Эрх мэдлийн донгоос болж Засгийн газрыг огцруулах уу

Эрх мэдлийн донгоос болж Засгийн газрыг огцруулах уу

Сонгууль дөхөхөөр монголчууд аливаа ажлыг таг зогсоодог зуршилтай. Яагаад гэвэл аль нэг нам ялалт байгуулж, олонх болж гэмээнэ өмнөх засгийнхаа хийсэн бүгдийг үгүйсгэж, бүхнийг шинээр эхлүүлдэг. Тиймээс хэн нь гарч ажил самрахыг хэлж мэдэхгүй тул харзнаж, хүлээсээр сонгуулийн хугацааг дуусгадаг.

Яг үүн шиг зогсолт өдгөө Монголын нийгэмд үүсэх маягтай болчихлоо. Энэ нь мэдээж өнөөгийн засгийг унагаахаар оролдож буй улстөрчдийн талцал, хуваагдал, албан тушаалын хэнээрхэлтэй холбоотой. Уг нь өдийд монголчууд хадлан, ургац, дулаалга халаалт, өвөлжөө бууц гээд намрын нөр их ажилд зүтгээд, өөрийг бодох сөхөөгүй байдаг. Дээр нь өнөө, маргаашгүй хичээл эхлэх гэж байдаг. Бас ирэх өвлийн зудны айдас одоо ч мэдрэгдэж байгаа.

Гэтэл МАН доторх фракцууд эдгээр амин чухал ажлын эрчийг саартал улстөрийн хэрүүл үүсгэж, овоо тогтвортой ажиллаж буй Засгийн газрыг хүртэл ганхаахыг оролдох боллоо. Одоо энэ хэрүүл яаж өндөрлөхөөс шалтгаалж олон асуудлын шийдийг гаргана ч гэх шиг. Манай эдийн засагт онцгой гойд нөлөө үзүүлэхүйц хөрөнгө оруулалтын гэрээ, ордуудын ашиглалт, геополитикийн чухал хэлэлцээрүүд ч энэ улстөржилтөд дарагдан, нам гүм болж байна.

Энэ бүхнийг дагаад нийгэмд нэгэн болгоомжлол, хүлээлт үүсэв. Хүмүүс өнөөгийн улстөрийн нөхцөлийг 2012-2016 онд АН-ын засаг барьж байсан жилүүдтэй адилтгах болжээ. Тэр жилүүдэд АН дотооддоо чухам л дайн байлдаанд хүрч, хатуу ширүүн тэмцэл өрнүүлж байлаа. Үр дүнд нь УИХ-аас олигтой бодлого тодорхойлогдсонгүй, Засгийн газраа ч унагаж, эцэстээ Монгол Улсад төр бий, эсэхийг ярих дээр тулсан. Тэгвэл тэр их хуваагдал, тэмцэл ердөө л албан тушаалын аль дээрийг өөртөө авах хүсэл, шуналаас үүссэн билээ.

Харин одоо МАН дотор өөрсдийн ээлжийг хүлээж тэвчээгүй бүлэг яг ийм нөхцөлийг эхлэлийг тавихаар улайрч байна. Уг нь энэ намын хариуцлага, эв нэгдэл, бат бөх суурь, түүхэн гавьяа, улстөрийн амбицыг нэг том цултай зүйрлэдэг. Харамсалтай өнөөдөр МАН-ын нэр бүхий гишүүд өөрсдийн байгуулсан ялалт, бүрдүүлсэн Засгийн газраа унагаахаар зүтгэлэх нь АН-ын алдаатай усны дусал мэт ижил харагдах аж.

Тэд өөрсдөө энэ үйлдлээ шинэчлэлийн салхи, эх орны тусын тулд гэх зэрэг сайхан үгсээр тайлбарлаж байгаа ч яг одоо Монгол Улсад Засгийн газрыг солих шаардлага бий гэж ямар ч эдийн засагч, туршлагатай улстөрчид хэлэхгүй байна.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Ерөнхий сайд Ж.Эрдэнбатыг оруулаад сайд нарыг харлуулах зохион байгуулалттай үйл ажиллагааг эхлүүлсэн нь хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо орох гээд хэт яарч байна гэсэн хардлагыг улам баталсан. Монголын улс төрд өнгөрсөн 20 жилийн хугацаанд хуримтлуулсан гашуун туршалага бол ашиг сонирхлын үүднээс Засгийн газраа огцруулж, өмнөхөөсөө дордуулж байсан асуудал гэдгийг улстөрчид,  азаар улстөрч гэх нэрийг зүүсэн хүмүүс яс махандаа шингэтэл ойлгох хэрэгтэй гэж Засгийн газрыг тэргүүлж явсан хүний хувьд хэлмээр байна” гэж хэлжээ.

Гэтэл У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс өнөөгийн МАН-ыг МАН биш гэх нь холгүй ярих нь харамсалтай. Засгийн газрыг тэд унагаж чадлаа ч дараагийнхыг нь илүү дээрдүүлнэ гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Гэхдээ тэд аль хэдийнэ өөрсдийн Засгийн газрыг байгуулаад, сайд нараа томилчихсон байна билээ. Гол нь өмнөх засгийн үед салбараа доройтуулж, төсвийн мөнгийг хувьдаа завшсан гэгдээд буй этгээд, улстөрийн менежмент, салбарыг удирдах талаар түй ч ойлголтгүй бөхчүүд, эсвэл зүгээр мөнгө ихтэй нөхдүүд сайдын суудалд цохогдчихсон байсан.

Ингээд харахад Засгийн газрыг огцруулах операци нь мөнөөх хэлээд байсан шиг нь эх орны тусын тулд бус ердөө албан тушаалын марафон байжээ.