ГАЙХСААР СУУТАЛ ГАЗАР ДОР ОРЧИХ ВИЙ

ГАЙХСААР СУУТАЛ ГАЗАР ДОР ОРЧИХ ВИЙ

Сүүлийн жилүүдэд үе үе газар хөдлөлтийн чичиргээ ойр давтамжтай мэдрэгддэг боллоо. Эхэндээ ч яав ийв, хүүе хаая гэдэг байлаа. Сүүлдээ ч болж л байдаг зүйл мэт тоглоом шоглоом болгон өнгөрдөг болжээ. Мэдэрсэн, мэдээгүй гэж мэлэрч маазарч суутал хэлж ирдэггүй гамшиг осол гэнэт тохиох вий дээ!  

Та яг одоо аюулгүй бүсэд байна уу? Эргэн тойрноо нэг ажаад хар даа. Хажууд тань гадна үзэмжийг тольдох цэлгэр том цонх, бидний хэрэгцээг ханган өдөр шөнөгүй ажиллах цахилгаан барааны залгуур зөндөө харагдана уу? Аль эсвэл элдэв зүйл агуулах нүсэр том шүүгээ, сав, доторхыг нь нэвт шувт харж чадах шилэн нүүртэй чамин хийцтэй гоёмсог тавилга байна уу? Гэрт тань өнгө үзэмж нэмэх гэрлийн бүрхүүл тань ямар байна вэ? Энэ бүгдийг харахад гоё, тухтай, бас аюулгүй санагдаж байна уу? Эргэн тойрондоо эрсдэлийн үнэлгээг нэг удаа ч болов хийж үзэх хэрэгтэй болжээ.

Манай орны нутаг дэвсгэр Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог. 20-р зуунд л гэхэд дэлхийд нэн хүчтэйд тооцогдох 8 магнитуд хүрсэн газар хөдлөлт 4 удаа, 7 магнитуд хүрсэн газар хөдлөлт 20 орчим болсон байдаг. Тэдгээрээс хамгийн их хохирол учруулсан нь 1957 онд гарсан Говь-Алтайн газар хөдлөлт юм. Тус газар хөдлөлт нь голомтдоо 11-12 баллын чичирхийлэл үүсгэж, урд хойд хөршийн нутаг дэвсгэрт ч чичирхийлэл нь мэдрэгдэж байжээ. Энэ чичирхийллээс үүдэж газар хөдлөлтийн төвийн бүсэд ойр байсан бүх барилга байшин нурж, 10 гаруй хүн нас барж, 20 гаруй хүн бэртэж гэмтэн, 1000 орчим мал үрэгдэж тухайн үеийн үнэлгээгээр 10 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байдаг. Хэд хоног л газар доороос хонь ямаа майлах дуулдсан гэж хууччуул ярьдаг байсныг одоо ч төсөөлөхөд аймшигтай. Гэтэл энэ аюул хаяанд ирснийг бид сүүлийн үед ойр ойрхон мэдрэгдэх болсон чичирхийллээс ойлгох цаг нэгэнт иржээ. “Газар хөдлөлтийн давтамжийг харахад 2018 онд 30 мянга гаруй бүртгэгдэж байсан бол 2022 онд 50 гаруй мянга болтлоо өсжээ. Энэ бол зөвхөн төхөөрөмжид бүртгэгдсэн тоо” гэдгийг ОБЕГ-ын мэргэжилтэн онцлон мэдээлсэн. Бид жил бүрийн гуравдугаар сард гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийдэг. Засгийн газраас 2011 онд 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн 3-р сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаргийн 16.00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэсэн байдаг. Энэ л өдөрт бэлтгэн хэд хоногийн өмнөөс хэвлэлээр ярьж, иргэдийн гар утсанд мэдээлэл илгээдэг. Тэр өдөртөө сургууль, цэцэрлэг, төрийн аль нэг байгууллага, хамт олон хэрхэн зөв дадлага сургуулилт хийсэн тухай зураг, бичлэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлдэг. Багшийгаа дагасан хэдэн сурагч ганц ном толгой дээрээ тавин сургуулиас гарч, цуглах талбайд явган сууж буй дүр зураг танд буух биз ээ. Гэхдээ ингэж “үзүүлж” буй нь аюулын үнэнтэй нүүр тулахад хангалтгүй юм. Харин Япончууд эртнээс газар хөдлөлтийн аюул хохирлыг мэдэж, мэдэрч өсдөг тул дунд сургуулиудад ч аюултай байдал бий болсон үед хаана хоргодох гэх мэт биеэ хамгаалах талын сургалтыг явуулж, бүр хэвшүүлдэг байна. Хэвшүүлнэ гэдэг нь өглөө, орой бүр тогтмол шүдээ угаадагтай адил дадал болгоно гэсэн үг.

