ЭМЯ: "Монос" эмийн сангийн ажилчдын ойрын хавьтлаас covid-19 илэрчээ

ЭМЯ: "Монос" эмийн сангийн ажилчдын ойрын хавьтлаас covid-19 илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.01.18/ мэдээлэл хийлээ.


ЭМЯ-аас холбогдох лабораториудад /2021.01.17/ нийт 9115 сорьцод шинжилгээ хийж, шинээр Улаанбаатарт 9 тохиолдол бүртгэгдлээ.

Шинээр батлагдсан 9 тохиолдлын:

  • Дөрөв нь 25-р хорооллын Монос эмийн сан /өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал/
  • Гурав нь БЗД-ийн ТҮК-ийн ажилтан
  • Хоёр нь ажиглалтад байсан хүнээс илэрчээ.

"ХАЛДВАР АВСНАА ХАНИАДТАЙ АНДУУРЧ, ХҮНДРҮҮЛЭЭД ОЛОН ЭМНЭЛГЭЭР ЯВСАН ТОХИОЛДОЛ ГАРЛАА"

ХӨСҮТ-ИЙН Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Батлагдсан тохиолдлууд нь 25 дугаар эмийн сангийн "Монос"  эмийн санд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтал болон тухайн үед  засвар хийж байсан хоёр хүн, БЗД-ийн ТҮК-ийн 3 ажилтан, ажиглалтад байсан хоёр хүнээс тус тус илэрлээ. Мөн Улсын төв нэгдүгээр эмнэлэгт covid-19-ийн халдвар аваад, хүндэрсэн хүн ирсэн бөгөөд ХӨСҮТ рүү шилжүүлжээ. Тухайн иргэн Чингэлтэй дүүргийн эмнэлэг, Сонгдо, нэгдүгээр эмнэлгүүдээр үйлчлүүлсэн учраас ойрын хавьтлуудыг тусгаарласан байна. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 699 боллоо. Сүүлийн 24 цагт 20 хүн эдгэж, гэртээ гарлаа. Улсын хэмжээнд нэгдүгээр хавьтлын 1194, хоёрдугаар хавьтлын 2666 хүн ажиглалтад байна. “Монос” эмийн санд өвчлөл бүртгэгдсэнтэй холбоотой 17 хүнийг тусгаарласан. Нийт 67 хүн ажиглалт тусгаарлалтад байна.

Мөн Баянзүрх дүүргийн  17 дугаар хороонд голомтын илрүүлэг шинжилгээнд 5083 хүнд шинжилгээ хийхэд 17 хүнээс халдвар илэрсэн. Эдгээр батлагдсан тохиолдлууд нь ойрын хавьтал болсон.

Өнгөрсөн бямба гаригийн шөнө Улсын нэгдүгээр төв эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд хүн ирж, үйлчлүүлсэн. Тухайн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ хийхэд covid-19 халдварын тохиолдол батлагдсан тул ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тэрбээр Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгдо нэгдсэн эмнэлэгээр  үйлчлүүлж, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хандсан. Иймд эмч ажилчдыг тусгаарлаж шинжилгээ авсан. “Сонгдо” эмнэлгийн 30 эмч ажилтныг тусгаарлаж  шинжилгээнд хамруулсан. Мөн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн 4, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 17 хүнийг тус тус тусгаарласан. Эхний шинжилгээгээр covid-19 илрээгүй. Сүүлийн үед батлагдсан тохиолдлууд өвчнөө хүндрүүлсэн хойно эмнэлэгт ханддаг, олон эмнэлэг дамжсан тохиолдол гарч байна. Иймд өвчнийг хүндрүүлэхгүй маш яаралтай харьяа дүүргийн эмнэлгүүдэд мэдэгдэж, утсаар тусламж авахыг зөвлөе. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн үед халдвар тараах эрсдэл маш өндөр. Энэ үед эмнэлгүүдээр үйлчлүүлэх нь халдвар тархах өндөр. Ханиад томуутай андуурч өвчлөх нь маш их байна. Сүүлийн гурав, дөрвөн тохиолдлууд өвчнөө хүндрүүлсэн үед эмнэлэгт хандаж байгаа тул эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бол эмнэлэгийн тусламж утсаар дуудаж авахыг зөвлөе. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй.

