
10 гаруй жил хэцүү нэртэй газар амьдралаа алдсан ч эргээд ухаарах өдөр ирдэг юм байна.
Амьдралд олон удаа бүдэрсэн ч, амьдралын төлөө, үр хүүхдийнхээ төлөө зүтгэж яваа нэгэн аавтай хийсэн ярилцлагаа эрхэм уншигч танд хүргэж байна. Хэрэг төвөгт орооцолдож, муу нэртэй газар олон жилийг үдсэн ч одоо амьдрах гэж тэмцэж явааг нь сонсоод хүний амьдрал олон өнгөтэйг дотроо бодож суулаа. Бялхсан баян амьдралтай биш ч гэсэн байгаагаасаа хүнд илүүчилж, бусдад байнга тусалж, тусалсан хүн нь баярлаж байгааг хараад жаргалтай байдгаа тэрээр яриандаа хэлж байв.
- За 2-лаа яриагаа эхлэх үү?
Би 1997 онд 8 дугаар ангиа төгсөөд хот явж байлаа. Тэр үедээ мянгат малчны хүүхэд байлаа. Тэр үед шилжилтийн үе байсан юм. Өлсгөлөнгийн үе зогсоод ардчилал тогтворжиж байх үе. Одоо бодохоор ардчилал залуучуудад буруу хэлбэрээр их орж ирсэн гэж боддог. Тэр үед нийгэм тэр чигээрээ архи их уудаг байсан. Хятадаас орж ирсэн пийжүү, спирт их ууна. Оюутнууд их уудаг байсан. Хичээл сургуулиа тасална. Нийлж их ууна. Одоогийнх шиг утас шөрмөс байгаагүй болохоор сургалтын төлбөрөөрөө ууна. Тэрийгээ хэлж чадахгүй. Ээж аав минь боловсролтой хүн болгох гэж зүтгэсэн, хөдөлмөрлөсөн. Сүүлд за одоо юу билээ гээд л. Өөрөө үр хүүхэдтэй болоод ирэхээрээ боддог юм байна лээ. Сүүлд хүний нөөцийн менежер болсон. Амьдрал хүнийг төлөвшүүлдэг юм байна. Нас жоохон яваад ирэхээр бодол санааг өөр болгодог юм байна. Хүн амьдралд янз бүрийн юм үзэх тусмаа л хатуужиж, амьдралын утга учрыг их ойлгодог юм шиг ээ.
- Та ямар сургууль төгссөн бэ?
Хэд, хэдэн сургууль хаясан. Бөхийн сургуульд сурдаг байлаа. Сэтгүүлч болох гэж сурч байсан. Айлд байдаг байлаа. Их өлсөнө. Улаанбаатар хотод чинь автобусанд чимхүүлээд л явна ш дээ. Хоёр гар хөхрөөстэй.
- Тийм аймар зэрлэг байсан юм уу?
Тэр үед чинь автобусандаа багтахгүй чихцэлдээд л. Хүмүүсээс зүүгдээд л, яаж ийж байгаад автобусны гишгүүр дээр нь хөлөө тавиад тэгээд явж байтал орно доо. Хаалгаа ч хааж чадахгүй хөдөлнө. Жоохон явж байгаад автобус огцом тоормозлоно. Тэгж хүмүүсээ урагш нь шахдаг байлаа ш дээ.
- Одоо ямар ажил эрхэлж байна? Төрийн байгууллагад ажилладаг уу?
Би сэтгүүлч болохыг мөрөөддөг байсан. Тэгээд өнөөдөр яриа өгнө гэсэн болохоор костюм пиджактай гангараад ирсэн байгаа нь энэ. Түүнээс биш би чинь халтайгаад л явж байдаг. Барилга, мах гээд л хувиараа юм хийж байна. Удахгүй нэг хоолны газар нээх гээд засвар хийлгэж байна. одоо ч тэгээд амьдралаас нэг их их хүсээд байх юм алга. Шунаад ч чадахгүй биз дээ. Чадья ч гэж бодохгүй байна. Энгийн өдөр тутмын амьдралаа болгоод л явж байна. Түрүүний яриад байгаа хэцүү нэртэй газар би цаг нөхцөөх гэж их ном уншдаг байлаа. Гэр лүүгээ ном л захидаг байлаа.
