НЭГ СУВИЛАГЧИД 244 ӨВЧТӨН НОГДОЖ БАЙНА

НЭГ СУВИЛАГЧИД 244 ӨВЧТӨН НОГДОЖ БАЙНА

Та бидний эрүүл энхийн манаанд өдөр шөнөгүй зогсож байдаг хүмүүс бол сувилагч нар юм. Тэд цаг наргүй, хувийн амьдралгүй, гэр бүлгүй, найз нөхөдгүй мэт ажиллах боловч хэнд ч гомдлолгүй энэрэх сэтгэлээр ард иргэдийнхээ төлөө явсаар байдаг чимээгүй баатрууд. Манай улс зургаан жилийн өмнөөс эхлэн сувилагчийн хомсдолд орсон. Жил бүр сувилагчийн хомсдлын талаар асуудал хөндөгддөг боловч дорвитой шийдэлд хүрэхгүй байсаар цар тахалтай нүүр тулсан. Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш нэн тэргүүнд анхаарах түвшинд хүрээд байгаа. Сувилагчийн хомсдолын нэг шалтгааныг шилжилт хөдөлгөөн гэж судлаачид тэмдэглэсэн. 

Тодруулбал, ядуу буурай орны иргэд өндөр хөгжилтэй улсыг зорьж байна. Манайхан Япон, Герман зэрэг улсуудыг зорих нь ихэссэн. Мөн өндөр цалинтай хувийн эмнэлгүүдэд ажиллах зэрэг сонголт гаргаж байна. 

Сувилагч мэргэжил манай улсад төдийгүй дэлхийд хүртэл хомсдолд орсон мэргэжил болоод байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилчдын 60 хувийг сувилагч эзэлдэг. ДЭМБ-аас сувилагчийн хомсдол 2035 он гэхэд 12.9 саяд хүрнэ гэсэн тооцоо гаргажээ. Манай улсад эрүүл мэндийн салбарт 56 мянга орчим хүн ажиллаж байгаагийн 13,473 нь сувилагч. Нийт сувилагч нарийн 90 хувь нь эмэгтэйчүүд байна. 

        (График-1, Үндэсний Статистикийн хороо)

Сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн, эрчимт эмчилгээний тасгийн ахлах сувилагч Н: Мэргэжлээрээ 18 жил ажиллаж байна. Эмч иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа хийдэг бол сувилагч хүн иргэдэд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлдэг. Цагаан хладаа өмсөөд хүмүүст туслаад, талархлын үгийг сонсох их сайхан байдаг. Зарим хүмүүс уур бухимдлаа гаргаж өвдөж, гэмтэж, бэртсэн нь сувилагчийн буруу мэт аашилдаг. Мэргэжлийн хомсдлоос үүдэн ачаалал эрс нэмэгдсэн. Ер нь хүнд, цалин бага, шаардлага, хариуцлага өндөр, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ байхгүй, хүний нөөц дутагдалтай зэрэг олон бэрхшээл өдөр тутам тулгардаг. Иргэд сувилагчийг мэдлэг дутмаг гэж үнэлдэг. Сувилахуй бол бие даасан ШУ бөгөөд асрах, тэтгэх, эрүүлжих үйл ажиллагааг тэтгэдэг эрүүл мэндийн байгууллагын салшгүй хэсэг юм. 

Мэргэжилтэн бэлтгэх

Өнөөдөр манай улсын эрүүл мэндийн салбарт сувилахуйн шинжлэх ухааны чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн 11 сургууль сувилагч бэлтгэн гаргаж байна. Засгийн газрын 2020 онын 2 сарын 19-ний өдрийн 70-р тогтоолоор сувилагч мэргэжлээр суралцаж байгаа 2,5-3,0 дээш голч дүнтэй оюутанд 70-100 хувийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт төрийн болон хувийн сургуулийн оюутнуудад тэгш үйлчлэхээр  тогтоол гарсан боловч одоогийн байдлаар АШУҮИС-д хэрэгжээд байна. Өдгөө 94 жилийн түүхт сувилагч мэргэжилтэн бэлддэг ууган сургууль бол АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль юм. 

АШУИС-ийн Сувилахуйн сургуулийн тэнхимийн эрхлэгч Я.Энхжаргал:Манай сургууль 3 болон 4 жилийн бакалаврын дипломын сургалт олгодог. Төгсөлтийн дараа нь мэс засал, чихрийн шижин, нийгмийн эрүүл мэнд зэрэг 22 чиглэлээр мэргэшүүлдэг. Мөн магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Жилд 1300-1500 сувилагч бэлтгэн гаргадаг. Мэргэжилтэн бэлтгээд төгсгөөд байгаач гэсэн сувилагчийн хомсдол манай улсад нүүрлэсээр нэн тэргүүний шийдэх асуудал болоод байна” гэлээ. 

