М.Энхболдыг хэн огцруулах вэ?

М.Энхболдыг хэн огцруулах вэ?

УИХ-ын ээлжит чуулган өчигдөр нээгдсэн. 12 минут үргэлжилсэн чуулганы хуралдааны төгсгөл хэсгийг хууль зөрчсөн эс зөрчсөн гэх маргаан улс төрийн хүрээнд өрнөж эхэллээ. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх гол асуудал нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг шийдэх байв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож, гишүүдээр хэлэлцүүлэх нь дэгийн тухай хуулийн зохицуулалт. Энэ дагуу ээлжит бус чуулганы хуралдаан эхэлж, УИХ-ын дарга М.Энхболд нээж үг хэлсэн. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Тогтохсүрэн танилцуулав. Ингээд Ерөнхий сайд үг хэлсний дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гаргасан саналын дагуу завсарлага хүссэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын бүлгийн даргын хүссэн завсарлагыг шууд өгөв. Хэн нэгнээс тайлбар хүлээн аваагүй. Мөн сөрөг намын бодлыг ч сонссонгүй. Энэ нь үндсэн хууль зөрчсөн гэх маргааны гол сэдэв болсон юм.

УИХ-ын дэгийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг хоёр тал өөрт ашигтай хэлбэрээр тайлбарлаж байна. УИХ-ын дэгийн тухай хууль дээр Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн барьснаас хойш 7 хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор чуулганаар асуудлыг хэлэлцэх дэгтэй. Энэ хуулийн зохицуулалт дууссан.

УИХ-ын дэгийн тухай хуулиар завсарлага нь хугацаагүй өгөх тохиолдол тун ховор. Харин энэ удаад УИХ-ын дарга тусгай хяналтын дэд хороо хуралдаж шийдвэрээ гаргах хүртэл МАН-ын бүлэгт завсарлага өгчхөв. Тусгай хяналтын дэд хороо хуралдахгүй хэдэн ч сар байсан болно. Ийм л нөхцлийг УИХ-ын дарга бүрдүүлчихсэн учраас Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах талынхан гомдолтой байна.

УИХ-ын тухай хуулийн 10-р зүйлд УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх тухай 5 үндэслэл байдаг. Үүнд нас барсан, өөр ажилд шилжих болж өөрөө өргөдөл гаргасан, хүндээр өвчилсөн, Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял авсан. Эдгээр үндэслэлийн нэгээр нь М.Энхболдыг огцруулах ажлыг МАН-ынхан өрнүүлж болзошгүй байна. Энэ нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчсөн, үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл байж болзошгүй.

УИХ-ын тухай хуулинд ээлжит бус чуулганаар УИХ-ын даргын захирамжид заасан асуудал болон түүнтэй холбогдох зүйлсийг хэлэлцэнэ гэж тусгажээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах үндэслэлд тагнаж чагнасан гэх тайлбар байхгүй. Гэхдээ шууд би утгаараа Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлд хамаарах асуудал учраас Тусгай хяналтын дэд хороогоор уг асуудлыг хэлэлцүүлэх нь туйлын зөв гэж ажлын алба үзсэн гэдэг тайлбарыг УИХ-ын даргын талынхан өгөх болжээ.

Ямартай ч МАН-ын 65 гишүүнтэй том бүлгийн сөрөг гэгдэх болсон 30 гишүүний төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах үндэслэлийг хайж эхлээд байна. Үүнд хамгийн их ташуур өгөх хүн нь Ц.Нямдорж. Түүний хувьд 2016 оны сонгуулийн дараачаас  эхлэн мөрөөдөж байгаа ганц суудал нь УИХ-ын дарга болох. Өмнө нь уг албан тушаалд очиж орондоо хууль зассан гэх үндэслэлээр огцорч байсан түүний хувьд өөр шигээ үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас түлхээд унагаачих санааг өвөрлөж байгаа нь гарцаагүй ээ. Мөн бүлгийн даргын суудлыг ч эсэргүү 30 өөртөө авахаар зүтгэж эхлээд байна. Уг албан тушаалд Г.Занданшатар өрсөлдөх бодолтой мэдээлэл гараад эхэллээ.