Сошиал хянах цагдаагийн нэгж даргын бууны нохой байж үл болно

Сошиал хянах цагдаагийн нэгж даргын бууны нохой байж үл болно

Цагдаагийн байгууллага бүтцдээ өөрчлөлт оруулж, нэгэн нэгжийг байгуулжээ. Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгийн мэдээлэж буйгаар бол “ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ДАГНАСАН НЭГЖ” гэж байгуулагдсан гэнэ. Нэг үгээр хэлбэл нийгмийн сүлжээнд цацагдаж байгаа олон нийтийг төөрөгдүүлсэн, аливаа гэмт хэрэгт өдөөн хатгасан, эсвэл бусдыг залилах гэсэн гэх мэт хуурамч мэдээллийг хянах, арга хэмжээ авах зохицуулалттай бололтой.

Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгийн мэдээлж буйгаар бол дээрх нэгж нь Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хуурамч мэдээлэл тараасан нөхцөлд шалгах бололтой. Мөн Бусдыг гүтгэх, доромжлох, гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах юм байна.

Сайн хэрэг. Иргэдийг элдэв буруу зүйлд турхирсан, бас өдөөн хатгасан, хоёр улсын хооронд яс хаясан, тусгаар тогтнол, аюулгүй байдалд эрсдэл учруулж болох хуудсыг шалгах нь гэж баярлаж болно. Үүнийг хийх хэрэгтэй. Гэвч...

Цагдаагийн байгууллагад итгэх иргэдийн итгэл алдагдчихсан. Үнэнч, шударгаар аливаа асуудалд хандахгүй. Харин хувийн өнгө үзэмж, хэн нэг даргын хүсэлт, захиалга дээр л аливаа асуудлыг эрэлхийлж, эрэн сурвалжилж, буруутанг олох гэж бушуу түргэн авдаг хэмээн боддог болсон цаг. Иймээс цагдаагийн байгууллага яг үнэндээ өнөөх хэн нэгнийг турхирч, Үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй нийгмийн сүлдээнд байрлах хуудас, групп зэргийг хааж чадах уу гэх асуулт урган гарч байна. Учир нь зарим нэг талаараа энэ төрлийн байгууллагатай хамтран ажиллах тухай ярьж байсан цаг нь саяхан юм.

Жишээ нь нийгмийн сүлжээнд DNNN нэгдэл хэмээн байр сууриа илэрхийлдэг газар байдаг. Тус байгууллагатай Цагдаагийн байгууллага хамтарч ажиллахаар болсон тухай мэдээлэл хэдэн сарын өмнө гарч байлаа. Та эндээс үзэж болно. https://unuudur.mn/%D1%86%D0%B0%D0%B3%D0%B4%D0%B0%D0%B0-%D0%BD%D0%B0%D1%80-dmnn-%D1%82%D1%8D%D0%B9-%D1%85%D0%B0%D0%BC%D1%82%D0%B0%D1%80%D1%87-%D1%86%D0%B0%D1%85%D0%B8%D0%BC-%D0%BE%D1%80%D1%87%D0%B8%D0%BD%D0%B4-%D1%85%D1%8F%D0%BD%D0%B0%D0%BB%D1%82-%D1%82%D0%B0%D0%B2%D0%B8%D0%BD%D0%B0/ эх сурвалж: unuudur.mn 

Гэтэл энэ байгууллага нь сөрөг мэдээллийг түгээдэг, бусдыг турхирдаг, өнөөх хуурамч мэдээллийг түгээдэг газар хэмээн сэтгүүлч нэгэн үзсэн байна. Ийм байгууллагатай үнэхээр цагдаагийн байгууллага тэмцэж чадах уу гэдэг асуулт олон хүнд урган гарч буй нь гарцаагүй юм.

Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх аливаа мэдээллийг шалгах, нягтлах, урьдчилан сэргийлэх ажлыг тагнуул хийдэг. Гэтэл тагнуулын хажуугаар цагдаа нэгжтэй болж буйн цаана зөвхөн иргэдийг үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн хуулиар олгогдсон эрхийг хазаарлах гэсэн хэн нэг даргын санаархал явж байж болзошгүй юм. Хэрэв тийм биш бол цагдаагийн байгууллагад бий болсон цахим орчин дахь хуурамч мэдээллийг шүүн тунгаах нэгж нь иргэдийн хардсан, сэрдсэн, аливааг зөвөөр шүүмжилсэн мэдээллийг нэг бүрчлэн хянаад байхгүй байна гэдэгт найдаж сууя.

Хэрэв иргэдийг хянах, хэтэрхий явцуу эрх ашгаар үйлчилсэн нөхцөлд ийм нэгж үнэндээ хэрэггүй юм. Хөөрч баярлаад хүлээн авах нэгж биш гэдгийг хэлчихэе ээ.