Улсын хэмжээнд covid-19  халдварын  нийт 1525 тохиолдол, үүнээс дотоодын 1025, батлагдсан тохиолдлуудаас 967 нь эдгэжээ.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 548 хүн эмчлүүлж байна.Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 5 хүн эмчлүүлж байгаа аж.

 "ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА, ЭМНЭЛЭГТ ХАЛДВАР ГАРАХ МАГАДЛАЛТАЙ"

НЭМҮТ-ын багийнхан тандалт судалгааны зорилгоор 24 цагт 238 хүнд шинжилгээ хийхэд covid-19 илрээгүй байна. Энэхүү шинжилгээнд эрсдэлт бүлгийн буюу такси, банк, эмийн сан зэрэг салбарт ажилладаг хүмүүс хамрагджээ. Мөн 11 мянга гаруй иргэн PCR шинжилгээнд хамрагдсан ба бүгд сөрөг гарчээ.

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:

-Халдварын өвчлөл өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 35 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ эмнэлэг, эмийн сан зэрэг олон хүн нэг дор цугларах газруудад covid-19 халдвар голомтлон гарах тохиолдол ажиглагдаж байна. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Ерөнхийдөө 20-49 насныхан covid-19 халдварт өртөж байна. Ялангуяа бүх насанд эмэгтэйчүүдийн өвчлөл зонхилж байгаа нь нийгмийн харилцаанд илүү идэвхтэй ордог болохыг харуулж байна. Өвчлөл 60-аас дээш насныханд илүү хүндэрч байна. Ялангуяа эрчүүд өвчлөл илүү хүндэрч байгаа нь эрүүл мэндээ анхаардаггүйг харуулж байна. Сүүлийн үед өвчлөл хүндэрч эмнэлэгт хандах тохиолдол гарч байгаа тул иргэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн үед утсаар зөвлөгөө авч, covid-19 туссан байж болзошгүй хэмээн өөрийгөө сэжиглэх хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагын 2400 ажилтан халдварын голомтыг цомхотгохоор ажиллаж байна. Өнөөдрөөс эхлэн манай улсын хувьд таван байгууллага үйл ажиллагаагаа нээж байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг сахиж, онцгой сонор сэрэмжтэй байх шаардлагатай. Ялангуяа Улаанбаатарт халдварын дэгдэлт идэвхтэй байгаа энэ үед үйлчилгээний байгууллага, эмнэлэгт халдвар гарах хандлага ажиглагдаж байна. Тиймээс аж ахуй нэгжүүд ажилчдын цагийг богиносгох, 1/3 ажиллуулах хэрэгтэй.  Үйлчилгээний байгууллагууд агааржуулалтыг 2 цаг тутамд 10-15 минут цонхоо онгойлгож агаарын солилцоо хийх нь чухал. Иргэдийн хувьд амны хаалтаа зөв зүүх хэрэгтэй. Хамар эрүүгээ таглана. Гадаад орчинд амны хаалтыг хаяж байна.Амны хаалтыг ил задгай хаях нь сovid-19 халдвар тархах эрсдэл байж болзошгүй. Учир нь ТҮК-ийн ажилтнууд халдварт өртөж өвдлөө. Амны хаалтыг зөв хэрэглэхгүй бол эргээд хүмүүс өвчлөх эрсдэлтэй.

          "СХД-ИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ  2 ХАЛДВАРТ АВСАН"

ЭМЯ-аас сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн зочид буудалд иргэдийг тусгаарлаж байна вэ.Нэг зочид буудалд хэдэн иргэнийг тусгаарлаж байна?