- Та тэр газар хэдэн жил болсон бэ?
Нэг их хүнд яриад байх зүйл биш л дээ. Гэхдээ би тэнд амьдралынхаа 10-аад жилийг алдсан. Ер нь өөрийн буруугаас л орсон.
- Яагаад тийм газар орсон бэ?
Өөрийнхөө алдааг би сайн мэдэж байгаа. Одоо гэхдээ яагаад гэдэг талаар ярья гэж нэг их боддоггүй. Алдаагаа давтахгүй юмсан л гэж боддог. Ээж, аавыгаа ахиж зовоомооргүй байна. Дээрээс нь үр хүүхэд минь том болчихлоо. Үр хүүхдүүд минь миний замаар явчих вий дээ гэж бодож айдаг. Би бол яахав дээ нуусан ч нуугаагүй ч бараг хүмүүс мэдэж байдаг учраас бараг нуугаагүй нь амар байдаг. Намайг Ченж Төмөрөө гэхээр хүмүүс андахгүй.
- Архинаас болсон уу?
Архитай холбоогүй. Товчхондоо бол Улаанбаатар хотод очоод анхны эхнэр маань алт мөнгөний ченж байсан. Ингээд үнэт эдлэл зардаг байлаа. Тэнд голдуу буруу гарын юм орж ирнэ. Тэрийг нь хэл амгүй аваад зарж, дунд нь өөрийнхөө ашгийг олдог байсан. Хамгийн анх бол хулгайн эд зүйлсийг мэдсээр байж авч борлуулсан. Ашиг олсон гэдгээр л эхэлсэн. Залуу ч байж. Нэг алдлаа, хоёр алдлаа. Хүн алдаа гаргаад ирэхээрээ эргэхээсээ илүү улам шийдчихдэг юм байна лээ. Өөрийгөө бол муу хүн л гэж боддог байсан. Би угаасаа л муу хүн юм чинь гэсэн бодолтой болчихсон байсан. Одоо бол ганц ч гэсэн хүн баярлуулчих юмсан л гэж хичээдэг. Миний тусалсан хүн баярлаж байхыг хараад би тийм муу хүн биш л юм байна ш дээ. Энэ нийгэмд амьдарч байгаа хүмүүстэй адилхан сайхан амьдарч болох л юм байна гэж боддог болсон. Дотроосоо эхлээд өөрийгөө уучилж, ойлгох хэрэгтэй. Тэрний дараа амьдрал аяндаа тэгшрээд ирдэг юм шиг санагдсан. Намайг тийм газар байхад аав, ээж минь их зовсон. Хүмүүс намайг асуухаар тэнд, энд байгаа гэж худлаа хэлээд л. Хэцүү л байдаг байсан юм шиг байна лээ. Нүгэлгүй хүн гэж байдаггүй юм гэнэ лээ. Хамгийн хийсэн том нүгэл маань эх, эцгийгээ олон жил зовоосон нь юм даа. Хэдийгээр ийм нүгэл хийсэн ч гэсэн өөрийгөө уучлахгүй бол нүгэл маань зузаарах биз. Тийм болохоор одоо аав ээжийгээ бага ч гэсэн сэтгэлийг нь амар тайван байлгах юмсан гэж боддог. Аав ээж минь одоо л нэг хүүгээ ухаажаад, томоожлоо гэж бодоод тайван амьдарч байна.
- Та хэзээнээс эхэлж буруу аргаар мөнгө олохоо больё гэж бодсон бэ?
Тодорхой хэмжээний цаг хугацааг тийм газар элээчихэж байгаа юм. Тэр газар олон ч найз нөхөдтэй болсон. Нийгэмд нөлөөлөл бүхий хүмүүсийг илүү их таньдаг болчихсон. Буруу гарын ч нөхдүүдтэй их танил болчихсон байсан болохоор тэр газар их удчихсан юм уу даа гэж боддог. Тэнд байгаа хүн болгоныг муу гэж бодож болохгүй. Тэнд хүнийг ойлгодог, чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс байдаг. Надад хайртай хүмүүс их байсан болохоор болих шалтгаан байсан болов уу гэж боддог. Хүүхдүүдээ багаас нь л янз бүрийн асуудалд ороод л явчихдаг байсан болохоор аавын үүргээ олигтой биелүүлж чадаагүй. Хүүхдүүдийг минь ах дүү нар, ээж аав л минь өсгөж өгсөн.
