Тэмбүү, Сүрьеэ, хорт хавдар Монголыг "идэж" байна

Тэмбүү, Сүрьеэ, хорт хавдар Монголыг "идэж" байна

Монгол Улсад өнгөрсөн жил 5981 иргэн хорт хавдраар шинээр өвчилж, 4559 хүн нас баржээ. Хавдраар өвчилж буй иргэдийн 80 хувь нь 45 дээш насныхан бөгөөд 72.5 хувь нь хожуу үедээ оношлогддог. Тиймдээ ч хавдраар оношлогдсон хүмүүсийн 60 хувь нь жил хүрэхгүй хугацаанд нас бардаг талаар Хавдар судлалын үндэсний төвийн БТЭИАлбаны дарга Т.Ундармаа “Эрт илрүүлэг, оношлогоо, шинжилгээний талаарх сэтгүүлчдийн оролцоо” сургалтын үеэр мэдээллэв.

Монголчууд автомашинаа жил бүр оношлогоо, үзлэгт хамруулдаг атлаа өөрийн биеэ тэр бүр үзлэгт хамруулдаггүй. Улмаар өвчилсөн үедээ, бүр өвчин нь хүндэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандах нь түгээмэл. Үүний нэг илрэл нь дээрх хавдрын өвчлөл.

Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийн 185 улсаас тэргүүнд эрэмбэлэгддэг аж. Мөн хорт хавдрын шалтгаант нас баралтаараа ч дээрх орнуудын магнайд нь жагсдаг. Элэг, ходоод, уушиг, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар давамгайлдаг байна. Өнгөрсөн онд гэхэд

  • Элэгний хорт хавдраар  1956
  • Ходоодны хорт хавдраар 963
  • Уушиг, гуурсан хоолойн хорт хавдраар 446
  • Умайн хүзүүн хорт хавраар 312
  • Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраар 278 иргэн өвчилснийг илрүүлж, оношилжээ.  

 Хорт хавдраар оношлогдсон үе шатыг авч үзэхэд ихэнх нь 2 шатандаа орсон байх жишээтэй. Тухайлбал, умайн хүзүүн хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 55.2 хувь нь хоёрт шатандаа оношлогджээ.

Орсон борооны араас цув нөмрөх шиг заавал өвдсөн, ямар нэгэн зовиур илэрсэн үедээ бус жилдээ 1-2 удаа эрт илрүүлэгт хамрагдаж байх нь иргэний эрүүл мэнд, өрхий эдийн засагт, цаашил улс орны ирээдүйд ээлтэй алхам гэдгийг сургалтад оролцсон эрүүл мэндийн байгууллагынхан онцолж байсан юм.

Жишээ нь, 1/3 эрт илрүүлгийг амжилттай хэрэгжүүлснээр хорт хавдрын шалтгаант нас баралтыг 35-60 хүртэл хувь бууруулах боломжтой. Ходоо, улаан хоолой, элэг, умайн хүзүүн хорт хавдар нь нийт хорт хавдрын 73-75 хувийг эзэлж буй. Гэхдээ эдгээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлох бүрэн боломжтой бөгөөд эрт илрүүлгийг амжилттай хэрэгжүүлбэл нийт хавдрын 75 хувийг хяналтдаа бүрэн авч чадна гэдгийг Т.Ундармаа эмч тодотгож байлаа.

Монголд нутагшсан корона буюу “тэмбүү”

Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд Бэлгийн замынхалдварт өвчний 9340 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 1.6 хувийг эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс 5817 өвчлөл буюу 1.7 дахин буурсан нь цар тахалтай холбоотойгоор оношилгоо, шинжилгээнд хамрагдсдын тоо буурсантай холбоотой аж.

БЗДХӨ-ний

  • 38.7 хувийг тэмбүү
  • 32.5 хувийг заг хүйтэн
  • 28.6 хувийг трихомониаз
  • 0.2 хувийг ДОХ эзэлж байна.

