Хумсалчихдаг хүн халаасандаа гараа хийдэг гэх үг бий шүү Ж.Мөнхбат сайд аа!!!!!

Хумсалчихдаг хүн халаасандаа гараа хийдэг гэх үг бий шүү Ж.Мөнхбат сайд аа!!!!!

Хулгайч хүн л гараа халаасандаа хийдэг гэмтэй гэж хүүхэд байхад хэн нэгэн хэлж байсан санаанд буух шиг. Аливаа хүндлэл үг, үйлдэл бүхнээс илэрч байх ёстой. Тэр дундаа улс төрчийн ухамсарт соёл гэдэг бусад хүнээс илүү байх нь ойлгомжтой. Гэтэл Монгол Улсын Мэргэжлийн засгийн газрын сайд нарт тийм ухамсар үнэндээ алга бололтой.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Франц Улсын Гадаад хэрэг, Олон улсын хөгжлийн сайд Жан-Марк Эрогийн урилгаар Парис хотноо “Нээлттэй засгийн түншлэл” олон улсын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож яваа гэнэ. Тэрээр уг уулзалтанд оролцож олон улсын сайд, дарга нартай зураг авхуулж, хамтын ажиллагааны яриа хэлэлцээр хийж байгаа нь дамжиггүй. Гэтэл тэрээр авхуулсан зураг бүртээ л халаасандаа гараа хийчихсэн, хэнэггүй гэхэд дэндүү хэнэггүй дүр эсгэж явна.

Энэ зургийг харсан хэн ч гэсэн Ж.Мөнхбат гэж нөхөр хэмээн цоллохгүй. Харин Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга буюу тус улсын гүйцэтгэх засаглалын 2 дахь том хүн нь гэж л харна. Өндөр хөгжилтэй, дипломат ёсыг ягштал мөрддөг улс оронд очсан хэрнээ ийм хэнэнггүй дүр эсгэсэн нь энэ эрхэм өөрийгөө хэн вэ гэдгээ л харуулж явна. Тэр Монгол Улсыг төлөөлж, өндөр ёс суртахуунтай ажиллаж чадах уу? Ийм асуултын эрхэм сайдаас асуухаас өөр арга алга.

Монгол Улсад намайг яаж ч чадахгүй гэсэн хэтэрхий бардамнал энэ хүний зурагнаас үнэртээд байх шиг. Өөрийгөө хэтэрхий том болчихлоо гэсэн хийрхэлд арай автчихсан юм биш биз. Биеэ тоох хамрын ханиад гэж нэг айхтар өвчин Монголд бий.”БИ” гэдэг үзлээр өвчилж, өөрөөсөө илүү хүн байхгүй мэт аашилж, аархаж, дүр эсгэж, цээжээ дэлдэхдээ л сайн болдог уг өвчнөөр Улс төрчид өвдөх нь их. Энэхүү өвчнөө эдгээж чадалгүй даамжируулж элгээрээ хэвтсэн улс төрч ч бас л байдаг. Яг үүнтэй ижилхэн ухаарах бус улам өөрийгөө тоох гэсэн увайгүй өвчинд угтаа ЗГХЭГ-ын дарга автчихсан юм биш биз дээ. Олон улсын хуралд Улс орноо төлөөлөн оролцож байгаа хэрнээ улсаа бодохгүй халаасандаа гараа хийчихээд хамаагүй зураг авхуулж явах нь зүйд үл нийцнэ.

Улс төрч хүн дипломат ёсыг алхам тутамдаа мөрдөх ёстой гэсэн бичигдээгүй хатуухан ёс бий. Уулзалт, аливаа зоог, ажил хэрэг, амралт, чөлөөт цаг хүртэл албан тушаалтны хувьд биеэ зөв авч яван түмэн олонд үлгэр дуурайл үзүүлэх хагас эрх чөлөөт үзэгдэл болсон байх ёстой. гэтэл Мэргэжлийн мэдлэг нь хэтийдсэн сайд нарт энэ дэг, ёс гэдэг зүйл үнэндээ алга бололтой юм аа.