НИТХ-ын төлөөлөгчдөөс ажил таслалтаар Э.Бат-Үүл тэргүүлж байна

НИТХ-ын төлөөлөгчдөөс ажил таслалтаар Э.Бат-Үүл тэргүүлж байна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 удаагийн хуралдаан өчигдөр болсон билээ. 9 удаа хуралдсан хурлын ирцийн талаарх мэдээллийг НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Буяндэлгэр танилцуулсан юм.

НИТХ нь 45 төлөөлөгчтэй. Үүнээс МАН-аас нэр дэвшиж сонгогдсон 34 төлөөлөгч ажиллаж байна. Харин Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон 11 төлөөлөгч ажиллаж байгаа юм.

Эрх барьж байгаа МАН-ын бүлгийн  34 төлөөлөгчөөс НИТХ-ын дарга Ц.Сандуй, мөн төлөөлөгч Ж.Батбаясгалан, Ж.Батсайхан, Д.Мөнхжаргал, Н.Баярмөнх, Б.Сүхбаатар нарын 15 төлөөлөгч 9-н удаагийн хуралдаа бүрэн сууж, НИТХ-аар хэлэлцсэн бүхий л асуудалд сонгогдсон тойргийнхоо иргэдийн санал хүсэлтийг тусган ажиллаж чадсан байна.

Эрх баригч МАН-ын бүлгийн төлөөлөгчдөөс хамгийн их ажил тасалсан нь Баянзүрх дүүргийн засаг даргаар сонгогдож хэдэн цаг ажиллаж байсан эрхэм болох Э.Бат-Амгалан тодорсон байна. Түүний хувьд НИТХ 9-н удаа хуралдахад 6 удаагийн хурал дээр сууж, сонгогчдынхоо хүлээлгэсэн итгэлийг даасан байна.

Сөрөг хүчин болох Ардчилсан намын бүлгийн 11 төлөөлөгч НИТХ-ын 9 удаагийн хуралдаанд маш хангалтгүй оролцсон байна. Тус бүлгийн 11 төлөөлөгчийн 2 нь 9 удаагийн хуралдаанд бүрэн суужээ. Тодруулах юм бол НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү болон НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт нар л хуралдаа бүрэн сууж 100%-ийн ирцтэй байна. Тэдний араас Хан-Уул дүүргээс сонгогдсон Ё.Цацралтуяа 8 удаагийн хуралд суусан гэнэ. АН-ын бүлгийн төлөөлөл болох Ц.Одонтунгалаг, М.Тулгат нарын хувьд 9 удаа НИТХ хуралдахад 7 дээр нь ирж хуралдаа оролцсон байна. НИТХ-ын дарга асан Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн засаг дарга асан Н.Бадарсан нарын төлөөлөгч нар 9 удаагийн хуралдааны 6 дээр нь ирж суусан байна. Харин Л.Нарантуяа төлөөлөгчийн хувьд НИТХ 9 удаа хуралдахад 5 удаа сууж 50+ гэсэн ирцтэй явна.

НИТХ дахь сөрөг хүчний 11 төлөөлөгчийн хамгийн ажилдаа хойрго хандаж байгаа төлөөлөгчид бол Хан-Уул дүүргээс сонгогдсон П.Батчимэг, Б.Түвшин, Э.Бат-Үүл нар тодорсон байна. П.Батчимэг, Б.Түвшин нарын хувьд 3 удаагийн хуралдаанд сууж, сонгогдсон сонгогчдынхоо дуу хоолой болж ажилласан байна.

2012-2016 онд Нийслэлийн засаг даргаар ажиллаж, Улаанбаатар хотыг манлайлан явсан эрхэм болох Э.Бат-Үүлийн хувьд сөрөг хүчин болсон хойноо хуралдаа суудаггүй төлөөлөгч болон хувирчээ. Э.Бат-Үүлийн хувьд НИТХ 9 удаа болоход ердөө 1 удаа л хуралдаа ирсэн байна. Түүний хувьд 2016 оны 07 сарын 6 өдөр НИТХ-ын анхдугаар хуралдаанд ирж үзэгдчихээд л таг алга болчихжээ.

Уг нь 4 жил Нийслэлийг толгойлон ажилласан эрхмийн хувьд сөрөг хүчний хамгийн хүчтэй дуу хоолой болон ажиллах учиртай баймаар юм. Албан тушаалгүй болсон ч гэсэн Аз жаргалтай Улаанбаатар гэх мөрийн хөтөлбөртэй эрх баригч МАН-ын бодлогын алдаа, төрийн залгамж халаа зэрэгт хяналтаа тавих ёстой. Гэтэл өөрийг нь сонгосон Хан-Уул дүүргийн сонгогчдынхоо итгэлийг хүлээхийн оронд ажил хаялт зарлаад явж байгаа бололтой юм.