргын суудлаас намын даргын тамганы төлөө мөчөөрхөв. Мөчөөрхөөд зогсохгүй өрсөлдөж, намын дарга бат гэж явсан Г.Занданшатарыг шахчихлаа.
Өнөөдөртөө бол МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ. Тэр жинхэнэ дарга хэвээрээ л байгаа. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичвэртэй, гарын үсэгний эрх мэдэлтэй, гарцаагүй ганц дарга нь Л.Оюун-Эрдэнэ.
Д.Амарбаясгалан намын бага хурал дээр олонхийн санал авсан ч одоо болтол намын дарга болж чадаагүй. Г.Занданшатар намын даргын өрсөлдөөнд бага хурал дээрээ цөөнх санал авсан ч бас бүрэн ялагдчихаагүй.
Г.Занданшатар, Д.Амарбаясгалан гэх намын даргын өрсөлдөөний хоёрдугаар шат өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах акц. Энэ акцыг өнөөдөр П.Сайнзориг гишүүн эхлүүллээ. Сунжирсан, нуршсан, тодорхой биш яриагаараа Г.Занданшатарыг огцруулна гэх үгийг л илэрхийлэв. Өөрийнхөө албан бланк дээрх огцруулах үндэслэл нь ул суурьтай эсэх дээр мэдээллийнх нь дараа олон хүн эргэлзсэн биз. Өнөөдөртөө 26-28 гишүүнээр гарын үсэг зуруулж чадсан. Одоо П.Сайнзориг гишүүний санаачилга дээр 6 гишүүн гарын үсэг зурах ёстой. Тэр 6 гишүүний эрэлд гарсан байгаа.
Г.Занданшатарыг огцруулах акц 32 гишүүний босго давж, энэ 7 хоногт Улсын Их Хурлын чуулганаар орох ёстой. Д.Амарбаясгалангийн тал шуурхайлахыг хүсэж буй. Г.Занданшатарын тал ч энэ тогтоолын төслийг өргөн бариулахыг хүсэж, өргөн барьсан нөхцөлд УИХ-ын гишүүдийн кноп тоолох ажилдаа орохоор ханцуй шамлаад байгаа сурагтай.
Г.Занданшатар, Д.Амарбаясгалан гэх хоёр хүний хооронд үүссэн энэхүү өрсөлдөөн, зөрчил нь явж явж хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх байгууллага хоёрын хооронд ан цав, асуудал бүхнийг үүсгэчихлээ.
Парламентын засаг тогтож ядсан энэ цаг үед Хууль тогтоох дээд байгууллага УИХ нь гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага Засгийн газартайгаа ийнхүү зөрчилдөж, сөргөлдөж буй нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг хэсэгт ашигтай тусаж, алга хавсарч суугаа нь харамсалтай.
Үе үеийн Ерөнхийлөгч нар сав л хийвэл ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гэсэн мсж-ийг шидэх гэж оролдог. Тэр мсж-ийг өнөөдөртөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талаас шидээгүй л байна. Гэхдээ энэ тэнд, явган яриан дунд УИХ болон Засгийн газрын зөрчил нь явж явж манай засаглал болохгүй байгаа биз. Бид Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол ийм юм болохгүй байсан гэх үгийг дайж суугаа.
Яригдаж яригдаж мартагдсан нэг сэдвийг удахгүй хөндөх эхлэл нь Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын хэрүүл болж байхыг ч үгүйсгэх аргагүй. Учир нь Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс биш парламентаас сонгодог болох тухай ярианы шалтаг, шалтгаан нь өнөөдрийн тэмцэл болж хувирна.
Энэ хэрүүл даамжирч, асуудал ундрах тусам олон нийт Ерөнхийлөгчийг хүсэмжилж, асуудлыг зохицуулах чиглэлд явна. Ялсан баатарын дүрээр Ерөнхийлөгч орж ирэн энэ хоёр эрхмийг хэрүүлийг зогсоож, хэн нь МАН-ын дарга биш болох цаг ауйсуй.
Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын зодооны цаана намын даргаараа үлдэх нь Л.Оюун-Эрдэнэ боловч олон нийтийн дэмжлэг, алга ташилтыг хүртэх нь У.Хүрэлсүх болох нь хэдхэн хоногийн дараах улс төрийн хариулалт байх биз.