У.ХҮРЭЛСҮХЭД ХАЯГЛАСАН Х.БАТТУЛГЫН ЁГТЛОЛ

У.ХҮРЭЛСҮХЭД ХАЯГЛАСАН Х.БАТТУЛГЫН ЁГТЛОЛ

У.Хүрэлсүх хууртсан байна. “Херо” Баатарын бичлэгт өгүүлснээр бол, Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гавьяаны тал хувийг У.Хүрэлсүхэд хүртээх байсан ч одоо нэгэнт бүх зүйл “гэрэлд цохиулсан” тул түүнд өр төлөх гэж мэрийх нь улс төрийн нэн ашиггүй нүүдэл болж хувирав. Тэгээд ч “Женко” Х.Баттулгын зүгээс У.Хүрэлсүхийг дэмжих сонирхол байлаа гэхэд тун ч богино зайны улс төр болоод өнгөрнө. Хувь улстөрчийн хувьд Х.Баттулга Монголын их улс төрд өвөрмөц дүр төрх. Түүнд бусадтай адилгүй олон чанар бий бөгөөд түүгээрээ л олны анхаарлын төвд орж ирсэн. Гэтэл түүнтэй өрсөлдөх хэмжээний том тоглогчоор тодрох бол У.Хүрэлсүхэд ч гэсэн хүмүүсийн анхаарлыг өөртөө урвуулах олон хувь чанар байдаг. “Женко” шиг зурахгүй,  барилдахгүй ч У.Хүрэлсүх савхин өмд цамц углаад “Харли Дэвидсон” унаж залуусын зүрхийг омогшуулж чадна. Өөрийн байгуулсан хамтлагаараа гарч ирээд дуулна, хуурдана. “Женко”-гийн бүтээж буй орчин үеийн улстөрчийн дүр төрхийг саармагжуулах боломж У.Хүрэлсүхэд хангалттай. Тиймээс Х.Баттулга У.Хүрэлсүхийг хуурсан. 

Монголын улс төр хэзээнээсээ ёж явдал хийгээд ёгт утгатай бичиг сачган дунд байдаг мөнөөх л янзаараа үргэлжилж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл егөөнд дугтуйлсан ёгтлолоо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өчигдөр хаягласныг бодоход энэ уламжлал мөд тасрахгүй шинжтэй. Н.Багабанди Ерөнхийлөгч байхдаа “Урт шар дээлтээс болгоомжил” гэсэн алдарт ёгтлолоо хэлсэн бөгөөд “урт шар дээлт” нь нэг талаар зуд, нөгөө утгаараа Н.Энхбаяр байсан билээ.    

Шадар сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал илэрхийлж, танилцуулга, УИХ-аар хэлэлцэгдэх тогтоолын төслийг хавсаргасан Ерөнхий сайдын саналын хариуд Ерөнхийлөгч маань Санал буцаах тухай албан бичгийг илгээжээ. “...Миний бие Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл авсны үндсэн дээр зөвшилцөх шаардлагатай гэж үзэж байна. Таны ирүүлсэн албан бичигт Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хавсаргаагүй байх тул ... зөвшилцөх нөхцөл бүрдэхгүй байна. Иймд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай гаргасан хүсэлтийг хавсаргаж, зөвшилцөх тухай саналаа дахин ирүүлэхийг хүсье” гэжээ.

Х.Баттулгаас Ж.Эрдэнэбатад илгээсэн энэхүү захидлын утга хоёрдмол санаатай байгааг эрхэм уншигч нягтална уу. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд У.Хүрэлсүхийг Шадар сайдын албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан явдлыг үл сайшаан, Ерөнхий сайд, Шадар сайд хоёрыг хоорондоо сайтар зөвшилцөн, эв нэгдэлтэй ажлаа үргэлжлүүлэхийг сануулсан мэтээр ойлгогдож байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийн өргөдлийг хавсаргалгүй ёс алдсан учраас Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын албан бичгийг голж буцаасан ч юм шиг уншигдана. Үүнээс дүгнэхэд, Х.Баттулга Ерөнхий сайдын албан бичгийг л буцаасан болохоос биш, яг үнэндээ У.Хүрэлсүхэд ёгтлолоо дайжээ.

Хэдийгээр манай Ерөнхийлөгч дээд боловсролгүй боловч энэ зэргийн захидлыг утга, найруулгын өө сэвгүй үйлдэх хэмжээний туршлагатай улстөрч. Тиймээс энэ бол ердөө л Монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл, улс төрийн тогтвортой байдлын хамгийн дээд бэлгэ тэмдэг болохынхоо хувьд Х.Баттулгын зүгээс дотооддоо үймээн самуунтай байгаа МАН-ын лидерүүдэд өгч буй нэг ёсны ёгт зөвлөгөө, нөгөө талаар ухамсартайгаар хийсэн улс төрийн нүүдэл хэмээн тайлж уншвал зохистой. Ерөнхийлөгч Шадар сайдыг огцруулах үйл явцыг дуун дээр сайшаахгүй байгаагаа үүнээс илүү хэрхэн ойлгуулах билээ. “Аман хуур” киноны Соном өвгөн шиг “Жаа” гэж ирээд л алгаа тосоод авчихна гэж санасан уу? “Женко” Баттулга гэхээр л нэг их сэлэм эргүүлсэн, Засгийн газар болгоныг эвдэж сүйтгэхийн дон шүглэсэн хүн байдгаар төсөөлөх ч хэрэггүй. Сөрөг хүчний лидер С.Эрдэнэ хүртэл намаасаа эв нэгдлийн бэлгэ тэмдэг төрүүлээд сурчихсан хүн шиг МАН-ынханд сургааль хэлсэн байна лээ. “Хямралын уг үндэсийг зөв тодорхойлох нь чухал болохоос Засгийн газар огцрохдоо биш. Өнгөрсөн зун ямар болов. Өвөлжилтдөө эртхэн бэлдэхгүй бол зуд болох магадлал өндөр байна” л гэлээ. Шадар сайд У.Хүрэлсүхэд Засаг огцруулах бус, хийх ажил мөн ч их байгааг АН-ынхан өөрөөр яаж хэлэх вэ дээ.