У.Хүрэлсүхийн санааг Х.Баттулга гүйцэлдүүллээ  

Asuudal.mn
2019-07-16 13:45:49

У.Хүрэлсүхийн санааг Х.Баттулга гүйцэлдүүллээ  

Эрх баригч МАН-ын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг түргэвчлэх, уг өөрчлөлтийг хийхээр зүтгэж эхэлсэн билээ. Үүний цаана мэдээж хэрэг 2020 оны сонгуулийн үр дүнг хэрхэн шийдэх, ямар хэлбэрээр сонгуулийг явуулах гэх мэт нүүдэл нь давхар өрнөж байгаа.

МАН-ын хувьд аль ч хуулийг дур мэдэн, олонхийн хүчээр түрэн баталж болох ч эргээд ирэх нийгмийн эсэргүүцлийг бас тооцож үзэх нь дамжиггүй юм. Тэр дундаа тэрхүү эсэргүүцэл нь 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар илэрч мэднэ. Тус намын хувьд ямар ч хамаагүй байдлаар 2020 оны Сонгуульд ялалт байгуулахыг зорьж байгаа. Учир нь тус намын түүхт 100 жилийн ой 2021 онд тохиох билээ. Уг ойгоороо гудамжинд лааз хөшиглөж суухгүйн тулд тус нам 2020 оны сонгуульд ялалт байгуулах нь туйлын чухал байна. Иймийн учир Үндсэн хуулийн өөрчлөлт, цаашлаад Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг өөрсдийн ашигтай талд шийдэх гарц, гаргалгааг эрэлхийлсээр байна.

У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын хувьд дараагийн нүүдлээ Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаар дамжуулан хийж эхэллээ. Энэ нь нэн тэргүүнд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх юм. Ингэсэн нөхцөлд орон нутгаас авах санал тус намд нэмэгдэж, мөн ялах магадлал нь өснө хэмээн тооцож суугаа. Үүнийгээ өөрсдөө өргөн барьж, үндсэн хууль болон сонгуулийн хуульд оруулж болохгүй. Тийм санал гаргасан нөхцөлд эрх баригч намд хасах оноо болно хэмээн тооцжээ. Харин уг санал, хүсэлтээ өөр гуравдагч этгээдээр дамжуулан оруулж ирэх нь тус намд, тэр дундаа У.Хүрэлсүхэд ашигтай. Энэхүү нүүдлээ тэрээр хүн бүр баярлан цэнгэж, хөдөө явж, халуун чулуу атгаж байх хооронд хийж амжлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн хэлэлцүүлэгт өөрийн саналаа оруулсан гэх мэдээлэл өнөөдөр өглөөнөөс гарч эхлэв. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд дараах санал гаргажээ. Үүнд:

Нэгдүгээрт: УИХ-ын гишүүдийн тоог 108 болгон нэмэгдүүлэх

Хоёрдугаарт: Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах

Гуравдугаарт: УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хугацааг 5 жил болгон сунгах

Дөрөвдүгээрт Улс төрийн нам байгуулах босгыг 801 хүн бус 10,000 хүн болгон нэмэгдүүлэх

Тавдугаарт: Улс төрийн намууд өөрийн хөрөнгөтэй байхыг хориглох гэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн дээрх 5 саналын хувьд хамгийн гол нь гишүүдийн тоог нэмэгдүүлэх юм. Харин үлдсэн 4 санал бол зүгээр л гуяа дагуулж хүзүү гэгчээр өргөн барьсан болж таарч байна. Нэг үгээр хэлбэл УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн 5 саналаас нэг эсвэл хоёрыг нь зөвшөөрч, үлдсэн саналыг нь хүлээн авахаас татгалзахад болох тоглоомыг сэджээ.

