У.Хүрэлсүхийн фракц МАН-ын залуу гишүүдээ рекетлэж эхэллээ гэнэ

У.Хүрэлсүхийн фракц МАН-ын залуу гишүүдээ рекетлэж эхэллээ гэнэ

МАН-ын У.Хүрэлсүх зэрэг гишүүн АН-ынхантай нийлж засаг, төрийнхөө эсрэг ажиллаж байгаа нь ил болсон. Тэд шинэчлэл нэрээр МАН-ын удирдлагад сууж, төр засгийг удирдахаар санаархаж байгаа. Харин энэ үйлдэлдээ хүч хэрэглэж, залуу гишүүдээ рекетлэж эхэлсэн нь ил боллоо.

Хэдхэн жилийн өмнө Шадар сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг Төрийн ордонд, олны нүдэн дээр шанаадан унагааж байсан. Үүн шиг явдлыг У.Хүрэлсүхийн фракцид зүтгэдэг НИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбаатар давтжээ. Учрыг лавлавал, тухайн өдөр МАН-ын генсек Д.Амарбаясгалан, НИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбаатар нар Ц.Сандуйг огцруулах хор найруулж, төлөөлөгч нарыг нэг нэгээр нь дуудаж уулзсан байна. Тэд зургуулаа болоод Баянзүрхээс сонгогдсон Т.Цэрэнноров төлөөлөгчийг Блю скай зочид буудлын 25 давхарт дуудсан байна. Түүнийг очиход Ц.Сандуйг огцруулах бичигт гарын үсэг зурахыг шаарджээ. Хууль бус шаардлагыг нь биелүүлэхгүй гэхэд нь Б.Сүхбаатар Т.Цэрэнноровын биед халдаж, хүзүүг нь мушгижээ. Т.Цэрэнноров нь НИТХ-д анх удаа сонгогдсон МАН-ын залуу гишүүдийн нэг юм. Анх удаа сонгогдсон залуу гишүүдийг дарамталж, төр эргүүлэхээр санаархаж буй үйлдлийг өнөөдөр Т.Цэрэнноров олонд дэлгэлээ.

Д.Амарбаясгалан, Б.Сүхбаатар нар нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын дарга болохын тулд албан тушаал амалж, МАН-ын 16 төлөөлөгчийг Ц.Сандуйг огцруулах бичигт гарын үсэг зуруулсан. Энэ тоогоо нэмэхийн тулд Ардчилсан намынхантай хүртэл тохиролцсон байна. Өнөөдөр НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү мэдэгдэл хийхдээ, “АН-ын 11 төлөөлөгч гарын үсэг зурсан” талаар мэдээлэл хийв. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх хот дээр ч, УИХ дээр ч МАНАН үүсгэж эхэллээ. Тэр өөрөө намын дарга болж, Зүүний хүчнийхэндээ албан тушаал хуваарилахын тулд үзэл баримтлал ондоо АН-ынхантай, Женко Х.Баттулгатай хамтарч байна.

Б.Сүхбаатар, Д.Амарбаясгалан нар НИТХ-ын 27 гишүүн гарын үсэг зурсан нь Ц.Сандуйг огцруулахад хангалттай гэж үзэж байгаа. Үнэн хэрэгтээ, хуульд энэ талаар огт байхгүй. Харин 27 гишүүний гарын үсэг өөрөө НИТХ-ын 45 төлөөлөгчийг огцруулах үндэслэл болох заалт хуульд бий. Өөрөөр хэлбэл, нийт төлөөлөгчдийн гуравны хоёроос дээш буюу 30 төлөөлөгч гарын үсэг зурахад НИТХ бүрэлдэхүүнээрээ огцорч, нөхөн сонгууль явуулах шаардлага гарах нь ээ. Өвөлжилтийн бэлтгэл хангах ид ажлын үеэр дахин сонгууль явуулж, хотын бүтцийг задлах нь хэний санаа вэ. Ийм санааг гаргаж чадах хүмүүс бол АН-ынхан. У.Хүрэлсүх болон түүний гар хөл болсон Б.Сүхбаатар, Д.Амарбаясгалан нар Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж намынхаа эсрэг ажилласан. Одоо тэд төрийн тогтвортой байдал, эдийн засгийн эсрэг АН-ынхантай нийлж, албан тушаалын төлөө зүтгэж эхэллээ.