У.Хүрэлсүхийн шанаадалт засгийн газрыг онхолдуулж магадгүй

У.Хүрэлсүхийн шанаадалт засгийн газрыг онхолдуулж магадгүй

Дараагийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэмээн бор шувуу улс төрийн хүрээнд нисч эхэллээ. Ийм нисэлт зүгээр нэг гарчхаагүй нь ойлгомжтой. Нэг бол санаатай цаасан малгай. Эсвэл үнэн байх магадлал бий болсон учраас ийм яриа явж байгаа гэдгийг улс төрийн ажиглагч нар таамаг дэвшүүлэн ярьж эхэллээ. Чухам яагаад ийм яриа гарах болов. Энэ л асуултын гол сэжим юм.

У.Хүрэлсүх хурандаа шийдэмгий, бас зоригтой юм гэдгийг ярьж байгаа яриа, хийж байгаа үйлдэл, хэлж буй үг зэргээс нь бага ч гэсэн таньж болно. Тэр Ерөнхий сайдаар УИХ-аар томилогдохдоо хэлсэн нэг чухал үг нь “БИ АЙХГҮЙ БАЙНА. ГАНЦХАН АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ АЛДАХ ГЭДГЭЭС Л АЙЖ БАЙНА” хэмээн өгүүлж суусан. Тэр энэ үгээ мартаагүй байх. Учир нь сүүлийн сар гаруй хугацаанд гаргаж байгаа шийдвэр, ярьж буй яриа, хэлсэн үг бүр нь энэ үгэндээ захирагдсан, ард түмний итгэлийг л олж байвал араас гарах үр дагавар, эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл, улс орны хөгжилд тээг тушаа болох шийдвэр нь хамаагүй мэт авирлаж байна.

Мэдээж хэрэг У.Хүрэлсүхийн гаргасан алтны лиценз цуцлах, уул уурхайг хаах шийдвэрт ард олны олонх нь алга ташиж байгаа. Харин цөөнх буюу уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид, эдийн засгийн уналт бус өсөлтийг чухалчилж байгаа бизнесийн хүрээнийхэн бол уйлж байж мэднэ. Харин аль ч талд нь орохгүй асуудлыг ажиглаж суугаа хэсэг ч бас л байгаа. Тэдний хувьд уул уурхайг бөөнд нь хаах бус, харин ч хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, үүгээр дамжуулж эдийн засгаа өсгөх, гадаад хөрөнгө оруулалтыг айлгахгүй байх алхам чухал болохоос ард олны сэтгэлд нийцүүлэх нэрээр асуудлыг дэвэргэх нь буруу хэмээн үзэж байж болох юм. Аль талынх нь бай асуудал нэгэнт өрнөчихсөн. Хамгийн гол нь У.Хүрэлсүх ард түмний дэмжлэгтэй байхыг л хүсч байна. Үүнд учир бий.

У.Хүрэлсүх 2 жилийн өмнө ард түмэн + нь улс төрчдийн дэмжлэгтэй байв. Түүний халаасанд тухайн үеийн намын даргыг давсан том эрх мэдэл байлаа. У.Хүрэлсүхийн төлөө цохилох зүрх, гараа өргөх зориг олон улс төрчдөд байжээ. Харин өнөөдөр улс төрд найз ч байхгүй, дайсан ч байхгүй гэдгийг У.Хүрэлсүх хамгийн их мэдэрч эхлэв бололтой. 2 жилийн өмнө гар зөрүүлэхээс бусдыг хийж, хоорондоо муудсан зарим нэгэнтэй гар барьж, харин өөрийг нь долоох гэж байсан хэсэг нь нүүр буруулж, тэр буланд шахагдаж эхлэв. У.Хүрэлсүх 2 жилийн өмнө алдах зүйл бага байсан бол өнөөдөр тэр бүхнийг алдахаас айж, бас хэнтэй ч гар барьж, хэнтэй ч муудахыг хүсэхгүй болжээ. УИХ дахь 64 гишүүнтэй МАН-ын бүлгийн дөнгөж 30 гишүүн нь У.Хүрэлсүх гэдэг хүний талд өнөөдөртөө зогсч байгаа гэнэ. Харин үлдсэн 34 гишүүн нь аль хэдийн нүүр буруулж, өөх өгсөн хүнтэй өвөр түрийндээ орж, намын даргынхаа эсрэг нанчилдахад бэлэн байгаа сурагтай. Энэ үүднээс У.Хүрэлсүх өөрийгөө хамгаалах, өндөр рейтингтэй улс төрч гэдгээ баталгаажуулахын тулд ард түмэнд таалагдах улс төрийг өрнүүлж эхэллээ. Үүний нэг нь 13 аж ахуйн нэгжийн уул уурхайн лицензийг цуцалсан явдал юм.

У.Хүрэлсүхийн баруун гар, УИХ дахь түүний хамгийн том хамгаалагч, өмнөөс нь үхэж ч чадах мэт авирлаж байсан Л.Оюун-Эрдэнэ намын даргаасаа нүүр буруулсан гэх бор шувуу улс төрчдийн дунд хөвөрч байна. Хэд хэдэн шалтгааныг таамаг болгон дэвшүүлж байгаа. Гэхдээ хамгийн бодитой, үнэнд нийцэх нь хурандаа ахынх нь ухамсрын шанаа гэнэ шүү. У.Хүрэлсүх сайд хайрт дүү Л.Оюун-Эрдэнэдээ нэг ч биш хоёр, гурван удаа шанаа өгсөн хэмээх явган яриа саарал ордонд нисч явна. Энэ л нударганы амт нь Л.Оюун-Эрдэнэ сайдыг ахаасаа нүүр буруулж, өөрөө том суудалд суух тухай ярианы эхлэл байсан бололтой.

Дараагийн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэмээх яриа зүгээр ч нэг гараагүй гэдэг нь дээрх явган яриа, таамаглал зэргээс уншигдах болов. У.Хүрэлсүхийн засгийн газар унах магадлал тун өндөр. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг дууссан нөхцөлд М.Энхболд тэргүүтэй гомдогсод, У.Хүрэлсүхээс нүүр буруулсан хэсэгтэй хамтарч засгийн газрыг унагаах тохиролцоог аль хэдийн хийчихсэн. Харин тэд хугацааг нь хүлээж суугаа гэнэ. Харин У.Хүрэлсүхийн хувьд өөрийнхөө засгийн газрын хамгаалахын тулд найз Г.Занданшатараар Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг эхлүүлж тогтоосон. Хүссэн хүсээгүй уг хэлэлцүүлэг дуусна. Дуусгах шахаа нь цаг хугацаа. 2020 оны төсвийг УИХ-аар 2019 оны 11 сарын 15 гэхэд хэлэлцэж дуусах ёстой. Нэг үгээр хэлбэл 2019 оны 10 сараас уг хэлэлцүүлэг эхлэх учиртай юм. Гэтэл үндсэн хуулийн 2 дахь хэлэлцүүлэг өнөөдөр явж эхлээгүй л байна. Уг нь сая чуулган эхэлсэн ч бас л гацав.

У.Хүрэлсүхийн талд бат зогсох ёстой Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумьяабазар нар нүүр буруулж, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үгийг дагаж эхэлсэн нь ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд том шок болчихжээ.

Б.Ууганбаяр