МАН-ыг хуваах “Топоор ажиллагаа” хэрхэн үргэлжлэх вэ

МАН-ыг хуваах “Топоор ажиллагаа” хэрхэн үргэлжлэх вэ

МАН-ыг хуваах “Топоор ажиллагаа” нэгэнт илчлэгдсэн тул нэг хэсэгтээ иймэрхүү санаархал гарахгүй намжих байх гэж олон нийт үзэж байлаа. Солонгос саванийн дуурь мэт хорлон сүйтгэх ажиллагаагаар дүүрэн энэ үйл явц олон нийтийн хувьд ээдрээ зангилаа ихтэй кино болж хувирсан байв. Тиймээс ч хамаг хэргийн эзэн тодорч, бүх юм эмх цэгцэндээ ороод, үзвэр өндөрлөх цаг нь ирсэн гэж ойлгож байсан юм.

Гэтэл “Топоор ажиллагаа” дуусахгүй нь бололтой. Хамгийн гол нь өдгөө улстөр дэх эсрэг дүрийн нэг болоод байгаа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдуулсан буруут ажлаасаа болж нэг хэсэгтээ энэ бужигнаант тавцанд гарч ирэхгүй гэж олон нийт бодож байсан. Гэхдээ энэ нь андуурал байжээ. Учир юу гэвэл, У.Хүрэлсүхийн сураггүй бололт хэдхэн хоногоор хэмжигдэж, мань эр одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бараа сүртэйгээр эргэн гарч ирлээ.

Тэрбээр энэ удаад маш зохион байгуулалтайгаар МАН-ын эсрэг ажиллахаар шийдсэн нь ганц оройн дотор сонин, сайтуудаар баруун, солгойгүй цацагдсан ярилцлага, ишлэл, хэлсэн үгсээс нь тодорхой харагдаж эхэллээ. Үндсэн утга нь МАН-ын өнөөгийн удирдлагуудыг нийтэд харлуулах, улмаар өөрийгөө цэвэр үйл хэрэгтэй байсныг харуулахад чиглэж байх юм.

Гэтэл эдгээр өдрүүдэд тэрбээр нэг хэсэг дуулиан тариад байсан араас нь дагасан, алахыг завдсан зэрэг хэргүүдийг өөрийн биеэр зохион байгуулсан нь илэрч, АТГ-аас түүнийг яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт хүргүүлсэн. Олон талын нотлох баримт, хэрэгт холбогдолтой гэрчүүдийн мэдүүлгээр түүнийг хамаатнаараа дамжуулан тагнах, чагнах, араасаа мөрдүүлэх ажиллагааг дэглэсэн гэдгийг баталсан.

Энэ мэтээр У.Хүрэлсүх гэгч этгээд чухам яг хэн бэ гэдгийг нийгэм даяар үнэн мөнөөр нь мэдэхийг хүсэх болсон. МАН дотор ч түүнийг АН-тай үгсэн хуйвалдсаныг мэдсэн ч өдгөө ганц албан тушаалын төлөө энэ бүхнийг хийсэн үү, эсвэл цаана нь бүр илүү том асуудал нуугдав уу гэдгийг ойлгохоо байсан бололтой.

Гэхдээ У.Хүрэлсүхийн эргэн гарч ирсэн шалтгааныг түүний хор шартай холбон тайлбарлах явдал гарах болов. Ерөөс У.Хүрэлсүх улстөрөөс тийм ч амар холдох хүн биш гэдгийг энэ шалтгааны эхэнд онцолжээ. Улмаар хамаг булхай нь ар араасаа илэрч байгаа нь угийн хор шартай түүнийг дахин гарч ирж, ямар ч хамаагүй аргаар эхлүүлсэн ажиллагаагаа дуусгахад хүргэсэн гэх юм.

Өөрөөр хэлбэл, АН У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд чадамгай ашигласан ч МАН-ыг хуваах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадаагүй. Энэ нь энэ намын дотоод эв нэгдлийг тооцож чадаагүй том алдаа болсон. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхэд  амласан шангаа өгөх сонирхолгүй болсон тул нийтэд хөнгөхөн илчлэх замаар хариуцлагаасаа мултарсан бололтой. Ингээд АН-д У.Хүрэлсүх хэрэггүй болжээ. Тэгэхээр одоо У.Хүрэлсүх улстөрийн тавцан дахь байр сууриа алдахгүйн тулд одоо үхэхээс бусад бүх мэхийг хэрэглэнэ гэж учир мэдэх хүмүүс харж байна.

Нэг үгээр, “Топоор ажиллагаа”-ны дэглэлт багахан өөрчлөгдөөд, үргэлжлэхээр болж байгаа аж

эх сурвалж: erennews.mn