У.Хүрэлсүхийн шүд зуулт засгийн газрын толгойг залгина

У.Хүрэлсүхийн шүд зуулт засгийн газрын толгойг залгина

Эрх баригч намын дотоод тэмцэл өдөр өнгөрөх тусам илүү ширүүсч эхэллээ. Парламентад 65 суудалтай эрх баригч намын хувьд хүссэн шийдвэрээ гаргаж, төрийн жолоогоо түмэн олныхоо тусын тулд залах боломж бүрэн байгаа. Гэвч эрх баригч намын хувьд энэ бол зорилго нь биш. Харин хэн нь намын дарга болж, хэн гэдэг эрхэм Ерөнхий сайд болох нь хамгийн чухал зүйл гэдгийг өнгөрсөн өдрүүдэд инээдмийн тавилттай улс төрийн жүжиг бэлхэн харуулав.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаанаа хэлэлцэхийн оронд хариуцлага нэхэж, хэнийгээ суудлаас нь түлхэн зайлуулах вэ? гэсэн башир бодолд бүгд хүлэгдсэн нь гашлан. Тагнаж, чагнаж, тусгай ажиллагаа явуулсан гэх мэт жүжиг нь яг үнэндээ олон нийтэд огт хамаагүй асуудал байлаа. Гагцхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр МАН-ын түмэн олондоо амласан 2016 оны мөрийн хөтөлбөрт нь эхний дүнг тавив. Үүнийгээ ухаарах өчүүхэн бодол эрх баригч намд алга бололтой. Үүнийг замхруулагч нэгэн бол яах аргагүй Шадар сайд У.Хүрэлсүх.

У.Хүрэлсүхийн хувьд парламентад халаасны 7 гишүүнтэй гэж болно. Хэдийгээр парламентын гадна Засгийн газрын 2-р хүн ч гэсэн Улсын Их хуралд нөлөөгөө үзүүлэх боломж түүнд байгаа. Гэхдээ Засгийн газрыг огцруулах хэмжээний далайцтай улс төрийн тэр хийх боломж хомс. Гэвч түүний улайрал толгой үгүй Улсын Их хурлын олон гишүүнийг эргүүлэх магадлал байгаа юм.

Зарим эх сурвалжийн мэдээлэлж байгаагаар бол М.Оюун-Эрдэнэ гишүүнээр магнайлуулсан УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрын огцруулах албан бичгийг үйлдээд явж байгаа. 10 хүрэхгүй гишүүн гарын үсэг зурсан. Одоо тэдэнд дор хаяж 9 гишүүний гарын үсэг хэрэгтэй. Ийм нөхцөлд Засгийн газрын огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх боломж бүрдэх юм. Хэрэв хэлэлцэх юм бол огцруулах магадлал 50+ гэж ойлгож болно.

У.Хүрэлсүхийн хувьд улайрч байгаад л Засгийн газрыг унагаах зорилгыг өвөртөлжээ. Төр тогтвортой байх түүнд огт хамаагүй. Танхимаар ажиллах зарчимтай Засгийн газрын нэг гишүүн гэдэг нь огт сонин биш. Гагцхүү Засгийн газрыг огцруулах, түүгээр далимдуулан МАН-ын дарга М.Энхболдыг шахаанд оруулах нь гол сонирхол нь. Үүнийхээ хүчинд намын даргын суудлыг авч, өөрөө Ерөнхий сайд болох битүүхэн хүсэлд автаж байхыг үгүйсгэх аргагүй.

 

Хэт их хүссэн хүнд Төрийн жолоог бүү атгуул гэдэг үг байдаг даа.