
Засгийн газар, УОК-ын шийдвэрээр тавдугаар сарын 1-нээс олон улсын хилээ нээхээр төлөвлөж буй. Гэхдээ цар тахал айл бүрт сүүдрээ тусгаж төр нь барьц алдаж буй энэ үед хилээ нээх нь эрсдэлтэй хэмээн олон нийт шүүмжлэх болов. Өнгөрсөн долоо хоногт /2021.04.12-18/ Covid-19 халдварын нийт 6966 тохиолдол батлагдаж, 22 хүн нас барсныг ЭМЯ-ны статистик мэдээлэлд дурджээ. Дотоодод хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 3-4 оронтой тоонд хүрсэн тул хилээ нээвэл цар тахлыг барьж дийлэхгүй хэмээн иргэд болгоомжилж буй.
Covid-19 халдварын тохиолдол 3-4 оронтой тоо руу өсөв
Covid-19 халдвараар долоо хоногт 22 хүн нас барав.
Нөгөөтээгүүр хилээ нээснээр элгээрээ хэвтэж эдийн засагт үр өгөөжөө өгч, уналтад орсон агаарын тээвэр, аялал жуучлалын салбарыг дахин хөл дээр нь босгох шаардлагатай хэмээн салбарын төлөөллүүд үзэж, бэлтгэлээ хангажээ.
Тодруулбал, хил нэвтрэх дүрэм журмаа тодорхой болгохоор ГХЯ, ЭМЯ, МХЕГ, БОАЖЯ, ЗТХЯ, ИНЕГ хамтран ажлын хэсэг гарч, ажиллаж байгаа аж. Гэхдээ бүх улс орнууд руу хилээ зэрэг нээхгүй гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлж буй. Тус яамнаас хил нээхээр болсонтой холбогдуулан ирэх сараас чартер нислэгийг зогсоож, тогтмол нислэгийн хуваарьт шилжүүлэхээр болсныг дуулгасан.
ТАВДУГААР САРД 5 ЧИГЛЭЛД 16 НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/, “МИАТ” ТӨХК-иас тавдугаар сарын нислэгийн хуваарийг гаргажээ.
"МИАТ" ТӨХК-иас СӨҮЛ, ТОКИО, Франкфурт руу нислэг үйлдэнэ.
НИСЛЭГИЙН ХУВААРЬ БАТАЛСАН Ч УЛС ОРНУУДТАЙ ТОХИРОЛЦООГҮЙ ГЭВ
Энэ талаар ИНЕГ-ын мэдээлснээр тавдугаар сард хил нээвэл нислэг үйлдэх бэлэн байдлыг хангаж, тогтмол цагийн хуваарийг баталсан ч цар тахал, вакцинжуулалттай холбоотойгоор улс орнуудын хилийн хязгаарлалтын асуудал хөндөгдөх болжээ. Энэ талаар тус газрын дарга дарга Л.Бямбасүрэн “Бид бүхэн хилээ нээж, нислэг үйлдэх бэлтгэлээ бүрэн хангасан тулЭрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын журмыг хүлээж байна. Гэвч хилээ нээж, нислэгүүдийн хуваарийг товлосон ч улс орнуудын нөхцөл байдлаас шалтгаалж байна. Одоогоор улс орнуудын тухайд журам нь тодорхойгүй байгаа учраас Монгол Улс бусад улстай нислэг үйлдэх хэлэлцээр хийх, тохиролцоонд хүрэх асуудал яригдаж байна.
Тавдугаар сард цагийн хуваарийн дагуу нислэг товлож хуваарь гаргасан ч улс орнууд одоогоор захиалгат нислэгийн журмыг мөрдөж байна. Тэгэхээр одоогийн байдлаар тогтмол нислэг хийхээр тухайн улс орнуудтай одоогоор тохиролцсон асуудал алга. Олон улс вакцинжуулалтын нөхцөл байдлыг харж байна.
Хэрэв Израил шиг улс орнууд хүн амаа вакцинд хамруулчихвал олон улс хил нээхэд ямар ч асуудалгүй. Ер нь вакцинжуулалтын нөхцөл байдлаас хамаарч маш олон асуудлыг шийдвэрлэх учраас улс орнууд эцсийн шийдвэрээ гаргаагүй” гэлээ.
