Б.Энхбаярыг сайдаар томилсон Г.Занданшатарыг огцруулах акц өрнөж эхэллээ

Б.Энхбаярыг сайдаар томилсон Г.Занданшатарыг огцруулах акц өрнөж эхэллээ

Улс төр улам улайсчлаа. Хогоо шатаах гэж байгаад гэрээ түймэрдэнэ гэгчээр намын даргын асуудлаа шийдвэрлэх гэж байгаад нэг мөр Монгол төрийг хөлдөө чирэх дээрээ тулчихлаа. 

МАН-ын даргын сунгаанд шулуухан ялчихана гэж итгэж байсан Г.Занданшатар өрсөлдөгчтэй болж, өрсөлдөгч нь өөрөөс нь илүү санал авчихсанд бухимдсан, бачуурсан бололтой. Яавал 2027 он хүртэл ерөнхий сайд хийх үү? хэрхэн 2027 онд Ерөнхийлөгчид нэр дэвших вэ? гэсэн хүлээлтийг үл анзаарч, харин зэрэгцэж суух чадалгүй болтлоо муудалцах эхлэл нь яг хаанаас эхэлсэн гэдэг нь өнөөдөр ч ойлгомжгүй байна. 

Л.Оюун-Эрдэнэ огцроход л Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар эсрэг харчихсан байсан уу? гэх асуулт өнөөдөр урган гарахад хүрч байна. Ямартай ч Г.Занданшатар Ерөнхий сайд болсон даруйдаа л намын дарга болно. Намын дарга болоход хамгийн том саад нь Д.Амарбаясгалан гэж тооцсон. Энэ хүрээндээ асуудлыг ярьж, бас бичиж, хэлэлцэж, хэлэлцүүлсээр өнөөдрийг хүрсэн. Д.Амарбаясгалан ч мөн л хөшигний цаана намын дарга болох гэж бэлтгэл хангаж, бас Г.Занданшатарт хэрхэн саад болох зургийг зурж, бичиж, бичүүлсээр ирэв. 

МАН-ын 8 дугаар бага хурлын ирц, санал хураасан үйл явц, санал авсан тоо зэрэг өнөөдөр чухал биш. Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар МАН-ын даргаар Д.Амарбаясгаланг бүртгэж авах, эсвэл авахгүй гэх шийдвэр гарах хүртэл хэн ч дарга биш. 

Өнөөдөр тамга атгасан ч гэрчилгээн дээр бичигдээгүй намын дарга бол Д.Амарбаясгалан. Тэр гэрчилгээн дээр нэр нь бичигдэх хүртэл намын дарга болж чадахгүй. Тэгэхээр түүний эсрэг намынхан нь бүх сумаа зэрэг шүршихээр шийджээ. 

Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай тэмцэх ажлаа эрчимжүүлэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайтай тэмцэхэд дэмжиж ажиллана гэж итгэсэн. Гэтэл өөрөө энэ хулгайтай нэр холбогдсон учраас дэмжлэг үзүүлсэнгүй. 3 сарын өмнө МАН-ын даргад өрсөлдөхгүй гэж байсан хүн гэнэт нүүрсний хулгай яригдахаар нэр дэвшсэн гэх утгатай мэдэгдлийг хийчихлээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхбаатарын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, УИХ-д тангараг өргүүлэн батламжилсан Г.Занданшатар гэнэтхэн л сайдын суудлаас нь чөлөөлж, оронд нь Б.Энхбаярыг томилчихлоо. 

Энэ үйл явдал араасаа Засгийн газрыг огцруулах акцын эхлэл болж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хариу үйлдэл нь Г.Занданшатарыг огцруулах 39 гишүүний гарын үсэг цуглуулахаар өрнөх биз. 

Нүүрсний хулгайтай тэмцэж, эдийн засгийг өсгөх гэсэн чинь намайг огцруулчихлаа. Нүүрсний хулгайд нэр холбогдсон Д.Амарбаясгалан хулгайгаа нуухын тулд Г.Занданшатарын засгийн газрыг унагаж байна гэсэн мэдэгдлийг хийх хөрсөө бэлдсэн нь энэ болж байна. 

Харин Д.Амарбаясгалангийн хувьд нүүрсний хулгайгаас нэрээ цэвэрлэж чадах эсэх нь ??? тэмдэг хэвээр үлдэх янзтай.