- Хүүхдүүдийнхээ ээжид хаяад явсанд нь гомддог уу?
Үгүй ээ. Хэрвээ хэн нэгэн нь буруутай бол би л буруутай. Хүүхдүүдээ ээжтэйгээ холбоотой байгаасай ч гэж нэг их боддоггүй. Тухайн цаг үедээ бие биенээ ойлгож болно бүтнэ гэж зовлон жаргалаа хуваалцаж хүүхэдтэй болчхоод салангуутаа хүүхдээ хаяад явчихдаг эрчүүд байдаг. Яс юман дээрээ эрчүүдэд тийм зан дэмий ш дээ. Ядаж хүүхэддээ хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Хүнд гомдол тээхэд хүн өөрөө л зовдог. Тийм учраас салсан ч гэсэн гомдлоо орхиод, хариуцлагаа үүрээд амьдралаа бодох хэрэгтэй л гэж боддог. Ер нь хүүхдүүддээ хэлмээр санагддаг юм. Өсөхдөө нэг өнчин юм шиг л өссөн. Хүүхдүүдээсээ уучлал гуймаар санагддаг. Одоо тэр бүх алдаагаа нөхөж хүүхдүүдийнхээ сайн аав байхыг хичээж байгаа.
- Одоо зарим залуучуудыг харж байхад хариуцлагаа ухамсарлахгүй байх шиг?
Тиймэрхүү юмнууд харагддаг. Гэхдээ нэг л өдөр ойлгоно. Зовлон үзэхийн цагт л ойлгоно. Жаргалтай амьдарч байхад хүн нэг их юм бодогдохгүй. Хэзээ нэгэн цагт нас ахиад ирэх юмуу эсвэл өөрт нь зовлон жаргал тохиолдсон үед л ойлгоно. Хүн чинь мөнх бус. Хүний амьдрал баялаг ш дээ. Хүнд заавал зовлон жаргал тохиолддог байхгүй юу. Магадгүй нас эцэслэхийн даваан дээр хэрвээ үр хүүхэдтэйгээ холбоотой байгаад, үр хүүхэддээ аав шиг нь байж чадаагүй юмаа гэхэд эцэг шиг нь байсан бол үр хүүхэд нь эцэг дээрээ ирнэ ш дээ. Тэр чинь л амьдралын утга учир. Үхэхийн цагт хүн дансандаа байгаа мөнгийг бус хэн хэн ирж, хэн халамжилж байгааг л харна ш дээ. Тэгэхээр хүн амьдралд хөрөнгө мөнгө биш хүн чанар цуглуулах ёстой л гэж би боддог юм.
-Та бид хоёрын яриа дуусч байна?
Яахав эвгүй сэдвээр хоёулаа яриагаа эхэлчихлээ. Ярья гэж бодоогүй сэдэв байхгүй юу. Миний уг нь бол ярья гэж бодоогүй сэдэв. Гэхдээ үнэнгээсээ хүнтэй ярилцах сайхан байдаг. Хүмүүс янз бүрээр л хүлээж авах байх. Тэр болгон хүнтэй сэтгэлээ уудлаад ийм юмаа яриад байдаггүй л дээ. Ер нь юмыг нуух тусам л ил болдог. Үнэн юм бол үнэнээрээ л байх сайхан. Маргааш үхэх гэж байгаа юм шиг амьдар гэдэг ш дээ. Тэрэн шиг л амьдрах ёстой юм шиг байна лээ. Бид нар хайраа дотроо нууж явж байгаад нэгнийгээ алдчихдаг. Тийм болохоор хүмүүсийг амьддаа бие биенээ хайрлаж, уучилж байгаасай л гэж хүсдэг дээ.