Амаргүй улстөрч Д.Амарбаясгалан

Амаргүй улстөрч Д.Амарбаясгалан

Амаргүй улстөрч Д.Амарбаясгалан
Д.Амарбаясгаланг улстөрийн тогоонд нэг л өдөр, гэв гэнэтхэн хаалга татаад ороод ирчихсэн гэж хүмүүс боддог. Зарим нь бүр даргын цүнх баригч нарын нэг ч гэх нь бий. Гэхдээ Говь-Алтайд төрж, өссөн энэ нөхөрт тэгж бусад шиг дээрээ татуулах кран байгаагүй гэдгийг МАН-ынхан бүгд хэлнэ.
Ер нь намаар дамжин улстөрд орж ирсэн хүмүүсийг дотор нь хоёр үндсэн хэсэгт л хуваана. Эхний хэсэг нь дээр бичсэнчлэн даргын цүнхийг барьсаар нэг л өдөр крандуулан өгсдөг хүмүүс. Харин хоёр дахь, өөрийн чадвараар шат бүрийг алгасалгүй аажуу өгссөөр гарч ирсэн бүлэг.
Д.Амарбаясгалангийн хувьд яах аргагүй хоёр дахь хэсэгт хамаарна. Хамгийн гол нь, түүнд эзэмшсэн өндөр боловсрол, түүндээ эзэн болох шаггүй дайчин чанар бий. Тэрбээр Говь-Алтайд дунд сургуулиа төгсөж, дараа нь ШУТИС-д цахилгааны инженер, мэдээлэл хэмжил электроникийн инженер мэргэжил эзэмшсэн ба улмаар МУИС-ийг Улстөр судлаачаар төгссөн. Дараа нь АНУ-ын Жорж Тауны Их сургуульд зэрэг ахиулсан. Одоо ч тэрбээр эрдмийн ажлаа орхиогүй байгаа.
Гэхдээ Д.Амарбаясгалан нийслэлийн ИТХ-д хоёр ч удаа сонгогдсон гэхээр олон нийт түүнийг хэрхэн дүгнэснийг харж эндээс харж болохоор. Ер нь улстөрийн карьер ахихад хэлсэн амандаа хүрдэг байх гэсэн бичигдээгүй хууль байдаг. Нөгөө талаар тэрбээр 95 жилийн түүхтэй, лидерүүдийн илүүдэлд орсон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж чадсан. Улстөрийн удаан жилийн туршлагатай МАН-ын удирдлагууд 35-хан настай залууд генсекийн албыг өгсөн нь санамсаргүй тохиолдол биш. Ерөөс түүний чадварт итгэснийх байх.
Гэхдээ Д.Амарбаясгалан дан ганц МАН-д зориулж улстөр хийсэнгүй. АН засаг барьж байх үед тэрбээр хотын дарга Э.Бат-Үүлтэй үзэн тарж, тендерийг үр ашиггүй үрэн таран хийснийг нь зоригтой шүүмжилдэг байсан. Тиймдээ ч НИТХ доторх АН-ын бүлгийнхэнд ад шоо үзэгдэж байсан гэдэг. Тэрбээр “Улаанбаатарын төв цэгээс хэмжвэл 30 км-ийн радиуст багтах хот. Гэтэл төв цэгээс ердөө гурван км дотор л хотыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж байгаа нь буруу. Үлдсэн хэсэг нь яах юм бэ, хотын хөдөө гэгдсэн хэвээр үлдэх юм уу. Бат-Үүл дарга 2012 онд хотын гэр хорооллын айл өрхүүд хананаасаа халуу усаа авдаг, төвлөрсөн дулаанд холбогдсон хаустай болно гэж байсан. Хэрвээ энэ амлалт биелбэл би Бат-Үүл даргыг хоёр гараа өргөн дэмжинэ. Харин одоо хотын төвд олон тэрбумаар цэцэг суулгаж байхад захаар амьдардаг хүмүүс өлсөж, талхаа хувааж авсаар байгаа нь хэтэрхий шударга биш. Рэйлбус байна. Хэчнээн олон тэрбумын зарлагатай эд билээ. Гэтэл хоосон л явсаар байгаа. 12 цэцэрлэг барих мөнгөөр хогийн уут хийж тараасан. Үүнийг шударга ёс гэх үү” гэж ярьж байсныг санаж байна.
Үүнээс гадна тэрбээр, 2015 онд хотын татварыг маш олон төрлөөр нэмэх байсныг бараг ганцаараа эсэргүүцэж байсан ба иргэдийн худалдан авах чадвар өдөр ирэх бүрт доройтож байхад ийм байдлаар дарамт үүсгэж болохгүй гэж байсан юм.
Ингээд харахад тэр бол амаргүй улстөрч. Одоо ч дотоод зөрчил нь хурцдаад байгаа МАН-д хамгийн хүнд албыг нь хашиж байгаа түүнийг сөрөг хүчнийхэн ч ингэж үнэлдэг юм билээ.