Мэдээж хэрэг ийм тохиролцоог хөшигний цаана Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар сэм шийдсэн байх магадлалтай. Ийм ч учраас чимээгүй байсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд гэнэт л ийм санал өргөн барих учиргүй юм. Хөшигний цаана ямар нэгэн яриа хэлэлцээр болсон учраас л ийм санал орж ирэв.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн гэх 5 саналаас хамгийн чухал нь УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох гэдэг юм. Одоо бол 76 гишүүн байгаа. Энэ тоог нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй бий болсон.

Тухайлбал Орон нутаг газар нутгийн хувьд том. Түүнийг төлөөлөх УИХ-ын гишүүн нь хэт цөөхөн байна хэмээн үздэг судлаач нар байдаг. Мөн хөдөө орон нутгийн иргэд ч энэ тухай гомдол мэдүүлдэг билээ. Тухайлбал аймаг нь бүхэлдээ ганц мандаттай. Ийм нөхцөлд тус аймгийн иргэдийн хувьд санал, хүсэлт, хөрөнгө оруулалтаа бүрэн тусгаж чадахгүй байх тохиолдол бий. Нөгөө талаас нь харахаар тус аймагт хүн ам цөөхөн байдаг. Гэтэл газар нутаг нь бага ч хүн ам нь их гэх гомдлыг Улаанбаатар хотын төлөөлөл тавьдаг. Энэ хоёр зөрчлийг арилгах нэг арга нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх юм.

Улс төр судлаачдын тайлбарлаж байгаагаар бол Монгол улсын хүн ам болон газар нутгийн байдлыг харгалзан үзээд 30,000 хүнийг нэг УИХ-ын гишүүн төлөөлөх боломжтой гэж үздэг. Энэ ч үзэл баримтлалын дагуу 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа 76 гэж оруулсан хэмээн тайлбарлаж байна. Хэрэв энэ жишгээр авч үзэх юм бол өнөөдрийн хувьд Монгол Улсын Их Хурал нь 103 гишүүнтэй байх ёстой юм.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлсэн нөхцөлд Монгол улс жижиг мажиратор тогтолцооноос салах боломжтой. Харин ч дэвшилтэт хэмээх холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулах боломж бүрдэх юм. Учир нь иргэдийн саналаар нэг хэсэг нь сонгогдож байхад намын жагсаалтаар цөөхөн хэсэг нь сонгогдох боломж бүрдэх юм.

Нөгөө талаас нь авч үзэх юм бол өнөөдөр УИХ-ын үйл ажиллагаа доголдох, нэг гишүүн хэт их мэдэмхийрэх хандлага бий болсон. Учир шалтгаан нь өнөөх л 76 гишүүн байнгын хороодод хуваагдахаар нэг хүн 3-4 байнгын хорооны гишүүн болдог. Уг нь байнгын хороо гэдэг мэргэшсэн, уг салбарынхаа талаарх өргөн мэдлэгтэй хүн ажиллах ёстой. Гэтэл үүнийг хангаж чадахгүй байгаа. Хэрэв УИХ-ын гишүүдийн тоо 103 за эсвэл 108 болсон нөхцөлд мэргэшсэн байнгын хорооны гишүүд бий болж, хууль батлах үйл явц илүү мэргэжлийн болох хандлагатай юм. Мөн нэг байнгын хорооны хуралд 3 гишүүн суудаг гажуудал засагдана. Зэрэг болсон байнгын хорооны хуралд нэгд нь суугаад нөгөөд нь бүртгүүлсэн алдаа дутагдал засагдах юм.

Энэ мэт ач холбогдлыг нь бодох юм бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн судлаачдын үгийг зөвөөр хүлээн авч шийдвэрлэх нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн мэдэл болж байна. Харин Ерөнхийлөгчийн хувьд эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хүсэлтийг гүйцэлдүүлж буй мэт боловч нөгөө талдаа улс орны ирээдүйд зүйтэй шийдэл байж болох юм.

Б.Ууганбаяр

Сэтгэгдэл