“Тэмбүүг устгая” аян хоёр жил амжилттай хэрэгжиж илрүүлэлт, оношилгоо үр дүнтэй байсан билээ. 2019 онд 4179, 2020 онд 5433 эерэг илрүүлэлтийг илрүүлсэн бол 1825 тохиолдлыг бүртгэжээ. Энэ нь цар тахлын улмаас илрүүлэлт буурсан үзүүлэлт юм.

10.000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөлөөр Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод аймгууд улсын дунджаас тэргүүлж байна. 2021 онд 6 хүн эл өвчний улмаас нас барж, 3 амьгүй төрөлт бүртгэгджээ.

Халдварт өвчний дараагийн тахал нь ДОХ. Уг халдвартай 300 гаруй хүн одоогоор Монгол Улсад бүртгэлтэй. 2021он хүртэл 666 тохиолдол бүртгэгдэнэ гэсэн тооцооллыг эрүүл мэндийн байгууллагынхан хийсэн ч өнөөдрийн байдлаар 300 гаруй нь илрээгүй, илрүүлээгүй нууц үедээ явж байна. Иймээс эрүүл мэндийн байгууллагынхны амны уншлага болтлоо иргэдэд сануулж байгаа эрт илрүүлэлт, оношилгоо, шинжилгээнд хамрагдах нь зүйтэй юм.

2021 онд ДОХ-ын 16 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны бүлгээр нь авч үзвэл

  • 6.2 хувь нь 16-19 насныхан
  • 14.5 хувь нь 20-24 насныхан
  • 19.1 хувь нь 25-29 насныхан
  • 20.4 хувь нь 30-34 насныхан
  • 15.1 хувь нь 35-39 насныхан
  • 12.3 хувь нь 40-44 насныхан
  • 5.6 хувь нь 45-49 насныхан
  • 3.1 хувь нь 50-54 насныхан
  • 3.4 хувь нь 55 ба түүнээс дээш насныхан байна.  

Нийт тохиолдлын 58 нь эмэгтэйчүүд бол 269 нь эрэгтэйчүүд бөгөөд 99.7 хувь нь бэлгийн замаар дамжжээ. Тэр дундаа 167 нь гей хүмүүс байгааг танилцуулгын үеэр онцолсон юм.

 ХДХВ/ДОХ-той амьдарч байгаа 18 эмэгтэй 29 хүүхэд төрүүлжээ. Үүнээс 9 ээж нь давтан төрсөн. Нэг ч хүүхдэд ХДХВ-ийн халдвар илрээгүй аж.

Иймээс бэлгийн замын халдварт өвчний илрүүлэлт, оношлогоог эрчимжүүлэх, иргэдийг санаачилгатай байхыг эрүүл мэндийн байгууллагаас уриалав. Мөн Орон нутагт бодлогоор бэлгийн замын халдварт өвчний нарийн мэргэжлийн эмчийг бэлтгэх, төрөөс бодлогоор дэмжихэд илүү анхаарах шаардлагатай байгааг ч тодотгож байсан юм.

Сүрьеэгээр өвчилсөн 10.000 орчим хүнийг илрүүлээгүй байна

Монгол Улс дахь сүрьегийн өвчлөлийн түвшин дэлхийн дунджаас 3.4 дахин өндөр байна. Дэлхий дахинд жил 9.8 сая хүн сүрьеэгээр өвчилж байгаа ол Монгол Улсад 14.000 тохиолдол бүртгэгддэг бөгөөд 100.000 хүнд оногдох өвчлөлөөр нь тооцвол дэлхий дахинд 127, Монгол Улсад 437 байх жишээтэй.

Мөн хүүхдийн сүрьегийн өвчлөл дэлхий дахинд 7 хувь бол Монгол Улсад 12 хувь байна.

Манай орны хөрш болох Хятадад сүрьеэгийн 100.000 хүн амд тохиох өвчлөл 59, ОХУ-д 45 байна. Хэдийгээр өвчлөл, тохиолдлын тоо өндөр байгаа ч эмчилгээний амжилт ч дээгүүр үзүүлэлттэй байдгийг ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны статистикийн эмч Б.Уранчимэг онцлов.

