Үндсэн хууль ба хуульчдын байр суурь

Үндсэн хууль ба хуульчдын байр суурь

НУТГИЙН УДИРДЛАГЫН АСУУДЛЫГ ОРВОНГООР НЬ ӨӨРЧЛӨХ ГЭЖ БАЙНА

УИХ энэ хаврын чуулган эс багтавч ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь тодорхой болсон. Одоогоор УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар  гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ард түмний саналыг сонсохоор тус тусын тойрогт ажиллаж буй.

Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг парламентаар хэлэлцэж буйтай холбогдуулан хуульчид нэгдэж ажиллахаар болсон. Тэд хуулийн төслийн хүрээнд байр суурь, санал шүүмжлэлээ илэрхийлж, нэгдэж ажиллахаа мэдэгдсэн.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийсэн анхны уулзалтын үеэр тэдний байр суурийг сонирхсон юм.

ХУУЛЬЧ Ж.СҮХБААТАР: НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГААР ОРОЛДОХ ХЭРЭГГҮЙ

Нутгийн удирдлагын асуудлыг үндсэн хуулийн өөрчлөлтөөр орвонгоор нь өөрчлөх гэж байна. Энэ төслөөр баг, хорооны иргэдийн нийтийн хурал нь хуульд заасан чиг үүргийг гүйцэтгэдэг байгууллага болох гээд байгаа юм. Гэтэл иргэдийн нийтийн хурал гэдэг нутгийн өөрөө удирдах байгууллага. Тиймээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн асуудлыг оролдохгүй байсан нь дээр.

ХУУЛЬЧ Б.ГҮНБИЛЭГ: ЗГ-ЫН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮНЭЭ ЕРӨНХИЙ САЙД ӨӨРӨӨ ШИЙДЭХ НЬ ЭРСДЭЛТЭЙ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд анхаарах нэг зүйл бий. Тодруулбал, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ Ерөнхий сайд өөрөө аваад орох нь эрсдэлтэй. Ерөнхий сайдаар уул уурхай, зам барилгын компанийн төлөөлөл ороод ирсэн байхад танхимынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг өөртөө ашигтайгаар бүрдүүлж магадгүй. Үндсэн хуулийн эдийн засаг, эрхэд суурилсан эдийн засаг гэдэг ойлголт бий.

ХУУЛЬЧ Б.ЭНХБАЯР: ЕРӨНХИЙ САЙДАД ДЭВШҮҮЛЭХ ЭРХИЙГ 19 ГИШҮҮНД ӨГЧ БОЛОХГҮЙ

-Ерөнхий сайдыг огцруулахдаа хүрвэл дараагийн Ерөнхий сайдын нэрийг хамт өргөн мэдүүлдэг байх зарчим зөв байх. Гэхдээ Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхийг 19 гишүүнд өгч болохгүй. Өөрөөр хэлбэл, парламентын 76 гишүүний дөрөвний нэг нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхийг эдэлнэ гэсэн үг. Хэрэв ингэвэл УИХ-д хамгийн олон суудал авсан нам Ерөнхий сайдад хүнээ дэвшүүлдэг Үндсэн хуулийн өнөөгийн концепци алдагдана.

ХУУЛЬЧ О.МӨНХСАЙХАН: ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ ОРНУУДАД БАЙДАГ ШИГ ЭРХ МЭДЛИЙГ ЗГ-Т ӨГӨХ ГЭЖ ОРОЛДЛОО

-Нийгэм, эдийн засгийн асуудлаа шийдэж чаддаг төр буюу Засгийн газраа тогтвортой болгоё гэж байна. Энэ хүрээнд Монгол шиг парламентын тогтолцоотой оронд байдаг эрх мэдлийг Засгийн газартаа өгье. Үүний тулд Ерөнхий сайдыг амархан огцруулдаг байдлыг өөрчилье гэсэн. Ерөнхийлөгчийн насыг 55-аар тогтоож, хугацааг нь зургаан жилээр нэг удаа болгож байгаа нь парламентын засаглалтай оронд байдаг шиг Ерөнхийлөгч рүү ойртуулах гэсэн оролдлого болсон.

ХУУЛЬЧ Х.ТЭМҮҮЖИН: ЖАМ ЁСНЫ ЭРХ, ҮҮСМЭЛ ЭРХИЙН ОЙЛГОЛТОО ЦЭГЦЭЛЖ АВАХ ХЭРЭГТЭЙ

-Монгол Улсад Үндсэн хуулийн эдийн засаг гэдэг ойлголт бараг байхгүй. Тиймээс хувийн өмчтэй ижил төрийн өмч гэдэг ойлголт бий болчихсон. Гэтэл төрийн өмчийн ард нэг албан тушаалтан хувийн эрх ашгаа хангуулаад сууж байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийнхаа хүрээнд хувийн өмч, нийтийн өмч хоёрын аль нь илүү ач холбогдолтой гэдгээ цэгцлэх ёстой. Хоёрдугаарт, төр нийтийн өмч дээр түшиглэн эргээд хүмүүст үйлчлэх ёстой. Тэгэхээр татвараа төлж, эрхээ шилжүүлсэн иргэдийн жам ёсны эрхийг үгүйсгэгч нь төрийн өмч байж болохгүй. Тиймээс Үндсэн хуулийн хүрээнд аль нь жам ёсны эрх, аль нь үүсмэл эрх вэ гэдгээ цэгцэлж авах хэрэгтэй.

Б.Энхжаргал

"Засгийн газрын мэдээ” сонин