“И МОНГОЛИА” СИСТЕМЭЭС ҮҮДЭЛТЭЙ АЛДААГ  ХОРООН ДЭЭР 14 ХОНОГ ЗАСНА

“И МОНГОЛИА” СИСТЕМЭЭС ҮҮДЭЛТЭЙ АЛДААГ ХОРООН ДЭЭР 14 ХОНОГ ЗАСНА

Баянбүрдийн тойргийн чанх урд байрлах 3 давхар цагаан байшинд очлоо. Тус байшингийн нэг жигүүрт Чингэлтэй дүүргийн 6-р хороо байрлаж, нөгөө жигүүрт тус хорооны өрхийн эмнэлэг ажиллаж байна. Тус байшинд очиход өрхийн эмнэлэгт үйлчүүлэгчид ил хуль. Харин хорооны заал дүүрэн хүнтэй байв.

 “Хүүхдийн мөнгөн тэтгэмж”-д хамрагдсан эсэхээ “И Монголиа” цахим системд хандан шалгаад тусыг эс олсон иргэд хэнээс ямар тусламж авахаа үл мэдэн нүдээ эргэлдүүлнэ. Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн алдаанаас үүдэлтэй орон байр, машин тэрэг, үр хүүхэд нь нэмэгдсэн, хасагдсан гэх шалтгаанаар бухимдсан иргэдийн чанга дуу, зандарсан хоолой, гайхширсан нэгний намуухан ярианд хорооны заал хучигджээ. Өглөө орсон цасны шавар, шавхай дийлдэхгүй, үйлчлэгч эмэгтэйн “Алив цаашаа, алив ийшээ” гэж хажиглан хэлэх нь иргэдийн бухимдал дээр хүч нэмнэ.  

Олон хүний дундуур зүтгэсээр төв танхимд орвол “Би 7 машинтай болсон байна, хүүхдүүд минь бүртгэлгүй байна” хэмээн ярилцах хоёр иргэний яриа чихний үзүүрт сонстоно. Дор бүрнээ амандаа нэгийг үглэн урт дарааллын төгсгөлд зогсоо тэднийг давуулан цааш харвал “Нийгмийн халамж” гэсэн самбарын ард шавилхан биетэй, идэрмэг насны ажилтан нэлээн бухимдав бололтой хөмсгөө зангидан сууна.

Бухимдаж эргэлзсэн нэгэн байхад элэглэн шоолж, инээд ханиад болгох нь ч бий. Системийн ачаалал, алдаанаас үүдэж бухимдсан иргэд асуудлаа шийдүүлэхээр олноороо ирсэн нь тэнд ажиллаж буй хүмүүсийн ачааллыг нэмжээ.

Дараалалд зогсох дугуй бор царайтай төлөв байрын эмэгтэйтэй таван үг солилоо.  Хэдэн сарын өмнөөс 6, 10 насны хоёр хүүхдүүдийнхээ сургуультай ойр хэмээн байр түрээслэн тус хороонд түр оршин суугчаар бүртгэлтэй амьдарч эхэлсэн боловч түүнийг 0-18 насны хүүхэдгүй хэмээн бүртгэл гарч ирсэн нь түүний энэ дараалалд зогсоожээ.

“Засаг дарга” гэж бичсэн хүрэн бор хаалгыг тогшин орвол 30 гаруй насны махлагдуу цагаан залуу найрсгаар орохыг зөвшөөрлөө. Түүнийг Б. Ачбаяр гэдэг хоёр жилийн өмнөөс засаг даргын ажлаа хүлээн авч хашиж буй гэнэ.  

Хурлын урт, царс модон ширээний ард суугаад дэвтэр, бал, дуу хураагуураа бэлтгэн иргэний танхимд болж буй бужигнааны талаарх эргэлзээгээ тайлахаар даргын ярихыг хүлээн идэвхийлэн суулаа.

Засаг дарга Э.Ачбаяр хэлэхдээ:  И Монголиа бол тусдаа систем юм. Бидний хувьд “Үндэсний Статистикийн хорооны хүн амын өрхийн мэдээллийн сан”-ийн дагуу ажилладаг. Энэ нь "Орлогыг орлуулан тооцох аргачлал"-ыг ашиглаж өрхийн амьжиргааны түвшинг үнэлдэг систем юм. Энэ аргачлалын гол онцлог нь хэн, хаана аль бүс нутагт амьжиргааны түвшин доогуур амьдарч байна гэдгийг олж илрүүлж чаддаг. Энэ системийг 3 жил тутам шинэчлэх ёстой бөгөөд хамгийн сүүлд 2018 онд шинэчлэл хийгдсэн. Дараагийн шинэчлэлийг энэ жил эхлүүлж байна.  Энэ нь иргэдийн бүртгэл мэдээллийг журамлаж, цэгцэлж, авилгийг таслан зогсоох зорилготой гэлээ.

Тэрээр цааш хэлэхдээ.., иргэдийн бухимдлыг төрүүлэх болсон шалтгаан нь урьдчилан зарлаж анхааруулалгүй туршилтгүй шууд шинэ систем нэвтрүүлсэн явдал юм. Түүнчлэн иргэд шилжилт хөдөлгөөн хийхдээ хаягийн шилжилт хийлгэдэггүй, тээврийн хэрэгслээ худалдан борлуулахдаа итгэмжлэлээр өгдөг зэрэг нь эргээд өөрсдийг нь будлихад хүргээд байна. Тиймээс асуудалтай иргэд хороон дээр биечлэн ирж мэдээллээ өгөх  шаардлагатай. Өнөөдрийн байдлаар манай хороон дээр гэхэд 100,000 орчим хүн хандаж асуудлаа шийдүүлээд байна гэв.

Хүн амын өрхийн мэдээллийн сан халамжийн тухай хуулийн хүрээнд зорилтот өрхийн гишүүн-иргэнд үйлчилгээ үзүүлдэг. Үүний нэг нь  хүүхдийн мөнгө. Тухайлбал бүртгэгдсэн өрх 1000 онооноос дээд тал нь 700 оноо авбал 91% хувьд багтана. Түүнчлэн нөхөн олгогдох учраас иргэд тайван байж болно. Иргэдийн оролцоотойгоор системтэй холбоотой асуудлыг14-30 хоногийн дотор цэгцэлж, журамлахаар мэргэжилтнүүд ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд үүссэн иргэдийн урт дараалал, бухимдал бусад хороонд ч ижил байгаа. Гагцхүү өрхийн мэдээллийн сангийн шинэчлэлийг Үндэсний статистикийн хорооны систем хэзээ засагдаж дуусна. Тэр цагт энэхүү урт дараалал цэгцрэх болно гэдгийг хорооны ажилчид хэлэв. Нөгөө талдаа иргэд энэ асуудлыг цэгцлэхийн тулд хороонд ирж мэдээллээ шинэчлүүлэх, нягтлуулах нь зөв юм. Ингэснээр дараа дараагийн асуудал үл үүснэ гэж ЧД-ийн 6-р хорооны засаг дарга Э.Ачбаяр тайлбарлав. 

Ингээд талархснаа илэрхийлээд хүрэн бор хаалгыг зөөлөн хаагаад гарлаа. Иргэний танхимд цугларсан хүмүүс шингэрч нэг хэсэг нь асуудлаа шийдүүлээд нөгөө хэсэг нь дараагийн шатны байгууллагад хандахаар шивэр авир ярилцан гарч одлоо.

 

                     

                      Бэлтгэсэн: Сэтгүүлч И.Энх-Амгалан