ЗТХЯ: ВАКЦИНЖУУЛАЛТ УДААШИРЧ, НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРВЭЛ ХИЛ НЭЭХ АСУУДАЛ УДААШИРНА
Урьдчилсан байдлаар тавдугаар сард хилээ нээснээр таван чиглэлд 16 нислэг үйлдэхээр болсныг Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-аас мэдээлж байгаа юм. Тус яамнаас хилээ үе шаттайгаар нээж агаарын тээврийг сэргээх хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлж буй. Хил нээхтэй холбогдуулан цаашид ямар бодлого баримтлаж буй талаар ЗТХЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагаас тодруулахад “Зам тээврийн хөгжлийн яамнаас хил нээвэл эхний ээлжид агаарын тээврийн салбарыг сэргээх чиглэлд бодлого баримталж байна. Одоогоор бид Хятад, Москва, Хөх хот, Улаан-Үд, Эрхүү, Астана чиглэлд 1-2 нислэг үйлдэхээр төлөвлөж 1000 гаруй тусгаарлах байрны нөөц бэлдсэн саналаа хүргүүлсэн. Гэвч ОХУ нислэг үйлдэх сонирхолгүй, Хятад ч бас сонирхолгүй аль болох ногоон бүс байх тал дээр илүү анхаарч байгаа бололтой. Энэ асуудалд ГХЯ-аас ажиллаж байна. Бид олон улсад хилээ нээнэ гэдэг мессежийг өгөх нь чухал байна. Агаарын тээврийн үйл ажиллагааг сэргээх нь зөвхөн Монголоос хамаарахгүй, бусад улс орнуудын нөхцөл байдал, шаардлагаас шалтгаална.
Дэлхий нийт вакцинжуулалтын нөхцөл байдлыг харж байна. Засгийн газар долдугаар сарын 1-н гэхэд хүн амын 60 хувийг вакцинд хамруулахаар тооцож, дархлаажуулалтыг эрчимжүүлж байгаа нь давуу тал болж байна. Энэ нь хилээ нээж агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарыг сэргээхэд эерэг нөлөө үзүүлэх юм. Хүн амыг дархлаажуулснаар дотоодын халдвар хумигдаж, гадаадаас Монголыг зорих жуулчдын тоо ч нэмэгдэнэ. Тиймээс зургадугаар сард илүү олон нислэг үйлдэж, долдугаар сар гэхэд нислэг тогтворжих болов уу гэж харж байна.
Хэрэв вакцинжуулалт удааширч халдварын нөхцөл байдал хүндэрсээр байвал хил нээх асуудал удааширна л гэсэн үг” гэлээ. Түүний хэлснээр цар тахлын хуулийн дагуу ЗТХЯ-аас УОК, ИНЕГ-тай хамтран тавдугаар сарын нислэгийн хуваарийг баталжээ.
Ирэх сарын 1-ний Токио, Сөүл чиглэлийн нислэгээр нийт 430 гаруй хүн ирж магадгүй гэх тооцоо гарчээ. Энэ дагуу УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байрны нөөцийг бэлдсэн байна. Мөн тавдугаар сард Бусан хот руу шууд нислэг үйлдэхээр болсон аж. Хил нээгдснээр долоо хоногт 1-2 нислэг үйлдэхээр тооцжээ.
ЗТХЯ-аас хил нээгдэж, нислэг тогтворжвол бүтээн байгуулалт, аялал жуулчлалын улиралд ажлын шугамаар болон жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр эдийн засагт үр өгөөжтэй хэмээн үзэж байгаа юм. Хэдийгээр дотоодод бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдэж байгаа ч хил нээгдсэн ч сөргөөр нөлөөлөхгүй гэх байрь суурьтай байна.
БИД ҮҮДЭЭ НЭЭСЭН Ч НИСЛЭГ ОЛОН УЛСААС ХАМААРНА
Хэрэв хил нээгдвэл аялал жуулчлалын улиралд энэ онд 40 мянган жуулчин манай улсыг зорих тооцоо байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-аас энэ онд аялал жуулчлалыг эргэн сэргээх чиглэлд анхаарч ажиллах бол 2022 оноос жуулчдын урсгалыг татах чиглэлд анхаарах бодлого баримталж байгаа аж.
