Ууц, хавсайгаар далдалсан улстөрчдийн “худалдан авалт”

Ууц, хавсайгаар далдалсан улстөрчдийн “худалдан авалт”

Арав гаруй жилийн өмнө. Улстөрчид, УИХ, Засгийн газрын гишүүд бэл бэнчин, бэлэг дурсгалаараа өрсөлдөх марафон ид эхэлж байсан үе. Олны танил улстөрч бусдаасаа ялгарах гээд шаазан аяган дээр нэрээ бичиж, дотор талд нь дээл өмсөн, малийтал инээсэн зургаа томоор хэвлэн тараажээ. Сонгогчид нь өнөө аяганд нь хоол идэх бүртээ эрхэм гишүүнээ долоож байхаар тооцсон бололтой. Нэг хэсэгтээ л мань эр өөрийгөө долоолгосон байх. Түүнийхээ хүчинд бүх л өндөр дээд албан тушаалыг дамжин томорч, баяжиж хөлжсөн. Долоосон сонгогчид нь бахь байдгаараа, утаа униар, түгжрэл, ажилгүйдэл, ядууралтайгаа зууралдсаар үлдсэн. Гашуун боловч үнэн нь тэр.

Улстөрчид ингэж сонгогчдоо, ард иргэдээ хууран мэхэлж, саналыг нь худалдан авдаг бусармаг залхай жишиг манайд тогтжээ. Сонгуулийн жилд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараахыг хуулиар хориглосон ч бусад үед ийм санал сэдлээр мөнгө, эд зүйл, бараа таваар, хоол хүнс тараахыг хориглоогүй нь улстөрчдөд завшаан болжээ. Тиймээс өнөөдөр Сар шинийн баяраар далимдуулан УИХ-ын гишүүд ээлжит “худалдан авалт”-аа хийж байна. Тавгийн хавсай боов, битүүлгэний ууц, ааруул, ёотонхон тойргийн иргэддээ тарааж, дараагийн сонгуулийн саналыг нь урьдчилан худалдан авах гэсэн энэ явуургүй үйлдлийг нь олон нийт эсэргүүцэж, дургуйцлээ илэрхийлж байгаа нь зөв хандлага юм.

Оюутан залуучуудын дунд явуулсан судалгаагаар улстөрчид ийнхүү ахмад настнууд, эмзэг бүлгийн иргэдэд хоол хүнс, Сар шинийн тавгийн идээ тараахыг хулгай, дээрэм хэмээн шуудхан хэлжээ.  Ялангуяа УИХ-ын гишүүд бэлэг тарааж буянтны дүрд тоглодог энэ үзэгдлийг халаасны хулгайтай зүйрлэсэн нь анхаарал татна.

УИХ-ын гишүүд, сайд нар, бусад төрийн өндөр албан тушаалтнууд иргэдэд бэлэг, шан харамж тараах нь яах аргагүй хардаж сэжиглүүштэй, шалгаж нягтлууштай үйлдэл. Тухайн улстөрч өөрийн хөрөнгөөр ингэж бэлэг тарааж бэл бэнчингээ гайхуулж байна уу. Тийм байлаа гэхэд энэ үйлдлээрээ юу харуулахыг хичээв, цаад зорилго нь юу байв? Эсвэл төсвийн мөнгөнөөс нэг гараараа суйлж, нөгөө гараараа иргэд, сонгогчдод бэлэг тараан өглөгч хүний дүрд тоглож явна уу? Энэ хоёрын аль нь ч байлаа эцсийн зорилго нь нэг цэгт л очно. Тэр нь иргэдийн саналыг худалдан авах, тэдний итгэлийг олж аваад төрийн дээд албан тушаал, эрх мэдэл руу мацах. Хоёр сонгуулийн мөчлөгийн хооронд ингэж хонжоо ашиг хайх нь улстөрчдийн гэм биш зан, гэнэт биш хууч болжээ.

Тиймээс хэн их бэлэг тараана, тэр хэрээрээ хүсэл шунал нь их хүн юм аа гээд ойлгочиход болно. Дээр нь бас нүгэл нь ч гэж нэмж болох юм. УИХ-ын гишүүд тойргоо “усалж”, сонгогчдынхоо санал, итгэл үнэмшлийг “худалдан авахаар” Сар шинэ, Ахмадын баяр, Хүүхдийн баяр зэргээр бэлэг сэлт тараадаг энэ явдлыг таслан зогсоох ёстой. Үнэнч шударгаар хөдөлмөрлөж, хангалттай цалин авч, сайн сайхан амьдрах боломжоор иргэдээ хангахын оронд ядуу, даржин, ажилгүй, боловсролгүй, мэдээлэлгүй байлгаж, тэдний боломжийг нь өөрсдөө хуу хаман булааж, татвараар бүрдүүлсэн мөнгийг нь хулгайлж, багаханыг нь бэлэг, халамж болгон түгээж суух сонирхол улстөрчдөд байсаар байна. Энэ бол нэг талаар албан тушаалын гэмт хэрэг, авлига юм. Тиймээс төсөв захиран зарцуулдаг албан тушаалтнаас эхлээд УИХ-ын гишүүн хүртэлх бүх төрийн өндөр албан тушаалтнуудыг аливаа баяр ёслолоор далимдуулан олон нийтэд бэлэг тараахыг хориглон хуульчлахыг хууль тогтоогчдоос шаардъя.