.jpg)
Авхаалжтай сэргэлэн, арга зальтай, санаанд багтамгүй худал түүх зохиож ярьдаг хүнийг Мянгуужин гэдэг. Тавь гаруй жил оршин тогносоор байгаа санхүүгийн пирамид бол сүлжээний бизнес юм. Агшин зуурт хулхин дээр цэцэг ургуулж тархийг бүтэн угаах чадвартай орчин цагийн Мянгуужин бол сүлжээний бизнес эрхлэгчид хүмүүсийн хялбар аргаар хурдан баяжих хүсэл, шунал дээр дөрөөлдөг. Тэд өндөр цалин, орон сууц, автомашин, гадаадын аялал зэргээр өгөөш тавьдаг.
Түүхэн замнал:
Сүлжээний бизнес буюу шууд худалдааны борлуулалт Монгол улсад 1972 оноос өнөөдрийг хүртэл гадаад, дотоодоос 600 гаруй сүлжээний компаниуд орж ирж үйл ажиллагаагаа явуулж дампуурах нь дампуурч, баригдах нь баригдаж, хариуцлага хүлээх нь хүлээсэн. Анх “1 төгрөгний аз жаргалын захиа” нэртэй сүлжээний бизнесээр олон мянган хүнийг залилсан түүхтэй. Түүнээс хойш 1990 онд “Жавхланг бадруулагч” 1998 онд иргэдийн шинэ санаачлагыг дэмжих зорилготой, нийгэмд үйлчлэх “Шинэ санаа төв” нь ашгийн бус байгууллага гэж бүртгүүлэн “хөрөнгө оруулалт” нэрээр пирамид тогтолцооны аргыг ашиглан иргэдээс тэрбум 400 сая төгрөгийг төвлөрүүлэн 1200 гаруй иргэнд хохирол учруулсан. Казахстан улсын иргэн М.Марат “Жи тайм” шууд борлуулалтын сүлжээг байгуулан 2017 онд Монголд оруулж ирсэн. Тус сүлжээ нь 12 мянган гаруй хүнийг 25 орчим тэрбум төгрөгөөр хохироосон.
Ухаалаг залилан
Техник технологи хөгжихийн хэрээр сүлжээний залилангийн арга зам нарийн болж байна. Хамгийн сүүлийн жишээ бол энэ оны 1 сард тусгай аппликейшн ашиглан залиллах гэмт хэрэг гарсан. Манай улсын иргэдэд зориулан "FT group", "Familymart", "Wayfair" программуудад Монгол хэлний тайлбартай цэс нээж, “онлайн худалдааны сайт руу хандан даалгавар биелүүлэн урамшуулал авна”гэж мэхэлсэн байна. Эдгээр программууд нь өнгөрсөн оны 11-р сард МУ-д үйл ажиллагаагаа эхлүүлж, энэ оны 1 сарын 24-ний өдөр бүх аппликейшн хаагдсан байна.
Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй хэвлэл мэдээлийнхэнд мэдэгдэл хийсэн. Тэрээр "FT group", "Familymart", "Wayfair" программ ашиглан олон улсын арилжааны биржээр дамжуулан иргэдээс 600.000 төгрөгөөс 150 сая төгрөг хүртэл залилсан хэргийг шалгаж байна. Иргэд орон сууц, тээврийн хэрэгслээ зарж, барьцаалах, хадгаламжаа барьцаалж зээл авсан, хамаарал бүхий хүмүүсээ элсүүлсэн, эмчилгээнд хадгалсан мөнгөө залилуулсан зэрэг тогтоогдсон” хэмээв.
Хохирол барагдуулалт
2006-2008 онд өрнөсөн дуулиант хэрэг бол “Хадгаламж зээлийн хоршоо”-ны уналт юм. Нийт 21 хоршоод дампуурлаа зарлаж арван мянган иргэнийг 67 тэрбум төгрөгөөр хохироосон. Үүнээс 33 тэрбум төгрөгийг Төрөөс иргэдэд нөхөн төлбөр болгон хохирлыг нь барагдуулсан. Энэ үйлдэл нь дараа дараагийн удаа санхүүгийн пирамид байгуулаад төр засгаас төлүүлж болох юм байна гэсэн мэдээллийг иргэдэд өгсөн. Үүний тод жишээ бол одоо цагт шуугиан тариад буй Койн, Криптовалют юм. Энэ нь хөрөнгө оруулалт нэртэйгээр биржийн зах зээл дээр цахим мөнгө болгож ханшийн өсөлт бууралтаас хамааран ашиг олох зорилготой бизнес. Харамсалтай нь биржүүд хакердуулж үүнээс хохирсон иргэд ил гарч талбай дээр жагсаал, цуглаан хийж төрөөс хохиролоо барагдуулах хүсэлтээ илэрхийлсэн байна. Өнөөдрийн байдлаар ЦЕГ-ийн цахим кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 600 хүн гомдол мэдүүлжээ.
“Жи тайм” сүлжээний залилангийн хариуцагчаас Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулах. Эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн 6 автомашиныг худалдан борлуулах, Борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн. Сүлжээний залилангийн хохирол барагдуулсан тохиолдол үүнээс өөр одоогийн байдлаар хуулийн байгууллагад бүртгэгдээгүй байна.
