АН-ын “Топоор” ажиллагаа МАН-ыг хувааж дөнгөх үү

АН-ын “Топоор” ажиллагаа МАН-ыг хувааж дөнгөх үү

МАН-аар элдэв дуулиан тасрахгүй нь бололтой. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш энэхүү намын дотоод хагаралыг дагасан асуудлууд хөвөрсөөр. Гэвч МАН зүгээр нэг дотоодын өрсөлдөөн, карьер дагасан хэт их амбицаас болж хагарсангүй. Тэднийг өвөр зуураа хэмлэлдэх болсон шалтгааны цаана АН-ын явуулга бий гэдгийг Шадар сайд У.Хүрэлсүхийн үйлдэл баталлаа.

Тун саяхан л тэрбээр МАН-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нарыг огцруулж, сонгуульд ялагдсаны бүх хариуцлагыг үүрүүлэх ёстой хэмээн лоозогнож байсан. Харин МАН-ын эсрэг түүний үйлдэл хөдөлшгүй баримтаар нотлогдсон тул өдгөө Шадар сайдын албаа өгөөд зогсохгүй намаасаа хөөгдөх болзлоо хүртэл аль хэдийнэ хангачихсан.

Гэхдээ У.Хүрэлсүх нэгэнт эхлүүлсэн ажлаасаа тийм ч амар татгалзахыг хүссэнгүй. Хэдийгээр одоо тэрбээр түмний нүдэнд буруугаа хүлээж, олон таван үггүйгээр албан тушаалаасаа татгалзаж байгаа мэт харагдаж байгаа ч гар хөлөө МАН-д тавьсан занганаасаа салгасангүй.

Учир юу гэвэл АН-д том, жижиг олон “Топоор” байдаг бололтой. Тэд МАН-ын даргаар оролдоод гавьтай амжилтад хүрээгүй учраас өдгөө НИТХ-ын дарга Ц.Сандуйг ямар ч хамаагүй аргаар огцруулахаар улайрч байна. Уг нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдах үеэр Ц.Сандуйг огцруулах, эсэхийг хэлэлцэж, олонхийн саналаар түүнийг албан тушаалд нь үлдээх шийдвэр гаргасан.

Гэтэл энэ долоо хоног эхлэхтэй зэрэгцэн НИТХ-ын ээлжит чуулганаар буюу наймдугаар сарын 31-нд дийлэнх гишүүдийн дэмжлэгтэйгээр хурлаа хийхээр болсон тухай зарыг бас л хэвлэлээр тараасан. Улмаар НИТХ хуралдаж, 27 гишүүн уг саналыг зөвшөөрч гарын үсгээ зурсан гэх мэдээлэл гадуур тархлаа. АН-ын зүгээс гаргасан энэ мэдээлэл олныг төөрөгдүүлсэн нь тодорхой. Харин өчигдөр НИТХ дэх МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун үүнд тайлбар болгож “Ийм хурал болохгүй гэв. НИТХ 8, 9 дүгээр сард хуралдахгүй байх шийдвэр гаргасан. Яаралтай ажил гарвал ээлжит бус хуралдааныг зохион байгуулна. Нам Их хурал хуралдах хүртэл энэ талаар шийдвэр гаргахгүй гэсэн болохоор ийм хурал болохгүй болов уу. Тэгээд ч хурлын даргыг  огцруулах хууль, эрхзүйн үндэслэл байхгүй” гэсэн.

Гэхдээ АН-ын “Топоор” ажиллагаа ганц үүгээр дууссангүй. С.Мөнхчулууныг мэдэгдэлтэй зэрэгцэн НИТХ-ын төлөөлөгч Т.Цэрэнноровыг гарын үсэг зуруулахаар зодож, дарамталсан тухай мэдээлэл шуугиан дэгдээв. Түүний хэлж буйгаар нэр бүхий зургаан төлөөлөгч  хурлын даргаа огцруулах саналд гарын үсэг зуруулахаар түүнийг зодож, дарамталсан байна.

Ийнхүү МАН доторх АН-ын “Топоор” ажиллагаа шат шатандаа үргэлжлэх төлөвтэй. Муухан найруулга, дэгтэй эдгээр ажиллагаа хэдийгээр болхи, алхам бүртээ илчлэгдэж байгаа ч биеллээ олбол огцруулах төдийгөөр үр уршиг нь тодрохгүй. Угаас цаад санаа нь МАН-ыг хуваах зорилго гэж харагдаад байгаад л асуудал оршино.