
“Корона бол зүгээр л ханиад”, “Монголчууд корона туссан ч хүндрэхгүй”, “Миний эргэн тойронд ковидоор өвчилсөн хүн алга. Хаана тийм олон зуун хүн өвчлөөд байгаа юм бэ?”, “Энэ бол зүгээр л эрх баригчдын зохиосон үлгэр” гэх мэт цуу яриа сошиал орчинд түгсээр байна. Нохой хамартаа хүрэхээр усч гэдэгчлэн өвчин тахлыг яг өөрийн бие дээр, арьс махандаа мэдрэхээс нааш үгүйсгэсэн, үл тоосон байдлаар хандаж байгаа нь ковидын халдвар тархах нэг үндэс, суурь болсон болов уу. Ковидыг үгүйсгэх, эсвэл янз бүрээр тайлбарлах явдал зөвхөн Монголд ч биш дэлхийн улс орнуудад гарсаар байгаа ажээ. Германы Фридрих Эбертийн сангаас санаачлан ковидын талаарх судлаачдын нийтлэлийг монгол хэлнээ хөрвүүлсний нэг нь Катрина Шлэгер, Ёохен Штайнхилбер нарын “Эрх чөлөө, итгэл, хардлагын онолууд” юм. Уг нийтлэлд дурдсан гол санаануудыг товчлон хүргэе.
Дэлхийн улс орнуудад “Ковид-19”-ийн тухай мэдээллийн үер савнаасаа хальжээ. Тиймээс вирус, түүний эмчилгээ, вирусийн эсрэг хийх тэмцлийн стратегийн тухай шинжлэх ухааны мэдээллүүд, цар тахал бусад орнуудад хэрхэн тархаж байгаа талаарх мэдээлэлтэй зэрэгцэн худал мэдээллүүд маш хурдацтай тархаж үнэн, худлыг нь ялгаж салгахад амаргүй болоод байна. Иймэрхүү хардлагын онол, худал мэдээлэл бүх оронд байдаг. Зөвхөн тархалтын зэрэг ба ямар бүс нутгууд болон үндэстнүүд байна гэдгээс хамаараад хачир нь л өөр байдаг аж.
Билл Гейтс вирусийг нээсэн, эсвэл 5G сүлжээний шонгуудаас вирус тараад байна гэх мэт хардлага, цуурхал гарч байв. Энэ хардлагаас болж Их Британид хоёр сарын дотор үүрэн сүлжээний шонгуудад 100 гаруй удаа гал тавьсан байдаг.
Вирус гэж огт байхгүй гэхээс авахуулаад вирусийн эмчилгээ хүртэл худал гэх мэдээлэл, цуурхал ковидын эхэн үед Европын орнуудад тарж байжээ. Францад ковидыг эмчлэхэд хар тамхи сайн гэсэн цуурхал гарсан бол АНУ-д ариутгалын бодисыг тариагаар хэрэглэ гэх мэтээр ярьж бичиж байв. Ер нь хардлага, цуурхал тараагүй газар үгүй. Ертөнцийг үзэх үзэл, улс төрийн үзэл баримтлалаас хамаараад ковидтой холбоотой хардалт улс улсад өөр. АНУ-д ковидын эх үүсвэрийг БНХАУ болон бусад гэж, харин БНХАУ-д АНУ ба Япон болон бусад гэж хардаж байсан бол Туркт “дэлхийн еврейчүүдийн хуйвалдаан”, Грек, Словакт нууц гүрнүүдийн хийж байгаа ажил, Францад баруун Африкийн зарим орнууд зориудаад гаргаж бусад орнуудыг хохироож, хүн амын тоог нь хорогдуулахын тулд вирусийг бүтээсэн гэдэг цуурхал тарсан байна.
Польшид хийсэн нэгэн судалгаагаар хардлагын онолд итгэгчдийн тоо цар тахлын улмаас эрс нэмэгдээгүй, харин цаашид ч стандарт төвшинд буюу хардлагын онолын сэдвээс хамаараад олон нийтийн 10- 25 хувьд хэлбэлзсэн хэвээрээ үлдэх нь гэдгийг тогтоожээ. Олон нийтийн 25 хувь нь “Ковид19”-ийг нээсэн буюу лабораторид бүтээсэн, хөгшид ба сул биетнүүдийг нөгөө ертөнц рүү буцаахын тулд нээсэн, 15 хувь нь АНУ-ыг сулруулахын тулд БНХАУ нээсэн, мөн 15 хувь нь БНХАУ-ыг сулруулахын тулд АНУ нээсэн гэдэг бодолтой байгаа аж. Их Британид Оксфордын их сургуулийн судалгаагаар судалгаанд оролцогсдын 21 хувь нь вирус бол заль мэх, 62 хувь нь хүний гараар бүтээгдсэн гэдэгт тодорхой хэмжээгээр итгэж байгаа аж.
Африкийн олон оронд өдөр тутмын сонинууд, эсвэл бусад хэлбэрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд телевиз, радиогоор нэвтрүүлдэг олон нийтийн хэлэлцүүлэг гэж бараг байдаггүй. Баруун Африкт хардлагын онолыг тэр дор нь шүүрч аваад цуу яриа дорхноо л улс орон даяар тархдаг байна. Эдгээр орнуудын хамгийн дуртай цуурхал нь “Франц улс Африкийн орнуудыг хуулийн асрамжид байлгахын тулд юу гэгчийг хийж байгаа тухай” хардлага юм. Малид нэгэн адил хардлагын онол үржил шимт хөрсөнд суулгасан үр мэт соёолж What’s app группууд дамжуулсаар тэр дорхноо тардаг байна.
Энэ бүх байдал, хардлагын онол, цуурхлын эсрэг улс орнууд өөр өөрийн арга хэмжээг авч эхэлжээ. Тухайлбал, Швед улс хэт барууны үзлийг баримтлагсад, гадаадын мэдээллийн кампанит ажлын дайралтад байсхийгээд өртөх болсонтой холбогдуулан тус улсын социалдемократ засгийн газар энэ дайралтаас хамгаалахын тулд “Шведийн сэтгэл зүйн хамгаалал” нэртэй шинэ агентлаг байгуулах шийдвэр гаргаад байна. Энэ агентлагын зорилго нь Шведийн нээлттэй, ардчилсан нийгэм ба Шведийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх явдал гэнэ. Шинэ агентлаг нь хуурамч мэдээлэл зориудаар тараах кампанит ажлуудыг илчлэх, тэдгээртэй тэмцэх төрийн чадамжийг дээшлүүлэх үүрэгтэй юм байна.