Ү.ГОМБОСҮРЭН: БИ МОДЫГ УРГУУЛЖ МОД НАМАЙГ БОСГОСОН

Ү.ГОМБОСҮРЭН: БИ МОДЫГ УРГУУЛЖ МОД НАМАЙГ БОСГОСОН

      Увс аймгийн Улаангом сумын иргэн Үрлээгийн Гомбосүрэн эцгийнхээ захиасыг дагаж мод үндэслүүлж, модноосоо өөрөө дэлбээлжээ. Тэрбээр чацарганын мод  тарьж ургуулан үр жимсийг нь хүртэж  гучин жил өнгөрчээ. Нутгийн зон олондоо хүндлэгдэж, олон хүний амьдралыг модтой салшгүй холбосон Ү.Гомбосүрэнтэй ярицлаа. 

Хоёулаа яриагаа модноос эхлье. Миний хувьд мод бол хүчилтөрөгч бэлэглэгч эх дэлхийн амин судас, тэнцвэржүүлэгч гэж боддог. Таны хувьд?

      Дэлхий дээр амьдарч буй хүн, амьтан, ургамал, байгаль, агаарын хүчилтөрөгчийн эх үүсвэр  гэж боддог. Миний амьдралын салшгүй нэг хэсэг юм. Яг л үр хүүхдээ хараад баясан баярладаг шиг би модоо хараад сэтгэл хөдөлж уужим амьсгал авдаг даа.   

Мод гэдэг үнэт зүйлтэй хэзээнээс хэрхэн холбогдож тарьж ургуулахаар шийдсэн бэ?

            Дээр үед аймгийн байгаль орчны газар гэж байсан. Тэнд жолоочоор ороод аймаг сумуудад мод тарих ажлаар их явсан. Ерөнхийдөө модтой ойжуулалтын ажлаар холбогдсон. Зах зээд эхлээд 1991 оноос хувиараа чацарганын мод тарьж эхэлсэн.

Анх чацарганын мод тарьж эхэлсэн тэртээх 1991 оныг эргэн дурсъя?

     Миний аав тариаланч агрономич хүн байсан. Аав чацарганын мод их өгөөжтэй мод байна. Миний хүү 200 мод тарьчих гэхэд нь тэр үед би  зөвшөөрөөгүй. Удалгүй аав минь мөнх бусыг үзээд хажуудах түшиг тулгуур уначихаар хүн хазайдаг л юм байна лээ.  Хэнтэй ярьж зөвлөхөө мэдэхгүй хэцүү цаг үе байсан. Эцэг хүн гэдэг алсын хараа бодолтой байдаг. Аав минь хамгийн сүүлд надад.., Миний хүү газраа битгий хаяарай. Газартай хүн сайхан амьдарна шүү гэж хэлсэн. Энэ үг надад урам зориг өгч аавынхаа хэлсэн чацарганын модыг тарихаар шийдсэн. Анх 350 ширхэг суулгац суулгаж байлаа.

Таны хамгийн анх тарьсан моднууд ургахгүй байгаль, цаг уур гадны нөлөөгөөр сүйдэж нэг үгээр хэлбэл шатах гэдэг зүйл тохиолдож байвуу эсвэл сайхан ургаад улам их тарих хүсэл төрүүлж байв уу?

      Модыг эдийн засгийн тооцоогүй, ашиг олоё гэсэн бодлоор тарьж байгаа хүмүүс үхүүлээд байгаа юм. Модыг тарья.Үүгээр би амьдрая, үр хүүхдээ амьдруулна. Улс орондоо хувь нэмэр оруулая. Модтойгоо харьцая гэсэн сэтгэл гаргаж байж тэр мод ургаж үр жимсээ өгдөг. Учир нь мод бол амьд юм.

Нутгийнхаа хогийн цэг байсан газрыг ойжуулж чацарганы мод тарьсан гэсэн энэ тухайгаа яриач?