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.БАЯСГАЛАН:
Засгийн газрын гуравдугаар сарын 3-ны өдрийн ээлжит хурлаар олон улсын хилээ тавдугаар сарын 1-ээс нээх шийдвэрлэсэн. Тухайн үед халдварын нөхцөл байдал хүндрээгүй байсан. Гэвч өнөөдөр дотоодод халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул тавдугаар сарын 1-ээс улсын хилийг нээх эсэхийг УОК-оос эцэслэн шийдвэрлэх болов уу.
Гэхдээ бид үүдээ нээлээ ч тухайн улсуудын нөхцөл байдлаас шалтгаална. Жишээ нь, БНСУ-аас жуулчид татъя гэхэд тус улсад вакцинжуулалт хангалтгүй байна. Тэгэхээр вакцинд хамрагдаагүй иргэд гадаадын улс орнууд руу зорчсон тохиолдолд буцахдаа 14 хоног тусгаарлагдана. Ийм тохиолдолд хүмүүс аялах сонирхолгүй байна. Зөвхөн бид хилээ нээснээр л бүх асуудал шийдэгдэхгүй, тухайн улсын дүрэм, журам зохицуулалтаас шууд хамаарч байгаа юм.
Олон улсад аялал жуулчлалаа сэргээхэд төлөвлөгөөгөө гаргах шаардлагатай болж байна. Цар тахлаас өмнө бид олон улсын агаарын тээврийн чиглэлийг нэмэгдүүлэх, суудлын даацыг нэмэгдүүлэх, нислэгийн үнийг хямдруулах гэсэн асуудал тулгамддаг байсан. Харин одоо цар тахлын нөлөөгөөр бүх урсгал зогссон учраас аялал жуулчлалыг эргэж сэргээхэд анхаарч байна. Бизнесийн орчин өөрчлөгдсөн, хэрэглэгчид буюу жуулчид халдварт өртөхөөс айх айдастай байна. Зөвхөн Монгол Улсыг зорихдоо бус агаарын тээвэрт халдварт өртвөл яах вэ, нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэхдээ халдварт өртвөл яах вэ гэдэг айдастай байна. Энэ айдсыг нь багасгаж, хэрэглэгчдэд итгэл төрүүлж, жуулчдын урсгалыг яаж сэргээх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Жуулчдын тухайд дамжин нислэг сонгохоос илүү богино зайн нислэгийг илүүд үзэх болж байна. Иймд Монгол Япон, Солонгос, Хятад, Герман зэрэг шууд нислэгтэй улс орнууд руу нислэг үйлдэж, агаарын тээвэр, аялал жуулчлалын салбараа сэргээнэ гэж төлөвлөж байна" гэлээ.
БОАЖЯ-ны мэдээлснээр цар тахлын нөлөөгөөр олон улсад "travel bubble" хэмээх шинэ хандлага бий болжээ. Энэ нь улс орнууд хоорондоо аялал жуулчлалын шугамаар зөвхөн жуулчдад зориулсан чартер нислэгээр, аялах боломжийг бүрдүүлэх юм. Ингэснээр жуулчид халдварт өртөх эрсдэлийг багасгах давуу талтай аж. Энэ шинэ хандлагыг Монгол ч бас нэвтрүүлэх боломжтой хэмээн салбарын яамнаас үзэж байгаа аж.
ОХУ, ТУРК, КАЗАХСТАН УЛСААС БУСАД НЬ ОРШИН СУУХ ВИЗТЭЙ ИРГЭДИЙГ НЭВТРҮҮЛНЭ
Монгол Улс агаарын хилээ үе шаттай нээх талаар холбогдох судалгааг хийсэн байна. Эхний ээлжид Монголтой шууд нислэг үйлддэг Япон, Герман, Солонгос, Хятад, Орос, Турк, Казахстан улстай харилцан адил нөхцөлөөр хилээ нээж нислэгийг сэргээх боломжтой хэмээн үзэж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэлэв.
Тэрбээр “Одоогоор Орос, Турк, Казахстан гурван улс нь гадаадын иргэдэд ямар нэгэн визийн нөхцөлөөр хязгаарлалт тогтоогоогүй байгаа юм. Бусад улсын хувьд зөвхөн тухайн улсад оршин суух визтэй иргэдийг нэвтрүүлж байна” гэдгийг хэлсэн юм. Хэдийгээр агаарын тээврийн салбарынхан нислэг үйлдэх бэлэн байдлаа хангасан ч хилээ нээх асуудлыг УОК, Засгийн газар эцэслэн шийдвэрлэхийг салбарынхан үзэж байна.