У.ХҮРЭЛСҮХ БОЛОН Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН ТУЛААНЫ ЗОЛИОС НЬ Д.АМАРБАЯСГАЛАН БОЛОХ УУ?

У.ХҮРЭЛСҮХ БОЛОН Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН ТУЛААНЫ ЗОЛИОС НЬ Д.АМАРБАЯСГАЛАН БОЛОХ УУ?

Монгол Ардын намын дараагийн дарга Г.Занданшатар. Ийм бодолтой хүн нийгэмд олон байна. Гэвч хөшигний цаана өрнөж буй улс төр арай өөр дүрслэлтэй, бас өөр хувилбартай явагдаад эхэлжээ. Энэ бүхнийг илүү тод, илүү хүч болгон харагдуулсан үйл явдал нь МАН-ын нарийн бичгийн дарга Чулуунзагдын гэрт нэгжлэг хийж, 48 цаг саатуулах шийдвэрт АТГ хүрсэн гэх мэдээлэл. 

Улс төрд унтаа байсан олон асуудал, олон өрнөл, олон таамгийг энэхүү үйл явдал асаачихлаа. Ихэнх нь энэ үйл явдлыг шууд утгаар нь У.Хүрэлсүхийн дүү нартаа өгч буй сануулга гэж таамаглаж сууна. Ингэж таамаглах гол шалтгаан бол Д.Амарбаясгалангийн хамгийн ойрын хүний нэг бол яах аргагүй Чулуунзагд. Түүний хувьд Д.Амарбаясгалангийн бүх цаг үед хажууд нь байж, түшиж, бас дэмнэж, гар хөлийнх нь үзүүрт гүйж ирсэн нэгэн. Тэгэхээр Чулуунзагд гэдэг хүний гэр, ажлын байранд нэгжлэг хийнэ гэдэг бол цаашлаад УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүрэх гэсэн хуулийнхны сануулга байж мэдэх л юм. 

АТГ-ын дарга бол Ерөнхий сайдын шууд томилгооны хүн. АТГ-ын дарга З.Дашдаваа нь 2019 онд тус газрын даргаар анх очихдоо У.Хүрэлсүхийн дэмжлэгээр томилогдсон байдаг. Хэдийгээр тухайн үед АТТ-ын даргын Ерөнхийлөгч санал оруулж, Ерөнхий сайдтай зөвшилцөн УИХ-аар томилдог байсан ч Х.Баттулгад У.Хүрэлсүх санал болгож, Х.Баттулга нь зөвшөөрч, У.Хүрэлсүх нь бүхнийг зохицуулж, АТГ-ын даргаар З.Дашдаваа очсон гэж улс төрийн хүрээнд ярьдаг бор шувуу олон. 6 жил суусны дараа АТГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнийн санал болгосны дагуу улирч ажиллах тогтоолыг УИХ-аас гардаж авсан. Хэдийгээр Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нараар АТГ-ын дарга болохдоо санал болгуулсан мэт харагдавч гол санал болгосон нь өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэсэн таамаг хөвөрч байна. 

МАН-ын даргын сунгааны наана тус намын улс төрчид гурав хуваагдлаа. Шууд нэг талдаа гарчихсан хэсэгт Л.Оюун-Эрдэнэ түүнийг дэмжиж буй Х.Нямбаатар, Д.Сумьяабазар, Н.Батнайрамдал, Л.Ганхүлэг гэх мэт шинэ болон дунд үеийн залуучууд голдуу байна. Харин Г.Занданшатар талд түүний танхимд буй ихэнх сайд нар болон Сү.Батболд, М.Энхболд, Н.Энхбаяр гэх мэт хуучин бууны хугайрхайнууд бүгд ханарчээ. УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн Г.Занданшатарын талд бат зогсохоо илэрхийлсэн байна. Г.Занданшатарын талд зогсож байгаа улс төрчид бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талынхан гэсэн үг. Тэд нэг талдаа хярж байгаад Г.Занданшатарт намын даргын тамгыг атгуулах сонирхол нь их байна. 

Өөх ч биш, булчирхай ч биш байсан хүн бол Д.Амарбаясгалан. Тэр өнөөдрийг хүртэл намын даргын сунгаанд шууд орно гэж хэлээгүй ч шууд бус утгаараа хутгалдчихлаа. Гагцхүү түүний талд С.Амарсайхан тэргүүтэй үнэнч нөхөд нь байна. Мөн МАН-ын бага хурал, Их хурлын төлөөлөгчдийн дийлэнх нь өөрийг нь дэмжинэ гэсэн итгэл, үнэмшил нь байгаа. 

МАН-ын улс төрчид бол хэзээнээсээ ноён урваач зантай. Хүч хаана байна тэнд очиж наалдаж, ашиг хонжоо хайдаг улс төрчдөөр МАН дүүрэн. Тэгэхээр өнөөдөр унаж яваа Л.Оюун-Эрдэнийг очиж налах улс төрч тун цөөхөн. Үүнийг мэдсэн учраас Л.Оюун-Эрдэнэ унахдаа ч үеийнхнээ чирээд унах гээд байна. Үүнийх нь золигт Д.Амарбаясгалан өртөх эрсдэлтэй боллоо. Хэрэв Д.Амарбаясгалан намын даргын өрсөлдөөнд орох юм бол 2026 он гарахад УИХ-ын даргын суудлаа ч алдах эрсдэлтэй. МАН-ын дарга болно гэдэг боломж нь Д.Амарбаясгаланд энэ удаад тун бага юм. Ер нь бол байхгүй гэж болно.