            “Гашууны гол” гэж байдаг. Энэ гол хужиртай давслаг гол учир “Гашууны гол” хэмээн нэрлэсэн. Зах зээлд шилжих үед засаг захиргааны нэгж үүсээгүй хариуцах эзэнгүй төвөөс ойрхон гэж хогоо авчирч хаясаар байгаад хогийн цэг үүссэн. Тэр орчмын арван  хэдэн га газрын хогийг цэвэрлээд чацарганын мод тарьсан. Хожим нутгийн ах дүүст амьдралд нь дэмжлэг болох үүднээс  үнэ төлбөргүй хувааж өгсөн. Сэтгэл юм даа. \инээв\

Хүн сэтгэлээсээ хүсч тэмүүлэх юм бол юунд ч хүрч, юуг ч өөрчилж болдгийг харуулсан таны нэг түүхийг сонссон. Цусны хорт хавдар хэмээх хүнд өвчин тусаж гурван жил хэвтэрт байхдаа өөрийгөө өрөвдөж сэтгэлээр уналгүй тэмцэж босч ирсэн. Ингэхдээ өдөр бүр мод харж тэр модтойгоо хамт ургаж төлжиж хөл дээрээ боссон тухайгаа яриач?

       Дөчин насны зааг дээр хүндээр өвдсөн тэр үед нас залуу хүүхдүүд минь бага байна үхэх болоогүй гэж өөртөө хэлдэг байлаа. Би өвдөхөөсөө өмнө хашаандаа хэдэн мод тарьчихсан байсан. Тэр моднууд хаалгаар харагддаг. Тэгээд хүүхдүүддээ өдөр бүр услаад байгаарай гээд тэр модтойгоо уралдаж байгаам л даа. \инээв\ Энэ мод өндөр ургаад үр жимс нь дэлгэрэхэд л би хөл дээрээ босно гэж бодсон. Тэгээд боссон доо.

    Тэргэнцэр дээр суугаад түрүүлээд Гашууны гол дээр тарьсан чацарганы моднууд дээрээ очиход үнэр нь хамар цоргиж сэтгэл булиглаад цаанаасаа эдгэрээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг байв. Ингээд л чацарганы мод бид хоёр салшгүй хүйн холбоотой болсон юм даа.

За эргээд таны чацаргана жимсний бизнесийн тухай ярья. Ер нь энэ төрлийн бизнес эрхэлдэг олон хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн тулгамдсан  асуудал юу вэ?

     Төр засгаас газар тариалан, хүнсний ногоо тарьдаг хувь хүн, байгууллагад төрийн бодлого, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Харин жимс жимсгэнэ, цэцэг ногоо тариалдаг хүмүүст зориулсан бодлого, төсөл хөтөлбөр төдийлөн байдаггүй. Бидний тарьдаг чацарганыг хамгийн хямдаар авдаг боловч чацарганаар үйлдвэрлэдэг эцсийн бүтээгдэхүүний үнэ жил ирэх тусам нэмэгдсээр байдаг. Жишээ нь чацарганын тос, эм, гоо сайхны бүтээгдэхүүн, охь зэргийг зах зээл дээр өндөр үнээр худалддаг. Түүнчлэн Хятад улсаас их хэмжээний чацаргана оруулж ирж байгаа нь чацаргана тариаланчид талбайгаа өргөтгөж энэ чиглэлээр бизнес эрхлэх сонирхол нь жилээс жилд буурч байна.

Иргэдэд чацарганаа хэрхэн хүргэж байна?

     Компани байгуулаад албан ёсны болгоод нэрийн дэлгүүртэй болоё гэхээр төрийн дарамт их. Наад зах нь зөвшөөрөл авах, албан татварын хураамж өндөр учир ихэвчлэн өөрсдийн танилаараа болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан худалдан борлуулдаг. 

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар таны бодол?

     Хэсэг мод тарьж ургуулдаг хүмүүс энэ үндэсний хөдөлгөөнд нэгдье. Хашаалаад худаг усыг шийдээд өгвөл бид өөрсдөө тариад, ургуулаад өгье улс орондоо хувь нэмэр оруулъя гэж санал тавьсан.

    Хариуд нь.., Та нар эхлээд хашаалаад худгаа ухаад модоо тарьж ургуулсны дараа төрд эргүүлээд зар гэсэн. Тэгэхээр тарих хүн байхгүй. Бодлого буруу яваад байна.

Модыг тарих, ургуулах гэж хоёр өөр асуудал байна. Хүн болгон жил бүр мод тарьж байна. Гэвч ургаад хүчилтөрөгч бэлгэлээд байгаа нь хэд вэ? Тэгэхээр тарих, ургуулах хоёрын ялгаа. Энэ талаар?