Бид үнэхээр зовлон үзээгүй учраас ирж болох эрсдэлийг үнэлж, мэдэхгүй байна. Захын нэг хүнээс газар хөдлөлт болбол яах вэ гээд асуувал ямартай ч даацын ханаа дагаж явна, ширээн доор орж сууна гэдэг хариулт өгнө. Гэхдээ яг үнэндээ даацын хана гэж алийг нь хэлж байгаа, хэзээ ширээн доор орж, хэрхэн суух вэ гэдгээ нарийн мэддэггүй. Япон улсад зорчиж байсан иргэний яриаг сийрүүлбэл: “Нэг орой унтаж байтал гэнэт л улаан гэрэл эргэлдэж анивчаад, ор чичирсэн. Гайхаад гэрлээ асаасан чинь хананд өлгөөтэй байсан хувцас минь хоёр тийшээ савлаад, хаанаас ч юм Япон хэлээр ямар нэг юм хэлэх нь дуулдсан. Өрөөний хамтрагчтай хоёул гайхаж гайхаж, чичиргээ намдчихаар нь эргээд унтсан. Маргааш өглөө нь сэрээд 5.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон, хүмүүс бүгд аюулгүй талбайд гарч цугласан гэдгийг мэдсэн. Бид ер нь тийм зүйлд хэнэггүй, хайнга юм л гэж бодогдсон. Буудаллаж байсан газрын орны дээр гар шууд сунгаад авч болох гар чийдэн, доор нь дулаан хөнжил, цэвэр ус, эмийн хайрцаг байдаг юм байна лээ.” Энэ мэт хэнэггүй гэх үү, мэдлэггүй гэх үү жишээ ойрхных байна. 

Нийслэлийг тойрсон 4 том хагарал байдаг. Үүн дээр нэмэгдээд 5 дахь том хагарал 2018 онд шинээр бүртгэгдсэн байдаг. Энэ хагарал нь хотын төв цэгийг дайран өнгөрдөг тул бусдыгаа бодвол эмзэг, эрсдэл өндөртэйд тооцогддог. Тодруулбал Олон улсын хүүхдийн Найрамдал төвөөс нийслэлийн голоор дайрч Баянзүрхийн товчоо руу чиглэсэн байдаг аж. Гай нь нэг таарч газар дэлхий шилгээвэл улсын нийслэл, сая гаруй хүн амтайгаа газрын хөрснөөс арчигдах аюул, гамшиг тохиох нь ээ. 

Улаанбаатар хотын:

-6 баллын бүсэд БЗД-ийн XII хороолол, БГД-ийн III, IV хорооллын зарим хэсэг, 

-7 баллын бүсэд ЧД, СБД бүхэлдээ, БГД, БЗД, ХУД-ийн зарим хэсэг

-8 баллын бүсэд I, X хороолол, Дунд гол, Туул, Сэлбэ голын сав газар, СХД-ийн Толгойтын хэсгийн газрууд ордог.

 Нийслэлд гамшгаас урьдчилан мэдээлэх дуут дохионы 60 цамхаг байрладаг. Иргэдэд аюулыг ганцхан минутын өмнө л амжиж зарлан мэдээлэх боломжтой. Тэгэхээр түүнээс өмнө аюулаас сэрэмжилж бид юу хийж болох вэ? Хамгийн эхэнд зах замбараагүй, шавсан орон сууцны хорооллууд маань хэр бат, найдвартай вэ гэдгийг мэдэх нь зүй. 

