Дахиад алдах эрх МАН-д байхгүй

Дахиад алдах эрх МАН-д байхгүй

МАН-ын дараагийн засгийн газарт хэн хэн багтах вэ? Ямар засгийн газар байгуулагдаж яаж ажиллах вэ? энэ асуултыг хүн бүр сонирхож байна. Гол нь МАН-ын бага хурал шийднэ.

2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан Ж.Эрдэнэбатын засгийн газрын алдааг өнөөдөр энд ярих нь илүүц. Гэхдээ тэднээс суралцах, алдааг нь давтахгүй байх нь МАН-ын дараагийн Засгийн газрын гол хариуцлага нь байх ёстой.

Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулах хэд хэдэн шалтгааны нэг нь эргэж буцсан шийдвэр. Засгийн газар дээр нэг шийдвэр гаргана. Түүнийгээ УИХ-д өргөн барина. Удахгүй дахиад л өөр шийдвэр гаргана. Өмнөхөө цуцална. Энэ зарчмаар эргэж буцсан олон шийдвэрийг Ж.Эрдэнэбатын засгийн газар гаргасан. Түүнд нь олон нийт асар их дургүйцсэн. Үүний нотолгоо нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн.

Мордохын хазгай гэж нэг үг байдаг. Яг энэ үгийн эзэн нь Ж.Эрдэнэбат болж хувирав. Түүний хувьд Мэргэжлийн засгийн газар байгуулна гэсэн МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн малгай дор Засгийн газраа бүрдүүлсэн. Яг үнэндээ мэргэжлийн засгийн газар байгуулагдаж чадаагүй. Харин мэдлэг боловсрол нимгэн, танил талын сүлжээнд тулгуурласан, УИХ-ын гишүүдийн шахаас бүхий Засгийн газар ажиллаж эхэлсэн билээ. Арга ядахдаа л Мэргэжлийн засгийн газар биш, Уяачдын засгийн газар. Мэргэжлийн засгийн газар биш төрөл садны засгийн газар гэсэн нэр хочыг зүүж байхав дээ.

Өнөөдөр үүрэг гүйцэтгэгч болчхоод байгаа 16 сайдын хэд нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, хэд нь салбараа зөв удирдаад аваад явж байгаа билээ. Үүнд л асуудлын гол мөн чанар оршиж байна.

Ж.Эрдэнэбат: Ерөнхий сайдын хувьд өнгөрсөн хугацаанд ажлаа чамгүй нугалсан. Гэхдээ түүний ганц алдаа нь манлайлагч байж чадсангүй. Тэр өөрөө удирдагч биш гүйцэтгэгч хэлбэрээр Засгийн газраа толгойлж ирлээ. Хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд байж чадаагүй нь түүний алдаа.

Ж.Мөнхбат: ЗГХЭГ-ын дарга. Мэргэжлийн засгийн газрын алдаа дутагдал, эргэж буцсан шийдвэр зэргийг нэг буруутан нь яах аргагүй Ж.Мөнхбат. Түүний хувьд засгийн газрын томилгоон дээрээс эхлээд л алдаа гаргасан. 2016 оны Сонгуулийн өмнө Намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан. Харин Засгийн газарт хэрэг эрхлэх газрын дарга болсон зэрэгтээ ирдэж Засгийн газрын бүхий л томилгоонд хошуу дүрсэн. Үүнийх нь гор өнөөдөр шүүмжлэлээр дуусч байна.

Шадар сайд У.Хүрэлсүх: Ажлаа хийсэн шиг хийж, албан тушаалтан бүртэй хариуцлага ярьж, үлгэрлэж ажиллаж чадсан. Гагцхүү түүний алдаа нь өмнөх ажлаа сайн хийхийн хажуугаа маргаашийн албан тушаалд хэт шунасан нь Засгийн газрыг муухай харагдуулах гол алхам болчхов. У.Хүрэлсүх 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхээс өмнө л намын дарга болно гэсэн том мөрөөдөлтэй явсан. Тэр энэхүү мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрийнхөө ажиллаж байгаа Засгийн газрыг уландаа гишгэх ёс суртахуунтай байв. Гэтэл тэр тийм их золиос гаргасан ч хүссэндээ хүрч үл чадав бололтой.

Мэргэжлийн засгийн газарт сайн ажилласан сайд нар олон. Харин саар ажилласан сайд нар ч чамгүй их. Тухайлбал Зам тээврийн сайд болон дэд сайд нарын хувьд санаачлагатай, тэмүүлэлтэй ажиллаж байв Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн хувьд хамгийн хойрго нэгэн байлаа. Тэр яг үнэндээ жил гаруйн хугацаанд салбартаа гялтайх ажил хийж харагдсангүй. Түүнийг МАН заавал албан тушаалаар шагнах ямар шалтгаан байна вэ?

Ажил хийх  гэж оролдсон ч амжилттай болж чадаагүй, хэл ам, хэрүүл тэмцлийн бай болсон сайд бол А.Цогцэцэг. Түүний хувьд салбартаа зөвшөөрөгдөх ажил хийх гэж зүтгэсэн. Зүтгэхийн хажуугаар эрх ашгаа хамгаалах гэж ажилласан. Энэ хоёр нь зөрчилдсөн учраас муу ажиллаж байгаа сайд нарын нэг болсон нь гарцаагүй.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Мөнхбаяр бас л ажил хийж харагдсангүй. Бүтээн байгуулалт өрнөсөн өнгөрсөн 4 жилтэй харьцуулахад барилга хот байгуулалтын сайд юу ч хийгээгүй жил гаруй хугацааг өнгөрүүллээ.

Эргэж буцсан элдэв хэл ам таталсан сайд бол яах аргагүй Б.Чойжилсүрэн. Сангийн сайдын хувьд Мэргэжлийн засгийн газрыг хамгийн муухай харагдуулсан. Түүний хувьд сайд болоод л өмнөх засгаа муулсан. Хамаагүй мэдээлэл тарааж, хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Долларын ханшыг өсгөхөд түүний хариуцлагагүй мэдэгдэл нөлөөлсөн.

Энэ мэтээр ажил хийдэггүй, гэхдээ заавал албан тушаал авах ёстой мэд аашлах улс төрчдөөс засгийн газар дөлөх. Харин салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн сайд нарыг томилох нь дараагийн МАН-ын засгийн газрын гол мөн чанар юм.

Алдах эрхгүй Ардын нам дараагийн засгийн газраа хэнээр толгойлуулахаа хараахан шийдээгүй байна. энэ сарын 25-нд болох бага хурлаараа шийдэх учиртай. Нийгмийн сүлжээнд ардын намын 2-р ээлжийнхэн хоолондоо орох нь гэдэг шүүмжлэл яваа. Тийм биш гэдэгт хариулалт өгч чадах эсэхийг бид харна.

 Нөгөө талдаа давхар дээлний асуудал ч дараагийн засгийн газарт яригдах нь гарцаагүй. Давхар дээлийг эсэргүүцэж, гудамжинд нөмгөн дээл өмсч жагсаал хийж байсан Ж.Мөнхбат л гэхэд гишүүн, хэрэг эрхлэх газрын дарга гэсэн давхар дээл өмссөн. Иймээс МАН амлалтаа мартаагүй байгаа бол энэ удаагийн засгийн газартаа давхар дээлтэй сайд нарыг оруулахгүй байх ёстой.