Цах тахлаас ангижрах цор ганц арга бол ВАКЦИН

Цах тахлаас ангижрах цор ганц арга бол ВАКЦИН

Цар тахал дэлхий дахинд дэгдэж, хүн төрөлхтөн хоёр жилийг коронавирусийн “эрхшээлд” өнгөрөөлөө. Агаар туслаар болон ахуйн хавьтлаар хүнээс хүнд халдварладаг уг вирусээс  ангижирч, энгийн амьдралын хэв маягт шилжих цор ганц гарц нь вакцин юм. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд олон улсын эрдэмтэд Ковид19-ийн эсрэг вакцин гаргаж авахаар эрчимтэй ажиллаж, хүмүүс вакцинд найдлага тавьж, анирдсаар байсан юм.

Улмаар цар тахлын эсрэг дархлаажуулалт өнгөрсөн оны 12 дугаар сард Их Британиас эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийн байдлаар дэлхийн 186 улсын 1,106,002,709 хүн вакцинжуулалтад хамрагдаад байна.

Хүн амын тоонд ногдох дархлаажуулалтын хэмжээгээрээ Израиль улс тэргүүлж байгаа бол Их Британи, АНУ, Чили зэрэг орнууд дараагаар нь бичигдэж буй юм. Израиль улс хувьд, хүн амын 58,8 хувь нь ковид19-ийн эсрэг вакциныг хийлгэжээ.

Сонголтоор вакцин хийх боломж аль ч улсад хязгаарлагдмал байна

Монгол улсад Ковид19-ийн эсрэг вакцинжуулалт хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Үүнээс хойш нийслэлийн болон орон нутгийн иргэдээ дархлаажуулалтад хамруулаад буй юм. Ингэхдээ

  • "AstraZeneca" компани болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран гарган авсан AZD1222
  • АНУ-ын Pfizer компани болон Германы  “BioNTech” компанийн хамтран бүтээсэн "BNT162b2"
  • БНХАУ-ын “Синофарм” компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хамтран гарган авсан "BBIBP-CorV" /Vero cell/ 
  • ОХУ-ын “Спутник-V” /Гам-КОВИД-Вак/ гэх дөрвөн төрлийн вакцинаар иргэдээ дархлаажуулаад буй юм.

Гэхдээ Pfizer вакциныг гемодиализын аппаратад ордог эсвэл элэг бөөр зэрэг цул эрхтэн шилжүүлэн суулгасан болон хорт хавдартай зэрэг эрүүл мэндийн шалтгаант хүмүүст хийж байгаа юм. Учир нь манай улсад тус вакцинаас 12,000 хүн тун ирсэн.

Харин ОХУ-ын үйлдвэрлэж байгаа “Спутник V” вакцины эхний ээлжийн 20 мянган тун вакциныг өчигдөр хүлээж авсан бөгөөд тус вакцинаар 65-аас дээш насны ахмадуудыг дархлаажуулах аж.

Тиймээс ямар нэг суурь өвчингүй, өндөр настай биш бол "AstraZeneca" болон “Синофарм” компанийн “Vero cell” вакциныг хийлгэх боломжтой юм.

“Вакцинжуулалтад хамрагдах иргэдийн идэвх сул байна”

Нийслэлийн хэмжээнд явуулын болон байнгын 120 цэгт дархлаажуулалт хийж байна. Улмаар тавдугаар сарын 01-ний байдлаар ковид19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 27239, хоёрдугаар тунд 22472 хүн хамрагджээ.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар нийт 470 орчим мянган хүн вакцинд хамрагдаагүй байгаа юм. Тэдгээрийн дунд жирэмсэн болон жирэмслэх төлөвлөгөөтэй байгаа болон суурь, архаг өвчтэй, өндөр настай хүмүүс бий хэдий ч вакцинд хамрагдах иргэдийн идэвх нэн хангалтгүй байгаа юм.

Энэ талаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны дархлаажуулалтын цэгт ажиллаж буй алба хаагч мэдээлэл өглөө. Тэрбээр “Бусад дүүргүүдтэй харьцуулахад манай дүүргийн иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж байсан. Гэхдээ сүүлийн долоо хоног вакцин хийлгэх хүний тоо эрс буурсан. Хорооны алба хаагчид оршин суугчдад утсаар холбогдож вакцинжуулалтын талаар мэдээлэл өгч байгаа бөгөөд цахим хаягуудаараа ч дархлаажуулалтад хамрагдахын уриалж байгаа. Тиймээс хүмүүс мэдээлэл сайтай байгаа байх. Гэхдээ өөр вакцин хийлгэх сонирхолтой хүн олон байна. Зарим нь зайлшгүй эрүүл мэндийн шаардлагатай байгаа бол зарим нь хаширлаад байх шиг анзаарагдсан” гэлээ.

Цах тахлаас ангижрах цор ганц арга бол ВАКЦИН

Вакцин хийлгэх эсэх нь хүний эрхийн асуудал хэдий ч цар тахлаас ангижирч, айдасгүй амьдрах цор ганц арга нь дархлаажуулалт юм. Түүнчлэн вакциныг сонголтоор хийлгэх боломж дэлхийн аль ч оронд хязгаарлагдмал байна. Тухайлбал:

  • БНХАУ- Sinopharm, Sinovac
  • АНУ- Moderna, Pfizer
  • Их Британи- Pfizer, AstraZeneca
  • Турк- Sinovac
  • ОХУ- ЭпиВакКорона, Спутник V гэх мэтчилэн улс орон бүр харилцан адилгүй вакцинаас иргэдээ дархлаажуулж байна. Тиймээс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.