А.АМБАСЭЛМАА:

-Нийт 20 гаруй ажиглах байранд иргэдийг тусгаарлаж байна.Нийт 800 гаруй хүнийг тусгаарласан.

-Улсын нэгдүгээр төв эмнэлгээс  covid-19 халдварын тохиолдол илэрснийг шинэ голомт үүссэн гэж ойлгох уу?

А.АМБАСЭЛМАА:

-Улсын нэгдүгээр эмнэлэгт  бямба гаригийн шөнө очсон хүнийг эмнэлгийн ажилтнууд ажиглан тусгаарлах байранд тусгаарласан байсан.Тухайн иргэнийг тусгаарлаж, түргэвчилсэн оношлуураар оношлоход эерэг гарсан тул ХӨСҮТ-д шилжүүлж дахин PCR шинжилгээ авсан. Хариу нь эерэг гарсан.Өвчтөний биеийн байдал маш хүнд байсан учраас шөнө зөөвөрлөх боломжгүй, ажиглан тусгаарлаж, халдварын сэргийлэлтийн дэглэмийг баримталж үүрээр шилжүүлсэн. Ер нь халдварын үүссэн голомтуудыг шинэ, хуучин гэж хэлэхгүй. Улаанбаатар голомтын идэвхтэй бүс болсон учраас  хэн ч хаанаас ч халдвар авах эрсдэлтэй. Маш том голомтуудад ойрын болон хоёрдогч хавьтлууд байна. Нийт 3266 хоёрдогч хавьтлууд байна.Улсын нэгдүгээр эмнэлэгт тухайн өвчтөнийг тусгаарлаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдсөн. Мөн тухайн өвчтөнтэй хамт явсан хүмүүсийг нь цаг алдалгүй тусгаарлаж шинжилгээ авсан байна.  Тиймээс тус эмнэлгийг халдварын голомт гэж үзэхгүй.

-Эдгэрсэн хүмүүсийн хувьд ямар тохиолдолд эсрэг биет үүсч байна вэ. Халдварт өртөж эдгэсэн хүн дахин өвдөхгүй байх эрсдэл хэр байна вэ?

Д.НАРАНГЭРЭЛ:

-Эдгэрсэн хүмүүс халдвар авахгүй гэх баталгаа дэлхий дахинд ч байхгүй.Гэхдээ эдгэсэн хүмүүс дахин халдварт өртөх нь бага байна.Магадгүй эдгэсэн хүмүүс хоёр сар, зургаан сарын дараа дахин халдварт өртсөн тохиолдол дэлхийн улс орнуудад байгаа. Дэлхий дахинд Эдгэсэн хүмүүсийн дийлэнх нь  дархлаа үүсч байна. Заримд нь өвчлөөд эдгэсний дараа  дархлаа үүсэхгүй тохиолдлууд байна. Эдгэсэн хүмүүсийг гэрт гарснаас хойш 14 хоногийн дараа PCR шинжилгээнд хамруулж, ар гэрийнхнийг нь тандалт судалгааны шинжилгээнд хамруулж байна.

А.АМБАСЭЛМАА:

-Вирус ялгаруулалтыг бид тодорхой хугацаанд хянана.Эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй бол эдгэсэн хүмүүсээ эмнэлгээс гаргана.Бид өмнө нь ажиглан тусгаарлах байраар дамжуулан 14 хоног тусгаарлаж гаргадаг байсан.Одоо эмнэлзүйн удирдамж өөрчлөгдсөн тул 3 хоног эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй бол Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиглалт тандалтад 7 хоногт хянана. Энэ хугацаанд шинж тэмдэг илрэхгүй бол гэрт нь гаргаж байна.Эдгэсэн хүмүүс эргээд бидэнд халдварын шинж тэмдэг илэрсэн талаар хандаагүй.Хүмүүсийн биеийн байдал сайжирсан.

