Хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг ХОЁР ДАХИН нэмнэ

Хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг ХОЁР ДАХИН нэмнэ

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, ирэх намар гэхэд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах үүрэг чиглэлийг Засгийн газрын хуралдаанаас Боловсрол шинжлэх ухааны сайд болон нийслэлийн Засаг дарга нарт өгсөн билээ. 

Хүртээмжийг сайжруулахдаа хувийн хэвшлийн хүч, оролцоонд тулгуурлах болно гэдгээ БШУ-ы сайд зарлалаа. Харин хэрхэн хамтрах, түншлэх талаар өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагчид, эрхлэгч нартай зөвлөлдлөө.

Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1453 байгууллага байдгаас 481 нь хувийн цэцэрлэг байна. Улаанбаатар хотод 2-5 настай 141 мянган хүүхэд байгаагаас 30 хувь нь хувийн цэцэрлэгт хамрагдаж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах хүрээнд ачаалал өндөртэй 26 хорооны 58 байршлыг зарлаж байгаа. Нийслэлд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 34 мянган хүүхэд байна.

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хувийн хэвшилтэй хамтрахдаа төр хэд хэдэн шийдэл танилцуулж байгаа юм.
 

  • Цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх болон худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг ойрын үед гаргаж хамгийн эхэнд хувийн хэвшлийнхэнд санал болгоно.
     
  • Зарласан бүс нутагт хувийн цэцэрлэг байгуулах, цэцэрлэгээ өргөтгөж шинээр байр түрэслэх болон худалдаж авах тохиолдолд ойр орчимд төр 5 жил цэцэрлэг барихгүй, түрээслэхгүй байх тогтвортой байдлын гэрээ байгуулах
     
  • Цэцэрлэгийн нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээг шинэчлэх
     
  • Цэцэрлэгийн багш, туслах багш нарыг МУБИС тэргүүтэй консерциумаар дамжуулан бэлтгэх, хувийн цэцэрлэгүүдэд хуваарилах
     
  • Ачаалал өндөртэй байршилд хамран сургах тойргийн хүүхдүүдийг хамруулсан хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх, хоолны мөнгө олгох
     
  • Төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдтэй хамтран хамран сургах тойргийг шинээр зурах, тухайн цэцэрлэгт бүртгэлтэй хүүхэд бүтэн жилийн турш тууштай хамрагдах боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлыг танилцууллаа.


Уулзалтад оролцсон хувийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагчид
 

  • Эдийн засгийн болон эрх зүйн тогтвортой байдал
     
  • Цэцэрлэгээ өргөтгөхөөөр зээл авахад батлан даалт гаргах эсэх
     
  • Ачаалал өндөртэй байршилд үйл ажиллагаа явуулдаггүй бол дээрх боломжуудад хамрагдах эсэх гээд олон асуултыг асууж хариулт авсан.

Энэ удаагийн өргөтгөсөн уулзалтаас гадна 6,7 саруудад дүүрэг тус бүрээр хэсэгчилсэн уулзалт зохион байгуулахаар төлөвлөв.