Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн албан ёсоор зарлана

Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн албан ёсоор зарлана

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль яг сарын дараа болно. Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 24 өдөр Сонгуулийн санал авахаар болсон билээ. Харин Сонгуулийн Ерөнхий хорооноос хуулийн дагуу шат шатны ажлаа зохион байгуулсаар явна.

2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоор болсон. Дээрх улс төрийн нам эвсэл болон бие даагчид нийлээд нийт 647 нэр дэвшигч өрсөлдөхөөр болж Сонгуулийн Ерөнхий хороонд материалаа хүргүүлээд байна. 

2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр улс төрийн нам, эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийнхээ материалыг албан ёсоор хүргүүлээд байгаа билээ. Сонгуулийн Ерөнхий хороо хүлээн авсан материалтайгаа танилцаж хуулийн дагуу нэр дэвших эрхтэй эсэхийг нягтлах юм. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 25 өдрөөр тасалбар болгож 5 дугаар сарын 26 өдөр албан ёсоор Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох эрхтэй нэр дэвшигч нарыг зарлах учиртай.  Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчдийг зарлаж, баталгаажуулсны дараа нам эвслүүд болон нэр дэвшигч нар бэлтгэлээ хангана. 

Улсын Их хурлын ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигч нарын хувьд 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ хүлээн авах бөгөөд тухайн өдрөөс сурталчилгааны албан ёсны нээлт эхлэх юм.