 Сүүлийн гурван жилд нэг сувилагчид ногдох өвчтөний тоог бүсчилсэн болон улс, нийслэлээр доорх графикт харуулсан байна.  Улсын хэмжээнд 2021 оны байдлаар нэг сувилагчид 244 өвчтөн ногдож байна.              

(График-2, Үндэсний Статистикийн хороо)

Нэгдүгээр төрөх эмнэлгийн эх барих, эрчимт эмчилгээний сувилагч М: Би мэргэжлээрээ10 гаруй жил ажиллаж байна. Сувилагч хүн өвчтөнөө энэрч, хайрлаж эмчийн баруун гар болж ажилладаг. Цалин бага, хангамж муутайгаас болоод ажлаасаа их гарч байгаа. Аргагүй шүү дээ. Сувилагч хийгээд адлуулаад явж байснаас нэг лангуун дээр зогсоод худалдагч хийвэл цаг нартай, мөнгөтэй байх байхдаа.  Бид нар тийм бага цалинтай байж өөрсдөө хувцас халууны шил гээд ойрын хэрэглэх багажаа авдаг. 

Сувилагчийн хомсдолоос үүсэх сөрөг нөлөө

Сувилагчийн хомсдол үргэлжилсээр байх нь иргэдийн эрүүл мэндэд аюул учирна гэсэн үг. Өөрөөр хэлбэл аливаа өвчин оношилгоо, эмчилгээ, сувилгаа байж төгс үр дүнд хүрдэг. Түүнчлэн салбартаа үлдсэн сувилагчид ээлжийн сувилагчгүйн улмаас цаг наргүй зүтгэж, сүүлдээ туйлдаж, хөдөлмөрийн бүтээмж муудаж бие, сэтгэлийн хувьд өндөр ачаалал авч байна. Үүнээс улбаалан өвчтөнүүдийн эмчилгээг солих, буруу эм тариа хийх зэрэг ажлын байрны ноцтой алдааг гаргах нь ихэссэн. Жишээлбэл: Өвчтөн М, 45 настай эмэгтэй Ковидын халдвар тусч эмчлүүлэхээр “Өргөө" амаржих эмнэлэгт хүргэгдсэн боловч сувилагч тариа андуурч хийсний улмаас зүрх нь зогсож нас барсан харамсалтай хэрэг гарсан.  

Олон улсад

АНУ, Япон, БНСУ зэрэг улс ДЭМБ, ОУ-ын сувилагчдын нийгэмлэгийн бодлогод нийцүүлэн зорилгоо тодорхойлон хэрэгжүүлж байна. АНУ-ын Сувилагчийн нийгэмлэгээс гаргасан стратегид ЕБС-ийн сурагчдад сувилагч мэргэжлийг сурталчлах, элсэгчдийг нэмэгдүүлэх. Түүнчлэн ажиллах орчныг нь сайжруулах, хүүхдийн цэцэрлэг барих. Шилжилт хөдөлгөөнийг саармагжуулах, хөрөнгө оруулалт төвлөрүүлж сувилагчийг дэмжих боловсролтой болгох, ажлын байр нэмэгдүүлэх. Сувилахуйн ухааны багш ажилчдын тоог нэмэгдүүлж чадавхыг сайжруулах зэрэг бодлогуудыг хэрэгжүүлээд байна. 

Сувилагчийн хомсдлоос гарах шийдэл

“Эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс” та бидний эрүүл мэндийн төлөө өөрсдийгөө умартан яваа цагаан нөмрөгтнүүд өдрөөс өдөрт цөөрч байгаа нь эмгэнэлтэй. Энэ асуудлыг Засгийн газраас шат дараалалтайгаар шийдвэрлэх арга замуудыг хэрэгжүүлсээр байгаа боловч төдийл үр дүнд хүрэхгүй байна. Олон улсын буюу бусад улсын шийдэж буй арга замаас суралцаж сувилагчийн ажиллах орчин нөхцөл боловсролыг нь дээшлүүлэх, гадагшаа гарах хөдөлгөөнийг саармагжуулахын тулд Засгийн газраас 10-20 жилийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.  Түүнчлэн сувилагч нарыг орон сууцны зээлд хамруулах, татварын хөнгөлөлт, урамшууллын системийг нэвтрүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх. Сувилахуйн сургуулийг нэмэгдүүлэх, ЕБС-д сувилагч мэргэжлийг сурталчлах ухуулах, мэргэжлийн үнэ цэнийг өсгөж нийгэмд эзлэх байр суурь нь өсөж, хүндлэгдэж байж энэ мэргэжлийг сонгон суралцагсад, ажиллах хүчний тоо нэмэгднэ.

 

Бэлтгэсэн: И.Энх-Амгалан