Сүлжээ бол донтуулагч
Сүлжээний бизнес нь бинар/эс хуваагдал/ буюу олон шатлалт маркетингтай. Энэ нь 1 хүн эгнээ үүсгэн доод тал нь 2 хүн элсүүлэх замаар богино хугацаанд их мөнгөтэй болно гэж итгүүлдэг.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын, “Зах зээл судалгааны газар”-аас 2019 онд хууль бус сүлжээний бизнес, пирамид тогтолцоот шууд худалдааны бизнесийн хохирогч нарын талаарх судалгааг хийсэн. Тус судалгаанд 100 гаруй иргэдийг хамруулан асуулга авахад 22 хувь нь 680.0 мянган төгрөгөөс 5000 ам доллар хүртэлх мөнгөөр хохирсон бол, 7 хувь нь хуурамч бараа бүтээгдэхүүн худалдан авч, 22 хувь нь ямар нэгэн байдлаар эрүүл мэндээрээ хохирсон, 48 хувь нь “сүлжээний бизнест итгэж, төөрөлдөж байсан” гэж хариулсан байна.
Хохирогч иргэн А: Найз маань намайг анх “Плантиниум уилтима” гэдэг сүлжээнд оруулсан. Анх би 1070 еврогоор ороод хүн элсүүлэх тоолонд 200 евро урамшуулал өгнө гэж хэлсэн. Тэгээд өөрийн гурван хүүхэд найзынхаа элсэлтийн хураамж төлөөд ямар мөнгө авч чадалгүй хохироод үлдсэн.
Сүлжээ бол хүний шунал дээр ажилладаг донтуулдаг мөрийтэй тоглоомтой адилхан. Миний бодлоор хүмүүс өөрийгөө өндрөөр үнэлэн би мөнгө өсгөнө, өөрийгөө удирдаж чадна гэж боддог гэвч тэгж чаддаггүй юм байна лээ. Үүнээс би “Хөлсөө дуслуулан олсон мөнгө хүнд үлддэг, шуналаа л татах хэрэгтэй” гэж ойлгосон.
“Люмино” хамтлагийн нэгэн дуун дээр хий мөрөөдөж, залхуурч сууж байхаар хөрсөн дээрээ бууж өөрийн хүч хөдөлмөрөөр амьдар гэсэн утгатай мөртүүд нь өдгөө бидний сүлжээний бизнест хэт туйлширч буйг өгүүлэх мэт.
Амаа ангайж дэмий сууж битгий мөрөөд
Харин тэрний оронд бодит амьдралыг сөрөөд
Хүсч байсан бүхнээ ав, мац мац өөд...
Хууль, эрх зүйн зохицуулалт
Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 40-45 хувь нь 22-40 насны залуучууд байдаг. Нийт элссэн хүмүүсийн 75 хувь нь эмэгтэйчүүд байна. Монгол Улсад шууд худалдаа буюу сүлжээний бизнесийг хориглсон хууль эрх зүйн орчин бүрэн бүрдсэн хэмээн хуульч Г.Оюунболд хэллээ.
Хуулиас дурьдвал:
- 2001 онд батлагдсан “Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-д “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа явуулах”-ыг хориглосон.
- 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга” ашиглан Залилах гэмт хэргийг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан.
- 2017 онд батлагдсан “Зөрчлийн тухай” хуульд хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч шалгах хуулийн зохицуулалт гэх мэтчилэн хуулийн зохицуулалт байдаг.
Бичээчийн дүгнэлт
Иргэдийн санхүүгийн боловсрол дээшлүүлэхгүй бол энэ төрлийн бизнесийг хуулиар хориглоод тусыг эс олно. Нөгөө талаас бэлэнчлэх сэтгэлгээ хялбар аргаар хурдан баяжих сонирхлоосоо болж залилангийн хохирогч болдог. “1 төгрөгний аз жаргалын захиа” сүлжээний бизнес таван зуу гаруй, “Жавхланг бадруулагч” 3 мянга орчим, “Шинэ санаа төв” 5 мянга орчим, “Жи тайм” 12 мянган хохирогч бүртгэгдсэн байна. Ухаалаг залилан Койн, Криптовалют, "FT group", "Familymart", "Wayfair" зэрэг сүлжээний хохирогчид одоогоор тодорхой бус байна. Үүнээс харахад Монголчуудын 10% нь энэ төрлийн бизнесийн хохирогч болоод байна. Та үүний нэг бүү болоосой гэж хүсч байна.
“Хөдөлмөр хүнийг тэжээнэ”, “Ажил хийвэл Ам тостоно” зэрэг зүйр үг нь хүний хүч хөдөлмөр, оюун бодлоо шингээж олсон мөнгө л эргээд үр өгөөжөө өгдөг. Харин сүлжээний бизнест хөл тавих нь өлгөсөн махаа “унжаад байхаар унаад өгөөсэй” гээд дээшээ хараад гэвтэхтэй агаар нэгэн буй.
Бэлтгэсэн: И.Энх-Амгалан