Хонины ноос ашиглан "Зөрүүдхэн" хүүхэлдэйн кино бүтээжээ

Хонины ноос ашиглан "Зөрүүдхэн" хүүхэлдэйн кино бүтээжээ

Ховдын залуус монгол хонины ноос ашиглан хүүхэлдэйн киног бүтээлээ. 

Тус бүтээлийг сар гаруй хугацаанд хийсэн бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн хамт олон дэмжин ажиллалаа.   

Хүүхдийн уран бүтээл Ховд аймагт дутагдалтай байгаа учраас бага багаар хийхийг хичээж явна гэж урлан бүтээгч Н.Батмөнх онцлон бичжээ.  

Ховд аймгийн харьяат, залуу бизнес эрхлэгч, урлан бүтээгч Н.Батмөнхийн тухайд Монголын анхны хүүхдийн эко тоглоом үйлдвэрлэгч болохоор зорьж яваа. 

 

Тэрбээр монгол хонины ноосоор эко тоглоом хийж, эсгий урлалыг орчин үеийн хэв загвартай хослуулан хөгжүүлж байна. Ингэхдээ хүүхдийн тоглоомыг монгол ахуй, зан үйл, үлгэр туульсын баатруудаар илэрхийлэн бүтээж ирсэн.

 

Хонины ноосоор Ховдын брэнд бүтээгдэхүүн гаргах ажлаа өргөжүүлсээр буй. 

 

 

Тэрбээр Ховд аймагт 100 хувь хонины ноосон тоглоомыг захиалгын дагуу хийхдээ хүүхдийн бүтээлч үйлийг дэмжих, хөгжүүлэх, ёс заншил, түүх, соёл, онцлогийг танин мэдүүлэх зорилгоор монгол ардын үлгэрийн баатрууд болон бүх төрлийн ноосон бүтээлийг урладаг аж. 

Энэ удаа монгол бөхөнгийн өдөрт зориулан бүтээсэн "Зөрүүдхэн" хонины ноосон хүүхэлдэйн киног доорх холбоосоор орж үзэх боломжтой. YouTube холбоос: https://youtu.be/podaA6Oj7TM

Ташрамд, жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг монгол бөхөнгийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Монгол Улсын “Улаан ном”-д бүртгэгдэн, Амьтны аймгийн тухай хуулийн нэн ховор амьтдын ангилалд орсон монгол бөхөнгийн тархац нутгийн нэгээхэн хэсэг нь Ховд, Говь-Алтай аймагт бий. 

Монгол бөхөн бол цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг илтгэдэг чухал амьтан.

 

Монгол бөхөн оршсоор байна гэдэг нь говь, цөлийн экологийн тэнцвэрт байдал алдагдаагүйн нотолгоо болдог ажээ.

Дэлхий дээр монгол бөхөн болон соргог бөхөн гэсэн хоёр зүйлийн бөхөн байдаг. Үүнээс монгол бөхөн нь зөвхөн манай оронд байдаг. Өнгөрсөн оны судалгааны ажлын үр дүнд монгол бөхөнгийн тоо толгой 10 мянга гаруй байгааг тогтоосон юм.

Монгол бөхөнгийн тоо толгой бага хэмжээгээр өссөн боловч хууль бус агнуур, бэлчээрийн хомсдол, ган зуд, халдварт өвчин гээд монгол бөхөнд заналхийлэх аюул олон гэж Дэлхийн байгаль хамгаалах сангаас цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.