Киприйн хэлэлцээ гацаанд орлоо

Киприйн хэлэлцээ гацаанд орлоо

Киприйг дахин нэгтгэх хэлэлцээ хана мөргөлөө. Хуваагдмал арлын улс төрийн удирдагчид 40 жил үргэлжилж буй маргааныг шийдвэрлэхээр чармайсан. Гэвч нутаг дэвсгэр солилцох асуудлаарх үзэл бодлын зөрүүгээ арилгаж дөнгөсөнгүй. Швейцарийн Мон Пелерин хотноо хоёр хоног үр дүнгүй хэлэлцсэний эцэст Грек болон Турк угсаат кипр иргэдийн удирдагчид “Асуудлыг урагшлуулах арга замыг эргэцүүлэх”-ээр буцацгаасан тухай НҮБ мэдээлж байна.
“Чадлаараа хичээсэн ч талууд яриа хэлэлцээний сүүлийн шат болох учиртай нутаг дэвсгэрийн зохицуулалт хийх шалгуур дээр санал нэгдэж чадсангүй” хэмээн НҮБ тайлбарлав.
Кипр нь 1974 оноос хойш хуваагдмал байгаа юм. Киприйг нэгтгэх зорилго бүхий төрийн эргэлт 1974 онд Афины түлхээсээр гармагц Турк улс арлын умард хэсгийг булаан эзэлжээ. Тэр цагаас хойш Кипр нь хуваагдмал байсаар өдий хүрлээ. Эдүгээ Анкара л Турк Кипр улсыг хүлээн зөвшөөрөөд байгаа. Харин Грек Кипр нь Европын холбооны гишүүн.
Уг яриа хэлэлцээ нь Киприйг дахин нэгтгэх боломж хэмээн дипломатууд үзэж байсан ч сүүлд өрнөсөн хэрэг явдал байдлыг өөрчиллөө. Уг уулзалт нь Грек, Турк, Кипр болон тус арлыг 1960 он хүртэл хяналтдаа байлгаж байсан Их Британийн хооронд эцсийн хэлэлцээ өрнүүлэх замыг засах зорилготой. Талууд уг яриа хэлэлцээг зуучлагч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэ оны эцсээр албан үүргээ хүлээлгэж өгөхөөс өмнө хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байв.
Грек Киприйн Ерөнхийлөгч Никос Анастасиадес болон Турк Киприйн Ерөнхийлөгч, арлыг дахин нэгтгэх төлөвлөгөөг 2015 оны тавдугаар сараас хойш хэлэлцэж ирсэн Мустафа Акинси нарын үзэл бодолд зарчмын зөрөө байхгүй аж. Энэ талаар тус яриа хэлэлцээг хянасан Европын дээд албаны хүн тайлбарласан юм. “Асуудал өөр зүйлд байна. Удирдагчдын хувьд улс төрийн зарчмын зөрүүтэй санал алга” хэмээн албаны хүн өгүүллээ. “Талуудад ердөө л дахиад хугацаа хэрэгтэй. Солилцох ёстой газар нутгийнхаа талаар талуудын хийсэн тооцоо зөрчихлөө. Гэхдээ хоёр тал мухардмал байдлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа” хэмээн албаны хүн анхааруулсан юм.
Тус арал дээр холбооны бүрэлдэхүүнд багтах тусдаа хоёр улс байгуулахаар одоогийн төлөвлөгөөнд тусгажээ. Хоёр улс арлын бараг бүх асуудлыг шийдвэрлэх эрхтэй.
Ноён Анастасиадес, Акинси нар харилцаа тогтоож чадсанаа мэдэгдсэн. Улс төрийн эрх мэдлийг хуваалцах болсон өнгөрсөн оноос хойш байдал мэдэгдэхүйц сайжраад байна. Харин эд хөрөнгө, эзэмшил нутаг солилцох тухай болон Туркийн цэргийн оролцоо зэрэг эмзэг асуудлыг хэлэлцээний эцэст ярихаар үлдээжээ. Цаашдын тохиролцоо хийх урьдчилсан нөхцөл нь арал дээр байрлаж буй 35 мянган турк цэргийг эргүүлэн татах явдал хэмээн Грек Кипр улс үзэж байна.
Долдугаар сард Туркт бүтэлгүй төгссөн төрийн эргэлт хийх оролдлоготой уялдан тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган дээрх яриа хэлэлцээг дэмжихээс татгалзаж болзошгүй гэсэн түгшүүр ч үүслээ. Гэхдээ эргэлт хийх оролдлогоос болж Брюссельтэй муудалцлаа ч Анкара уг яриа хэлэлцээг дэмжсээр байхаа илэрхийлээд байгаа юм.
Сүүлийн дөчин жилд Киприйн асуудлаарх олон удаагийн яриа хэлэлцээ үр дүнгүй төгссөн. Ноён Эрдоган тус арлыг нэгтгэх НҮБ-ын 2004 оны төлөвлөгөөг дэмжигч. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэвэл бүх нийтийн санал хураалт явуулах ёстой. НҮБ-ын төлөвлөгөөг Турк Киприйн ихэнх иргэд дэмждэг ч Грек Киприйн оршин суугчид зөвшөөрдөггүй юм.