МАН урвагч У.Хүрэлсүхийг орой дээрээ залах уу

МАН урвагч У.Хүрэлсүхийг орой дээрээ залах уу

Амьд явахад их юм үздэг юм байна гэгчээр улаан хувьсгалч, цөс ихт У.Хүрэлсүх урвасан муу хулгай байсныг мэдэх өдөр ирдэг л юм байна. “Хэро”-гийн Л.Баатар хэмээх залуутай ойртсон болгон элдэв шидийн бичлэгээ дэлгүүлж, нийгмийн сүлжээний хов живийн сэдэв болдог уламжлал тогтлоо. Өмнө нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хамтран бүтээдэг байсан П.Анужинтай үүлэн борооны ажил хийж байгаа бичлэг олон нийтэд цацагдаж байв. Энэ удаад Шадар сайд У.Хүрэлсүхтэй хийсэн утасны яриа нийгмийн сүлжээгээр дамжиж олны сонорыг мялаав. Хоёр хүний хоорондох яриа задарсан бол жирийн л явдал л даа. Харин МАН-ын алдарт У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчийнхээ эсрэг ажиллаж, хэрхэн Түгжилдсэн талаар тэрхүү бичлэгт гарч байгаа болохоор олон нийтийн анхаарлыг эрхгүй татаж байна.

Бичлэгт “Хэро”-гийн хэмээх Л.Баатар Шадар сайд У.Хүрэлсүхтэй ярихдаа “Таны эрлийз морь гэдэг мэссэж ёстой хүчтэй явсан шүү... Би Тулгаа ахад Таны ялалтын 40-50 хувь нь Хүрэлсүхийн дэмжлэг шүү гэж хэлсэн...” гэх зэргээр сонгуулийн дараах сэтгэгдлээ хоорондоо хуваалцан инээлдэх аж. Энэ. Ярианаас үзэхэд МАН-ын торгон цэрэг гэж өөрийгөө өргөмжилдөг У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажилласан нь тодорхой байна. Монголчууд эртнээс нааш урвагчдыг тэвчдэггүй, хамгийн хатуу цээрлэл хүлээлгэдэг уламжлалтай. Харин тэгтэл У.Хүрэлсүх МАН-ын эгэл жирийн мянга мянган гишүүдийн итгэл рүү ус цацсан үйлдэлдээ хариуцлага хүлээхийн оронд Ерөнхий сайдын суудал мөрөөдөнхөн пээдэлзэж явна. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, НИТХ-ын дарга Ц.Сандуй зэрэг хүмүүст увайгүй урвалтаа нялзааж орхид уснаас хуурай гарахаар зүтгэж байна.

МАН бол Монголын ууган улс төрийн нам. Тэр ч утгаараа энэ улс орны тусгаар тогтнолын баталгаа болсоор ирсэн. Монголчуудын олонх нь МАН-д итгэж төрийн жолоо атгуулдаг. Гэтэл энэ өндөр хариуцлагатай намын толгойд урван тэрслэгч У.Хүрэлсүхийг залж болно гэж үү. Тэрбээр хэзээ нэгэн өдөр журмын нөхдөөсөө дахин урвахгүй гэсэн баталгаа байхгүй. Угтаа бол мянга мянган гишүүдийнхээ итгэлийг хөсөрдүүлсэн У.Хүрэлсүх хамгийн том хариуцлага хүлээх учиртай баймаар. Улс төрийн намын үйл ажиллагаа эгэл жирийн гишүүдийн итгэл үнэмшил дээр тогтдог. Энэ алтан зарчмыг хөшигний ард худалдаж орхисон У.Хүрэлсүхэд улс төрд цааш алхах газар, нэр нүүр  бий гэж үү. Хэрэв ингэж хуйвалддаг юм бол Монголд сонгууль хийх, улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг тогтолцоо хэрэггүй юм биш үү.

У.Хүрэлсүх яриад байгаа шигээ энхийн цагаан тагтаа лав биш. Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр казинодсон хэрэгт хүзүү  сээрээрээ холбогдож шүүхээр орж явсан хар түүх саяхных. Намынхаа гишүүнчлэлийн татвар хураамжаа ч төлөхгүй луу унждаг хэрнээ улсын төсвийн, татван төлөгчдийн мөнгөөр хээвнэг мөрийтэй тоглоод туйлчихдаг тийм л “эх оронч”. Мөрийтэй тоглосон мөнгөө төсөвт буцааж төлсөн гэж дуулдаагүй. МАН-ын удирдлагад байхдаа дотоод эв нэгдлийг батлан сахихын оронд бас л үймээн самуун дэгдээж, яс хаяж байгаад МАН-аас МАХН-ыг өрх тусгаарлуулсан гол буруутан. Нэг цул байсан намыг 2 салгаж хагалсны горыг ганц МАН ч биш монголчууд сүүлийн хэдэн жил бүгдээрээ амсаж байгаа. Хүний чих хазах, шанаа өгөх зэргээр МАН-ын чихийг байнга л халууцуулж явдаг нь У.Хүрэлсүхийн гэм биш зан болсон доо. Ийм цүл пал явдалтнаар МАН зүг чигээ заалгах гэж үү.

Энэ бүх асуултын хариуг ирэх 9-р сард болох МАН-ын Бага хурал өгөөсэй. Тэгэхдээ намынхаа төлөө үнэнчээр зүтгэсэн хүмүүсээр туг тахих биш урвасан хулгай нарт тохирсон хариуцлагыг хүртээх учиртай. Ингэж чадвал МАН шинэчлэгдэнэ, улс төрийн ертөнц ч урвалт, хөшигний ар дахь хуйвалдаанаас чөлөөлөгдөнө.