Ц.Анандбазар гишүүнд холбогдох замхарч алга болсон хэрэг

Ц.Анандбазар гишүүнд холбогдох замхарч алга болсон хэрэг

Хөрөнгөжиж, баяжихын төлөө хэнийг ч худалдаж идэхээс буцахгүй, сувдаг сэтгэл, шунал хэмээх засрахгүй эмгэг туссан хүмүүс цөөнгүй байсаар. Тэд авч идэхийн шуналдаа хөтлөгдөхөөс өөр юуг ч эс хайрлана. Хүн дүрст ийм төрөлтөнг юу гэж нэрлэдэг юм бол. Чухамдаа онцлоод хэлчих нэршил одоогоор үгсийн санд алга. Өвчлөлийн анхан шат нь эд хөрөнгө, их хэмжээний мөнгөний шуналаар эхэлж, архагших үедээ албан тушаалын болж даамжирна. Энэ үедээ маш их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Ухайлан дайрч сувдаглан хамж аваад зогсохгүй, өшөө илүүг эрэлхийлдэг хэмээх нь бий. Ужгирч архагшсан өвчтөнгүүд дийлэнхдээ өндөр дээд албан тушаал хашдаг, том компани группийн эзэд гэхэд нэг их хилсдэхгүй биз ээ.

Энэ ангилалд багтах нэгэн бол “Сод монгол”-оор овоглогдож олноо танигдсан өдгөө УИХ-ын гишүүний сэнтийд залраа Ц.Анандбазар. Түүнтэй холбоотой цөөнгүй асуудал өрнөсөн ч тэгсхийгээд л намжих нь бий. Гэхдээ өнөө хэр нь шийдэгдээгүй эсвэл шийдэхэд бэрх нэгэн асуудал хэл, ам дагуулсан хэвээр л байна. Өөрөөр хэлбэл, найзынхаа компаниас туучихсан чамгүй хэмжээний мөнгө. Үндсэндээ луйвар гэж хохирогч тайлбарладаг. Гэвч хууль хяналтынхан үүнийг луйвар, залилан гэж үзээгүй, шийдвэрлэж чадаагүй асуудал. Тодруулбал, эрхэм гишүүн Ц.Анандбазарын найз гэх иргэн Д.Чинзориг энэ талаар гомдол гаргаснаас хойш арав долоон жилийн нүүр үзэж байгаа юм. Хохирогч Д.Чинзориг одоогоос таван жилийн өмнө хэрхэн золиос болсноо тодорхой ярьсан байдаг нь өдгөө цахим санд хадгалагдсан хэвээр байна.

Түүний ярилцлагаас сийрүүлбэл Ц.Анандбазарт луйвардуулсан талаараа сонгуулиас бүр өмнө, тодруулбал 2003 оноос ярьж, заргалдсаар өнөөг хүрсэн аж. Хохирогчоор өөрийгөө тодорхойлогч нь 1995 онд “Сод Монгол” компанийг байгуулж байжээ. Гэтэл Ц.Анандбазар “Сод Монгол групп” гэдэг компани байгуулж 1999 оноос хойш түүний компанийн нэрийг ашиглан их хэмжээний мөнгө, хөрөнгийг нь луйвардсан гэж байгаа. Ингэхдээ “Улаанбаатар төмөр зам”-аас 20 сая, “Багануур” компаниас 40 сая, “Эрэл” компаниас 50 сая, нийтдээ 110 сая төгрөгийн авлагатай байсныг нь нэр нэг компаниараа дамжуулан залгичихаж. Дээр нь, Д.Чинзоригийн компаниас зээлээр авсан шатахууныхаа үнийг төлөлгүй 272 сая төгрөгөөр хохироосон гэж ярьжээ. Ийнхүү найзынхаа багаар тоологдохгүй мөнгийг залилж мэхлэн баяжих өнөөх айхтар өвчлөлөөрөө дэлсчихсэн асуудал яригддаг. Гэхдээ энэ асуудалд Ц.Анандбазар ямар нэгэн гэм буруу хүлээгээгүй. Түүнд прокурорын маш сайн хамгаалалт учраас тэр. Ерөнхийдөө аливаа асуудлаас мултрахдаа гарамгай нэгэн гэж түүнтэй ойр хүмүүс ярих нь бий.

УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн өмнөхөн нэр дэвших эрхээ өвөртлөн баясаж явсан Ц.Анандбазар гэнэт хар гэрт хоригдсон. Тухайн үед баривчлагдсан асууддыг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат мөн оны наймдугаар сард мэдээлэл өгөхдөө “Ц.Анандбазарыг 2012 оны тавдугаар сард хээл хахуулийн хэргээр баривчилсан. Шалгалтын явцад нэр дэвших гэж буй Дорноговь, Говьсүмбэр аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг хадгалж байсан нь илэрсэн. Ийм учраас Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн” гэж ярьсан нь байдаг. Тухайн үед Улсын мөрдөн байцаах газраас Ц.Анандбазарт долоон зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн ч Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгочихсон аж.

Чухам ямар учраас гэдэг дээр Д.Чинзориг дараах зүйлийг ярьсан. Тэрбээр, “2010 оны аравдугаар сарын 25-нд нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит төлөөлөгч Ш.Сүхбат гомдлын дагуу эрүүгийн 346128 дугаартай хэргийг хянаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 359.2-т зааснаар шинэ нөхцөл байдал илэрснээс хэрэг үүсгэж гомдолд бичигдсэн асуудлуудыг шалгуулахаар прокурорын даалгавар бичсэн. Ингээд Ц.Анандбазарыг шалгах ажил эхлэх үед Улсын ерөнхий прокурорын туслах, УЕПГ- ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Б.Бат-Орших 2010 оны арваннэгдүгээр сарын 30-нд “Шинээр нөхцөл байдал илэрснээс үүсгэсэн хэргийн ажиллагааг зогсоох тухай” тогтоол гаргасан. Ингэхдээ Д.Чинзоригийн гаргасан гомдолд дурдсан асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд шалгаж, шүүх нотлох баримтуудаа үнэлэлт дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул 360.2 дахь заалтыг удирдлага болгон үүсгэсэн хэргийн ажиллагааг зогсоосугай” гэчихсэн” хэмээжээ. Ийнхүү Б.Бат-Орших гэх том прокурорын давамгайллаар Ц.Анандбазарт холбогдох гомдол замхарсан түүхтэй.

Дээрхийн нэгэн адил гурван удаагийн хэргээс бултаж чадсан гэдэг. Түүнтэй холбоотой зүйлийг ухаж уудалж үзвэл хэдэн боть ном болох биз. Шатахууны шахаа бол түүний гаршсан ажил. Зах зээлийн ханшнаас өндөр үнээр яаж шахаж болохыг тэр л сайн мэднэ. Башир аргаар хэтэвчээ түнтийлгэж, түмний татвараар бүрддэг төсвийн хөрөнгөнөөс дансаа зузаатгаж чадсан. Элдэв асуудлын гол эзэн өнөөдөр төр түшилцэхээр хууль тогтоох дээд байгууллагад заларсан. Ингэснээр хуулиар биеэ хамгаалуулж, халдашгүй дархан эрх эдэлж байгаа. Магадгүй урьдны явдлыг сөхвөөс эрхэм түшээ Ц.Анандбазар халдашгүй эрхээ эдлэх биз. Учир нь, өмнөхтэй адил прокурорын хамгаалалт байхгүй.

Ер нь, дээдэстэй холбоотой элдэв асуудал, бузар булай зүйлс чих дэлсэх нь элбэг ч хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэж байсан нь хуруу дарам цөөн. Ихэнхдээ л сүртэй нь аргагүй дуулиан дэгдээж мэдээллээд утаа савсуулан замхардаг. Ц.Анандбазар гишүүнд холбогдох цөөнгүй хэрэг энэ мэтээр замхран алга болсон түүхтэй.

Сувдаг сэтгэл шуналын эцсийн шатанд орсон хүнийг эмчлэх ганц арга нь нийгмээс тусгаарлах. Олны дунд байлгаж, манлайд залбал цаашид хор хохирол учруулсаар л байх болно.

 Эх сурвалж; epress.mn