Монгол дахь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай

Монгол дахь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай

Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх хэвлэл мэдээллийн эрх зүйн асуудлаар мэргэшсэн хуульчдын багаас хэрэгжүүлсэн Монгол дахь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн орчны үнэлгээний үр дүн, зөвлөмжийг хуульч, хууль тогтоогч, холбогдох албан тушаалтнуудад танилцууллаа.

Үнэлгээний хүрээнд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, НҮБ-ын дэргэдэх төрөл бүрийн байгууллагуудаас гаргасан тайлан, зөвлөмж болон бусад баримт бичгийг  эш үндэс болгож, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зохицуулах олон улсын хэм хэмжээ, шилдэг туршлагыг Монголын нөхцөл байдалтай харьцуулан судлав. Ингэхдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхтэй шууд холбоотой мэдээлэл авах эрх, үг хэлэх эрх чөлөөний хязгаар, гэмт хэргийн шинжтэй гүтгэлэг, онлайн контентын зохицуулалт, мэдээллийн хэрэгсэл ба үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, Интернэт ашиглах эрх,  хувийн нууцыг хамгаалах тухай, гүйцэтгэх үйл ажиллагаа ба үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, өгөгдлийн хамгаалал зэрэг нийт есөн дэд сэдвийн хүрээнд 54 шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийв. 

Үнэлгээний үр дүнд  Монгол улс дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн зохицуулалт дээр дурдсан 54 шалгуурын тал орчим хувийг хангахгүй байгааг тогтоов. Үүнд мэдээлэл авах авах эрх чөлөө болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн зохицуулалт олон улсын хэм хэмжээнээс хамгийн ихээр зөрж буйн талаар дүгнэжээ. Тухайлбал, Мэдээллийн ил тод байдлыг хангах хууль нь дээд зэргийн ил тод байдлын хэм хэмжээг удирдлага болгох , Мэдээлэл авах эрхийг зөвхөн хуулиар  нарийвчлан заасан цөөн нөхцөлд хязгаарлах бөгөөд тэдгээр хязгаарлалтыг  хуульд тодорхой тайлбарласан байх хэм хэмжээ хангагдахгүй байна. 2016 онд баталсан Төрийн болон албаны нууцын тухай хуульд “төрийн нууц”-ын ангиллын хүрээг хэт өргөнөөр тодорхойлсноос гадна “албаны нууц” хэмээх ангиллыг бий болгож, энэхүү ангилалд хамаарах мэдээллийг "тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батлах”-аар зохицуулсан. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд мэдээллийг нээлттэй, хязгаарлалтай, хаалттай хэмээн ангилж, “албаны” нууцын ангилалтай давхардуулан иргэдийн мэдээлэл авахын эрхийг хязгаарласан. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон талт, олон ургалч байдлыг хуулиар хамгаалах,  шүүхийн нээлттэй, шударга хэлэлцүүлэгт үндэслэн шийдвэрлэснээс бусад тохиолдолд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудаас мэдээллийн нууц эх сурвалжийг илчлэх, ажил мэргэжлийн зорилгоор эзэмшиж буй бусад материалыг ил болгохыг шаардахгүй байх олон улсын хэм хэмжээг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн зохицуулалт хангахгүй байна.

Үнэлгээний үр дүнд  үндэслэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн орчныг сайжруулах тухай зургаан бүлэг бүхий бодлогын  зөвлөмжийг хууль, эрх зүйн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад танилцууллаа. Үүнд, Монгол улсын хууль тогтоомжид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах зорилго ба арга замыг уялдуулж томьёолоогүй нь хуулийг хэтрүүлэн хэрэглэх эрсдэл болгож буй, Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг онлайн болон офлайн орчинд нэгэн адил хамгаалах, Хуулиар тогтоож буй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний хязгаарлалт “зайлшгүй шаардлагатай” байх, байж болох хамгийн бага хэмжээгээр хязгаарлах олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх, Засгийн эрх бүхий үндэсний болон орон нутгийн байгууллага, агентлаг, хороо зэрэг бүхий л түвшний шийдвэр гаргах байгууллагын хуралдаан олон нийтэд ил тод байхыг хуульчлах, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг төслийг олон улсын сайн жишигт нийцүүлэн батлах зэрэг зөвлөмжүүд багтжээ.  

"Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө - Олон улсын хэм хэмжээ, Монголын нөхцөл байдал” дугуй ширээний уулзалтад УИХ-ын ТГ, Хууль зүйн байнгын хороо, Цахим хөгжил харилцаа холбооны яам, ХЗДХЯ, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратеги судалгааны хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны төлөөлөл оролцсон бөгөөд Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв /ICNL/-ийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн Хүрээлэнгээс тус  арга хэмжээг зохион байгуулав.

УТАС: 350002, 99186068