-Зөрүүтэй мэдээллүүд  олон нийтийн дунд эргэлзээ дагуулж байна.Энэ сарын 15-нд covid-19 халдварын  21 тохиолдол илэрснийг ЭМЯ-аас мэдээлсэн. Эдгээр тохиолдлуудад “Хүчит шонхор” захын тогоочоор ажилладаг иргэн О байсныг мэдээлж, тухайн үед нь тусгаарласан. Гэтэл тус захаас халдвар гараагүй гэх мэдэгдэл гаргасан. Мөн СХД-ийн нэгдсэн эмнэлгийн  эмч, эмнэлгийн ажилтнаас covid-19 халдвар илэрснийг Эрүүл мэндийн яамны мэдээлэлд дурдсангүй. Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд зохион байгуулалтын алдаа гаргасан гэж харж байна. Эдгээр тохиолдлуудад тодорхой мэдээлэл өгнө үү?

А.АМБАСЭЛМАА:

-Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй мэдээлэл үнэн гэдгийг тодотгоё. Бидэнд өвчлөлийн тохиолдлыг нуух эрх байхгүй. Эрүүл мэндийн яамны мэдээллээс гадуур худал мэдээлэл цацагдаж байна.Үүнийг анхаарах хэрэгтэй. “Хүчит шонхор” захын ажилтан өвчлөөгүй, захаас covid-19 халдварын тохиолдол гараагүй болохыг хариуцлагатай хэлье. Харин тус захад ажилладаг хүний ээж нь covid-19 халдвараар батлагдсан.Тиймээс захад ажилладаг хүн ойрын хавьтал, “Хүчит шонхор” зах хоёрдогч хавьтал болно. Бид захад ажилладаг хүнийг ойрын хавьтлаар тусгаарлаж шинжилгээ авсан.Мөн тэр хүнтэй ойр ажилладаг болон тус захтай ойр ажилладаг хүмүүсийг шинжилгээнд хамруулсан. Эрүүл мэндийн яамны 11:00, 16:00, 18:00 цагийн мэдээллээр үнэн бодит мэдээлэл өгдөг. СХД-ын Нэгдсэн эмнэлгийн Шуурхай хариу арга хэмжээний дайчилгаанд явдаг багийн эмч, сувилагч хоёр халдварт өртсөн.Шаардлагатай үед эмч ажилчид дайчилгаанд гардаг.Энэ журмаар дайчилгаанд явсан.ХӨСҮТ-тэй адил хуваарийн дагуу ажиллаж байсныг ойлгох хэрэгтэй.

-Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны тандалт судалгаагаар 17 тохиолдол илэрснийг өнөөдөр мэдээллээ.Гэтэл Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос өчигдөр тандалтын шинжилгээгээр энэ сарын 14-16-нд нийт 50 тохиолдол илэрснийг мэдээлсэн. Та бүхний мэдээлэл өөр хоорондоо зөрүүтэй байдлаас болж хэвлэл мэдээллийнхнийг буруутгадаг үзэгдэл газар аваад удлаа. Тиймээс холбогдох албаныхан болон Эрүүл мэндийн яам мэдээллээ тодорхой өгөхийг хүсч байна?

А.АМБАСЭЛМАА:

-Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэдийн шинжилгээг ХӨСҮТ-д хийж байна.Манай төвийн 3 лаборатори, НЭМҮТ, ЗӨСҮТ-ийн нэгдсэн дүнг бид танилцуулдаг. Энэ горимоор мэдээллийг танилцуулж байна. Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооноос хоёр өдөрт 5180 хүнээс  шинжилгээ хийхэд 18 хүний хариу эерэг гарсан. Баянзүрх дүүргийн Онцгой комисс өссөн дүнгээр, өмнөх тохиолдлуудыг хамтатгаж мэдээлсэн.