Тэрбээр “Монгол Улс нь сүрьеэгийн дарамт өндөр 30 орны тоонд багтдаг. Энэ өвчний улмаас санхүүгийн дарамтад өртсөн өвчитний эзлэх хувь 74 байдаг. Сүрьеэгийн илрүүлэлтийн түвшин 27 хувь. Өөрөөр хэлбэл, сүрьеэ өвчнөөр өвчилсөн 10.000 орчим хүнийг илрүүлээгүй байна гэсэн тооцоолол бий” гэлээ. Ийн илрүүлэлт буурсан шалтгаан нь ковидын улмаас 4 ч удаагийн хатуу хөл хорио тогтоосноос үүдэлтэй аж.

Ид хөдөлмөрийн насныхан буюу 25-34 насныхны дунд сүрьеэгийн өвчлөл өндөх байгааг Б.Уранчимэг эмч хэлж байлаа. Сүрьеэ бол эдгэрдэг өвчин. Гол нь эрт илрүүлэлт чухал.

Монгол Улсад энэ өвчний эмчилгээний хугацаа богиносож, өвчитний эмийн дарамт багасчээ. Өөрөөр хэлбэл, 2-3 жил эмчилдэг байсан бол өдгөө 9 сарын хугацаанд эдгээх боломжтой болжээ.

Эрүүл мэндийн байгууллагын “бөөгнөрөл”

Эрүүл мэндийн байгууллагын 60 хувь нь Улаанбаатарт төвлөрч байна. Эмнэлгийн орны хүртээмжээрээ Монгол Улс дэлхийн эхний 10 орны тоонд багтдаг. Гэвч эмнэлгийн ор хүрэлцэхгүй, коридорт гудас дэвсээд хэвтэж байна гэх гомдол тасардаггүй.

Харин үзүүлэлтээр эмнэлгийн ор ашиглалт 77.2 хувь, хүүхдийн ор 10.000 хүнд ногдох нь 11.3 хувь, дотрын ор 10.000 хүнд ногдох нь 24.6 хувьтай байх жишээтэй.

Хэдийгээр орыг хүссэн хэмжээгээр нь нэмэгдүүлэх боломжтой ч эдийн засагт сөрөг нөлөөтэй. Харин эрүүл мэндийн байгууллагын төвлөрлийг сааруулах, эрт оношилгоо, шинжилгээнд хамруулах нь иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт, улс орны эдийн засаг, ирээдүйд ч ашигтай хувилбар юм.

Тиймээс Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн 5 дүүрэгт яаралтай тусламжийг үзүүлж эхэлсэн бөгөөд хавдрын тусламж үйлчилгээг лавлагаа шатлалын эмнэлгүүдэд үзүүлэх боломжтой болгожээ. Мөн аймаг, дүүргийн эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, орон нутагтаа оношлуулж, эмчлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Түүнчлэн 19 аймагт компьютер томографи, 5 бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нэг аймагт ангиографикийн аппарат суурилуулжээ. Ингэснээр заавал нийслэлийг зорьж, нэг эмнэлэгт дараалал үүсгэх шаардлагагүй болж байгаа юм.

Үүнээс гадна цахим шилжилт Эрүүл мэндийн салбарт тасралтгүй явагдаж байгааг Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох онцлов. Одоогоор 14 тусдамж, үйлчилгээг цахимжуулжээ. Тухайлбал, эмнэлэгт үзүүлэх цаг захиалах, шинжилгээний хариу авах, лист авах гэхчлэн заавал биеэр ирэх шаардлагагүй тусламж үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж, ажил хэрэг болж эхэлсэн байна.

Гол нь дээрх бүх өвчнийг эрт шатанд нь илрүүлэх нь чухал. Монгол Улс эрт илрүүлэг, оношилгоонд энэ жил 60.8 тэрбум төгрөг төсөвлөжээ.