Улсын комисс барилга байшин хүлээж авах ажиллагаанд газар хөдлөлт талаас нь салбарын хяналтын байгууллага болон Ерөнхий төлөвлөгөөний газраас шалгадаг байна. Барилга байшингуудын хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй байх эсэх нь чанарын стандартыг хэр мөрдөж байгаагаас ихээхэн шалтгаална. Гэтэл цоорхой дээл нөхөж байгаа юм шиг блок, тоосгоор чигжиж өрсөн барилгууд энд тэнд өчнөөн л харагддаг. Барилгын материал жижгэрэх тусам эрсдэл нь томордог аж. Баригдаж байгаа барилгуудын ихэнх нь хийцийн өөрчлөлт ихтэй, инженерийн тооцоолол муу, зориулалтын бусаар ашигладгаас шалтгаалан газар хөдлөлтөд тэсвэргүй гэдгийг ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс ч байнга мэдээлдэг. Нийслэлийн Хот байгуулалтын нэгдсэн мэдээллийн санд 2022 оны нэгдүгээр сарын байдлаар 18,625 барилга, байгууламж бүртгэгдсэн. Эдгээрээс Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм шинэчлэгдэхээс өмнө буюу 2002 он хүртэл баригдсан нийтийн зориулалттай орон сууцны 1320, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 524, нийт 1844 барилга байна. 

2011-2022 онд нийтийн зориулалттай орон сууцны 640, олон нийтийн 258,
нийт 898 барилгад буюу 48%-д нь судалгаа хийн, дүгнэлт гаргаж паспортжуулжээ. 

Энэ бол нэгээхэн хэсэг нь. Түүнээс гадна 2002 оноос өмнө баригдсан, үнэлгээ хийх шаардлагатай орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг 915 барилга бий. 1970 оноос өмнө барьсан, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон. Гэвч эдийн засаг, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалан өнөөдрийг хүртэл тус барилгуудад иргэд оршин суусаар байгаа аж. Нэгэнт баригдсан, үргэлжлүүлэн ашиглах барилгуудыг юун түрүүнд хүчитгэх шаардлагатайг, яаж хүчитгэх боломжтойг ч мэргэжлийн хүмүүс ярьдаг. Барилга байшин нурахаас гадна тог цахилгааны гэмтэл үүссэн нөхцөлд нийт иргэдийн 50 хувь нь дулаангүй, 80-100 хувь нь тог цахилгаангүй болох эрсдэлтэй гэдгийг Гамшиг судлалын хүрээлэнгээс судлан тогтоожээ. Түүнээс гадна газар хөдлөлтөд өртөгсдийн 70 орчим хувь нь тавилгадаа даруулж эрсэддэг гэсэн судалгаа байдаг. Япон улсад тавилгыг намхан сонгож, ханатай нь заавал бэхэлдэг нь ийм учиртай. 

Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог Япон улсын арга туршлагаас сайтар суралцаж, хамгийн гол нь иргэд маань аюулгүй, хохирол багатай даван туулах арга замд нийтээрээ суралцах хэрэгцээ шаардлага их байна. Нэн тэргүүнд улсын бодлого нь урьдчилан сэргийлэх ажилд ач холбогдолтойгоор чиглэх, төсвийг нэмж, зарцуулалтыг сайтар хянах шаардлагатай. Үүнд барилга, хот байгуулалтын асуудлыг онцгой анхаарах, иргэний хамгаалалтын хичээлийг боловсролын байгууллагын бүх шатны хөтөлбөрт чухалчлан оруулах хэрэгтэй. Харин иргэний зүгээс гамшиг ослын үед авах арга хэмжээг хэвшүүлэхэд хариуцлагатай хандаж, дадлага ажилд оролцоотой байх, өрх бүр бэлэн байдлын багцыг бэлдэх нь зүйтэй. 

Гамшиг аюулын ойрын бодит жишээг Турк, Сири улсын газар хөдлөлт бидэнд бэлхнээ харууллаа. Иймд аюул ослоос сэрэмжлэх, хохирол багатай даван туулах анхан шатны мэдлэгийг үзүүлээд өнгөрөх биш, үзүүлэн мэт хийсэн болоод аргацаах бус цогцоор нь олгох нөлөөллийн ажлуудыг сайн хийх хэрэгтэй юм. Цаг үедээ тохирох чанартай контентыг бэлтгэн, нийгмийн хариуцлагын хүрээнд Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд тодорхой давтамжтай нэвтрүүлье. Өнөө цагт нийгэмд хамгийн эрэлттэй байгаа инфлюнсерүүд маань энэ зүйлд ард олныг уриалдаг байя. Мэдэхгүй биш мэднэ, чадахгүй биш чадна. Гэвч үнэхээр бодит зовлонг мэдрээгүй нь бид бүгдийн хойрго байгаагийн шалтаг болоод байна уу даа. 

 

 

Бэлтгэсэн: Б.Азжаргал