      Тийм. Модыг эхлээд тарьж суулгана. Тарьчхаад том болж ургатал нь хамгаална. Яг л үр хүүхдээ өсөж том болтол хамгаалж хайрлаж харьцдаг шиг л. Дараа нь ургуулна. Энэ нь хүнийхээр бол тэжээх юм даа. Өдөр бүр услах, арчлах, ярих юм. Намайг зарим хүмүүс модтой ярьдаг солиотойл гэдэг юм. \инээв\

Хавар болоод чацарганын мод тань нахиалаад намар үр жимсээ өгөх үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?

       Энэ мэдрэмж их гоё. Таван сар гараад алаглаал эхэлдэг. Талбай руу ороход эмэгтэй хүн сүрчиг түрхэхээр ямар сайхан үнэртдэг билээ тэрэн шиг  тансаг хүчилтөрөгч үнэртэнэ. Янзын гоё шүү дээ.

Чацаргана жимсний үр өгөөж ашиг тус?

       Маш их ашиг тустай. Нэгд тарьж байгаа хүнд эдийн засгийн ашигтай. Хоёрт нэг га газарт чацарганын суулгау суулгахад хажууд нь 300-400 ширхэг хайлаас, бургас зэрэг модыг салхи нэвтрэхээс сэргийлж тарьдаг. Энэ нь байгальд хүчилтөрөгчийг би болгож газрын хөрсийг төлжүүлдэг ач холбогдолтой.

Чацарганын мод тарьж ургуулдаг хүмүүст төрөөс ямар дэмжлэг үзүүлээсэй гэж боддог бэ?

    Ойжуулах мод тарьж ургуулах газрын асуудал тулгамддаг.Үүнийг л шийдэж өгөөсэй гэж боддог. Төрөөс харж үзнэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж ярьдаг ч хөрсөн дээрээ буудаггүй. Сул газар талбайг ойжуулъя, цэцэрлэгт хүрээлэн парк барья гэхээр зөвшөөрдөггүй.

Манай улсын нийт чацарганын мод тарьж байгаа хүмүүс дотоодынхоо аж ахуй нэгж, иргэдийнхээ хэрэгцээг бүрэн хангаж чадахуу?

   Гаднаас оруулж ирэхгүй бол бүрэн хангана. Гаднаас чацаргана оруулж ирээд байхаар тариалагчид тарих хэмжээгээ багасгадаг. Мөн гаднаас оруулж ирж байгаа чацаргана жимс зохих хэмжээний химийн бордоотой байдаг. Монгол хөрсөнд бол яг байгалаараа ургадаг. Тэр тусмаа Увсын чацаргана том байдаг. Учир нь эрс тэс байгалийн шалгуураар ордог. Зуны их халуун өвлийн тэсгэм хүйтнийг даван гарч чанаржиж ургадаг.

Манайхан ярьдаг говийн хонийг таана, мангир иддэг мах нь амттай гэж яг энэ шиг аймаг аймгийн чацарганы сорт гэж байна уу эсвэл ургаж байгаа газар хөрснөөсөө шалтгаалж байна уу?

   Тухайн аймаг аймгийн хөрс, цаг агаарын байдлаас шалтгаалдаг. Аймгаа өргөж байгаам биш гэхдээ Увсын хөрсөнд ургасан ногоо амттай, чацарганаас тос их гардаг. Дээр хэлсэнчлэн цаг агаарын уур амьсгалаа тэсч илүү чанартай болоод байна гэсэн үг.

            Энд хүрээд бидний яриа өндөрлөж байна. Танд хэлье гэж бодсон, миний асууж амжаагүй зүйл байвал хэлээч?

       Хүн бүр мод тарьж, ургуулж байгаль орчиндоо хувь нэмэр оруулаасай. Чацарганыг тарихын тулд нэн түрүүнд суулгацаа бэлдэж хүлэмжинд тарьвал богино хугацаанд ургацаа авч өрхийн хэрэгцээндээ хэрэглэх болон эдийн засагтаа нэмэр оруулж болдог. Ялангуяа залуу хойч үе  байгаль дэлхийтэйгээ зөв зохистой харьцаж газар шороотойгоо ойрхон байгаасай.

 

       Баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

 

 

 

 

                                       Ярилцсан: И.Энх-Амгалан