АН-тай хамтран засаг байгуулж, албан тушаал ахих нь “Топоор”-уудын мөрөөдөл

АН-тай хамтран засаг байгуулж, албан тушаал ахих нь “Топоор”-уудын мөрөөдөл

МАН хуваагдвал мэдээж эсрэг талд ашигтай тусна. Учир нь МАН хэт олонхийн санал авч, парламентийн 76 суудлын 65-ыг нь эзэлсэн. Ингэснээр санал зөрөлдөх, талцаж хуваагдах элдэв асуудал гаралгүйгээр аливаа шийдвэр, бодлого саадгүйгээр хэрэгжиж, урагшлах боломж бүрдсэн. Тийм ч учраас 2016-2017 онд элгээрээ хэвтсэн байсан Монгол Улсад тогтвортой улстөр бий болж, энэ хэрээр эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд зохистой түвшинд ойртсон гэхэд болно. Ингээд ард түмэн сонголт нь мэргэн байсанд сэтгэл хангалуун байгаа.

Гэвч сөрөг хүчнийхэнд энэ нь таагүй байдлаар тусах нь ойлгомжтой. Хэдийгээр АН 2012 онд олонх болж чадсан ч дотоодын сөргөлдөөн, албан тушаалын тэмцэл, зөрчлөөсөө болоод хоёр ч удаа Засгийн газар байгуулж, үр дүнд нь овоо урагштай байсан Монголын эдийн засаг таг гацсан. Харамсалтай нь, ар хударгаа хаяж, улс орноо бодсон хэнбугайд түгжилдүүлэх тавилан оноогдоод байсан тул бүгд дор бүрнээ сандал суудлаа хамгаалж тэмцсээр эдийн засаг, иргэдийн амьдралыг хөсөр хаясан билээ.

Тиймээс ард түмэн ээлжит сонгуулиар АН-д өгсөн үнэлгээгээ тодорхой харуулсан. Тэгэхээр одоо АН өөрсдөө өөдтэй байдаггүй юм аа гэхэд өрсөлдөгчөө харлуулж, дахин ялалт байгуулах боломжийг нь үгүй хийх онц шаардлагатай болсон.

Харлуулах ажиллагаа ч амжилттай хэрэгжиж эхэлсэн. Тэд юуны өмнө МАН-аас албан тушаалгүй үлдсэн, эсвэл албан тушаалтай тэр нь таалагдахгүй байгаа хүмүүстэй тохироо хийжээ. Ингээд энэ тохироогоор Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг санаанд оромгүй байдлаар эргүүлж, эхний ялалтыг авав. Удаа ч үгүй, мөнөөх тохироотой нөхдийгөө турхирч, МАН дотор олон жижиг бүлэг, фракц бий болгосон ба өнөөдүүл нь намаа тараая, Засгийн газрыг унагаая гэж ил цагаанаар шуугилдах болсон. Ингэж л МАН дотор үүсээд буй нөхцөл байдал цагийн явцад бий болсон өөрчлөлт биш, өөр хүчин зүйлээр өдөөгдөөд байгаа нь мэдрэгдэж эхэлсэн юм.

Гэтэл энэ бүхэн шидэт саваагаар дохьсон мэт ганц шөнийн дотор илэрхий болж, хэн нь намаа зарж, АН-д үйлчилсэн бэ гэдэг асуултын хариу тодорхойлогдсон. Баримтаас дүгнэхэд, МАН-аас АН-д урвасан нөхдийн хамгийн том нь Шадар сайд У.Хүрэлсүх байсан. Тэрбээр намынхаа өрсөлдөгчидтэй тохироо хийсэн нь илэрсэн бөгөөд олон нийт үүнийг “Зууны урвалт” гэж нэрлэх болов. Гэхдээ яг ямар тохироо байсныг хэн ч хэлэлгүй өнөөдрийг хүрсэн. Гэвч өдгөө У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын залуус удирдлагаа огцруулж, цаашилбал Засгийн газрыг унагаахаар тохирсныг одоо бүгд мэддэг боллоо. Тэд энэ тохироог гүйцэлдүүлсний дараа сөрөг хүчин, хяналт гэх дундыг барьсан үгсээр халхавч хийж АН-тай хамтарсан Засгийн газар байгуулахаар “Топоор ажиллагааг” зохион байгуулжээ. Улмаар У.Хүрэлсүх энэ Засгийн газрыг толгойлох бол сайд, дарга нарыг суудлыг түүний залуус эзлэхээр болсон байж. Харамсалтай нь тэдний санаа ил болсон. Булхай нь илэрсэн зарим нөхөд уучлал эрж намынхаа удирдлагуудад очин, У.Хүрэлсүхийн 70 булчирхайг тоочиж байна ч гэх яриа гарлаа. Гэхдээ л мань эр ичсэн нүүрэндээ юу, эсвэл албан тушаалын хэнээрхэлд хэт их автсандаа юу санаагаа хураалгүй, МАН-ыг хуваах төлөвлөгөөгөө ил гарган зүтгэх болсон. Уг нь тэрбээр, АН-ын хорлон сүйтгэх ажиллагааны мастеруудад далаараа тавиулж, нэр нүүрээ баралгүй, санаагаа “цэвэрхэн” гүйцэлдүүлчихсэн бол өдгөө Ерөнхий сайдын суудалд суух нь дамжиггүй болчихсон, саад тушаа болсон нөхдийг зайлуулчихсан маадгар алхах байжээ.