Малыг тоонд биш чанарт анхаарч өсгөх хэрэгтэй.

Малыг тоонд биш чанарт анхаарч өсгөх хэрэгтэй.

Дэлгэр сумын харьяат Улсын сайн малчин М.Чагнаадорж

Уншигч танд энэ удаагийн ярилцлагын дугаараар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Улсын сайн малчин, залуу үеэ сурган хүмүүжүүлэгч М.Чагнаадорж гуайн яриаг хүргэж байна. Тэрээр бага наснаасаа өдийг хүртэл мал маллаж, буянт малынхаа ашиг шимийг хүртэж яваа буурай юм.

Та хэзээнээс мал маллаж эхэлсэн бэ?

Ээж аавтайгаа багаасаа мал дээр өссөн. 3 жил цэргийн алба хаасан. Одоо ч мал дээрээ байна.

Мал маллах нэг талдаа шинжлэх ухаан юм. Тэгэхээр малчин хүний онцлог юу вэ?

 Мал, байгаль, малчин гурвыг холбоотой гэж би боддог юм. Ер нь бол малчин хүний онцлог бол малаа сайн мэддэг, малаа сайн чанаржуулдаг. Нутгаа сайн олж тарга хүчийг нь сайн авахуулах нь л чухал. Хаана , ямар улиралд малаа яаж бэлчээх вэ гэдгээ малчин хүн өөрөө мэдэж байдаг. Энэ л малчин хүний чадвар юм.

Улирал болгонд мал хариулах арга барил өөр байдаг уу?

 Тэгэлгүй яахав. Намрын улиралд хярдуу нуруулаг агь таанатай газар мал илүү таргалдаг. Намар аажуудаад ирэхээр агь таанад таргалсан мал өвөл өвчин эмгэг олох нь бага, өвөл турах нь бага байдаг. Өвлийн улиралд бэлчээрийн нөмөр сайтай, шуурга салхи бага ордог дулаан, модон ургамал сайтай газар мал онд орох нь илүү сайн байдаг. Манай нутаг бол газар зүйн байршлын хувьд нэг газраа тогтмол байгаад байдаг газар биш. Зуны улиралд хаана ногоо гарсан байна тэнд малаа ногоолуулж, малын элгийг дэвтээж байж мал таргалдаг. Урьдаар ногоо идүүлсэн мал тэр жилдээ тарга сайн авдаг. Мөн намрын улиралд малаа өглөө их эрт бэлчээж, салхи сөргүүлж бэлчээж, хярдуу байгаад байсан мал өвөл турах даарах нь бага байдаг. Салхи сөргүүлж бэлчээсэн мал өлчир болдог. Мөн уруудах нь бага байдаг.

Малчдад халгаатай нэг зүйл бол зуд байдаг. 2000 оны зуд их аюултай болсон гэдэг?

1983 оны өвөл их хүйтэн зудтай байсан. 1993 онд хавар цас орж их зуд болсон. 2000 оны зуд бас их чанга болсон. Ер нь бол зуд гэдэг чинь малчин хүний шандсыг шалгадаг. Малтайгаа зөв харьцаж, малаа зөв маллаж байж мал онд оролт сайтай байдаг. Би эдгээр зуданд алинд нь ч малаа үхүүлж үзээгүй. Манай нутаг орны улсууд намайг байгаль сайн мэддэг л гэж хэлдэг.

Та малын үүлдэр угсаагаа яаж сайжруулдаг вэ?

Би хониндоо барга хуц их тавьдаг. Барга хонинууд богино шилбэтэй, бүдүүн гэдэгстэй турах нь бага их сайн хонь байдаг. Саяхан дорнодоос хуц авчирч тавьсан. Дорнодын илүү нугаламтай хуц 20 30-ийг авчирч нутаг орныхондоо ч их өглөө. Сүүлд эрдэнийн цагаан ухна авч тавиад, цагаан ямаа голлож өсгөж байна. Өмнө нь сартуулын хар ухна Завханаас авчирч тавьж байсан.

Ахмад малчны хувьд залуучууддаа хандаж юу хэлэх вэ?

Манай залуучууд малаа их өсгөж тоонд их анхаарч байна. 2010 оноос хойш байгаль их сайхан байлаа. Ер нь малын тоог утга учиргүй их өсгөх нь гол биш. Ер нь таваарлаг хэмжээндээ таарсан чанарлаг малтай байх ёстой. Залуучууд сайн муу гэхгүй малынхаа тоог өсгөөд л байх юм. Би малаа олон удаа өсгөж олон дахин цөөлж байсан. Олон хүн малжуулсан. Хэтэрхий олон өсгөнө гэдэг чинь байгальдаа ч хортой болчихож байгаа юм. Залуучууд одоо бүл цөөтэй болохоор чанартай мал өсгөж чадахгүй л байх шиг. Уг нь өөрийн ашиг сонирхол борлуулалтын талыг бодож чанарлаг өсгөмөөр байгаа юм. Мөн малыг хүн малладаг, байгалийг хүн өөрөө мэдэж байдаг. Малыг аль облох л эрт бэлчээх хэрэгтэй.  Аажуу бэлчээх тусам л мал бээрэг болдог. Эрт бэлчээх тусам л мал соргог, даардаггүй, турдаггүй байдаг. Залуучууддаа захиж хэлэхэд малаа сайн малла. Малын чанарыг голлож анхаар. Ядарсан хүнээ бас малжуулах хэрэгтэй гэж захимаар байна.