99 гэдэг тоонд биш ПРОПОРЦИОНАЛ тогтолцоог нь бодож санал өгцгөөе

99 гэдэг тоонд биш ПРОПОРЦИОНАЛ тогтолцоог нь бодож санал өгцгөөе

Улсын их хурлаар Монгол улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийг эхлүүлээд байна. Энэхүү хэлэлцүүлгээр УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөл, мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан төслийг нэгтгэж 49 орчим үндсэн хуулийн зүйл заалт дээр өөрчлөлт оруулж байгаа. 2000 онд орсон Үндсэн хуулийн дордуулсан 7 заалтыг засах, цаг үедээ нийцүүлэх гэсэн үндсэн малгайтайгаар энэхүү өөрчлөлтийн ажил 2019 оны 05 сараас хэлэлцэгдэж эхэлсэн билээ.

Улсын Их Хурлын гишүүдийн ач холбогдол өгч, хоёр тал болон маргалдаж байгаа сэдвийн нэг бол гишүүдийн тоо. Монгол улсын Ерөнхийлөгч 108 гишүүнтэй байх. Эдгээрийн 54 нь жижиг тойргоос, харин үлдсэн 54 нь намын жагсаалтаар буюу улсын хэмжээний санал авч гарч ирэх байв. Үүнийг одоогийн эрх баригч МАН-ын гишүүд шууд эсэргүүцэж байгаа. Учир нь УИХ-ын 75 гишүүний 64 нь МАН-ынх. Тэд өнгөрсөн 4 жил өөрийн сонгогдсон тойргоо улсын төсөв, хөрөнгө оруулалтаар чамгүй усалж, тойгдож, бэлэг сэлт тарааж, ард олонтой нь уулзаж, учирч ирсэн. Тэр утгаараа тэд тойргоо алдахыг хүсэхгүй байна. Хэрэв Ерөнхийлөгчийн оруулж ирсэн 54 жижиг тойрог гэдгийг дэмжих юм бол хэн нь тойргоо алдаж, хэн нь том тойрогт очих билээ. Үүнд л маргааны гол сэдэв оршиж байна.

Ийм ч учраас эрх баригч МАН-ын зүгээс Ерөнхийлөгчийн оруулж ирсэн 108 гишүүн гэдэг саналийг 99 болгон бууруулав. Тоо нь буурсан мэт харагдавч, зарчмын хувьд маш том өөрчлөлт оржээ. МАН-ын санал болгож байгаа 99 гишүүн гэдэг хувилбар дотор 76 гишүүнийг яг одоогийн жижиг 76 тойргоос сонгох юм. Харин үлдсэн 23 гишүүн намын жагсаалтаар сонгогдох ёстой.

Монгол улсын их хурлын сонгууль 2012 онд холимог буюу пропорционал хэлбэрээр явагдаж олон намын төлөөлөл парламентад орж байсан билээ. Үүгээр нь харах юм бол одоо санал болгож байгаа 99 гишүүн, холимог тогтолцоо гэдэг бол зөв хувилбар. Нүүдэлчин, тархаа бутархай, их газар нутагт, хүн ам нь тархаж байрласан улсад жижиг мажиратор систем зөв гэж үздэг хүмүүсийн эрх ашиг хөндөгдөхгүй. Мөн нөгөө талдаа гишүүн бүр тойрогтоо эд бараа зөөж, улсын төсвийг үрэлгэн болгож байна гэх хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, бодлогын хүмүүс гарах боломж нь 23 жагсаалтын гишүүнд байна.

Тоог нь бодож, УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын гаргаж тавьсан тэнгэр газрын бурхдыг мартаж, зүгээр л ач холбогдлыг нь илүү харж асуудлыг шийдвэл ямар вэ? 99 гишүүн гэдэг бол Монгол улсын хувьд байж болох л хувилбар. Нэг талдаа гишүүдийн ирцийг нэмэгдүүлж, хууль батлах босго тоог өсгөж өгнө. Нөгөө тал нь жижиг тойргоос сонгогдсон гишүүдийг том эрх ашигт хүлээстэй гишүүд хазаарлаж өгөх боломжтой.

Одоо бол Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүн 108 гэж санаачилсан учраас МАН эсэргүүцнэ. Харин МАН гишүүдийн тоог 99 болгож байгаа бол АН эсэргүүцнэ гэх хэт явцуу үзэлд хүлэгдээд сууж байна. Харин нөгөө талд нь Л.Элдэв-Очир тэргүүтэй гишүүд зөвхөн 76 гишүүнтэй байх ёстой. Мажиратор систем л Монгол улсад тохирох юм хэмээн муйхарлаж суугаа. Угтаа бол жижиг тойргийн систем нь Монгол улсын багахан төсвийг тарамдаж, аманд ч үгүй хамарт ч үгүй болгочхоод байна гэдгийг судалж, яриад л байхад би дахиад л нэг сонгогдчих юм бол гэх өнцгөөр харж суугаа нь харамсалтай.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэн тэргүүний үзэл бол иргэн. Иргэн сэтгэл хангалуун, тайван, орлоготой амьдрах боломжийг нээж өгөх хувилбар нь юу байна вэ? Түүнийг л харж сонголтоо УИХ-ын гишүүд хийх учиртай. Гэтэл гишүүд 99 гишүүнтэй болох, 108 байх эсэх огт хамаагүй. Одоо байгаа 75 гишүүн өөрсдөө дахиад л хэдэн жил УИХ-ын гишүүн гэх сэтэр зүүх боломж нь юу билээ хэмээн бодож, түүнд л толгойгоо гашилгаж, хамаг анхаарлаа тавиад байна. Түүнээс улсын хөгжилд тулгаар болох зарчим бол тэдний хувьд огтоос хамаагүй бололтой.

Иймд 76 тойрог чинь байдгаараа байна. Дээр нь нэмээд 23 гишүүн намын жагсаалтаар орж ирэх нь байна гэдэг хувилбараа бодоод 99 гэдэг тоогоо сонгочих. Харин тэр 5 жил гэдгийг бол ёстой дураараа бод. Ер нь 4 яачхаад байгаа юм вэ?