Ардын намынхан Т.Аюурсайханаар удирдуулж доошоо орлоо

Ардын намынхан Т.Аюурсайханаар удирдуулж доошоо орлоо

Ардын намын 29 гишүүнийг араасаа дагуулж, албан бланк дээрээ Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж яваа хүн бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан. Ямагт гол дүр байхыг хүсэгч тэрээр энэ удаад сөрөг хүчний урдуур орж, өөрийн намын барьсан “гэр”-ээ өрөөлөөс урьтаж нураахаар зүтгэсэн нь талаар болж байх шиг. Өчигдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонхи нь Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Мэргэжлийн байнгын хорооны мэргэжлийн дүгнэлт нь тэр байв.

Харин энэхүү хурал дээр Т.Аюурсайхан гишүүний хэлсэн үг нь хийдэг үйлдлүүдтэй нь тэс зөрснийг олон хүн гайхаж байна. Эхнээсээ л Засгийн газрыг огцруулах замаар дараагийн засагт сайд болох гэж улайрч буй нь ил байсан тэрээр “Би албан тушаалын төлөө яваагүй. Дараагийн Засгийн газарт орохгүй. Сайд болохгүй” гэж мэдэгдэв. Гэвч бодит байдал дээр тэр тийм натуртай хүн мөн үү.

Улстөрчийн хувьд Т.Аюурсайхан бол залуу хүн. Нас нь ч, туулсан замнал нь ч үүнийг илтгэдэг. Харин 40 дөнгөж шүргэж яваа гэхэд албан тушаалын төлөөх амбийц нь бол хэтэрчихсэн гэдгийг нь албан ёсны намтар дээрээс нь харж болохоор юм билээ. Олонд танигдаж, овоо босгож эхэлсэн 2012 оноос нь л ярья. Тэр Ардын нам УИХ-д ялагдаж, аймаг, орон нутагт ч хавтгайдаа ялагдсан үед Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байдаг. Энэ бол МАН-ын ялалт байгуулсан цөөхөн газрын нэг нь л дээ. Гэтэл тэр ялалт байгуулсан намын эв нэгдлийг хангахын оронд, эсрэг талынхан болох дүүргийн ИТХ дахь АН-ын бүлэгтэй хамтран Засаг дарга Ч.Ганболдыг огцруулах санаачилгын тэргүүн эгнээнд явсан юм.

Яг л өнөөдрийн шиг гарын үсэг цуглуулаад л, бас л өнөөх үгээ журмын нөхөддөө хэлж байсныг нь одоо ч ярих хүн байдаг юм билээ. Юу гэхээр “Би албан тушаалын төлөө яваагүй. Ардын намынхаа төлөө л дүүргийн Засаг даргыг огцруулах гэж байна” гэсэн ухааны юм ярьж явсан гэнэ лээ. Харин АН-тай нийлж одоогийн УИХ-ын гишүүн, тухайн үеийн Чингэлтэйн Засаг дарга Ч.Ганболдыг огцруулсныхаа дараа тэрээр шууд л Засаг дарга болчихсон. Үүнийгээ харин “Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Засаг дарга Д.Ганболдыг огцруулах шийдвэрийг гаргасан. Тэгээд МАН-ын бүлгээс Т.Аюурсайхан гэдэг нэрийг Засаг даргад дэвшүүлээд олонхийн саналаар Засаг дарга болгох тухай иргэдийн хурлын тоггоол гарсан” гэж тайлбарлаж байсан юм билээ.

Т.Аюурсайханыг энэ үйлдэл нь хууль бус байсан учраас удалгүй ажлаа өгч ахиад л дараагийн огцруулах ажиллагаагаа эхэлсэн юм билээ. Нэгэнт дүүргийн Засаг дарга болж чадаагүй учраас дараагийн дайралтаа тэр МАН-ын төв рүү хийсэн. МАН-д Шинэчлэлийн хороо гэгчийг байгуулж, эхний хэвлэлийн бага хурлаараа л Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргад хариуцлага тооцох, УИХ-д МАН-аас нэр дэвшиж сонгогдсон хүмүүс үүргээ ухамсарлахгүй байгаа учраас хариуцлага тооцох ёстой гэж мэдэгдлээ.

Мэр сэр хүмүүсийг эгнээндээ нэгтгэсэн энэ хөдөлгөөн нь ч үр дүнгээ өгч, Т.Аюурсайхан шийдлийн Засгийн газрын үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга хэмээх албан тушаалд очив. Хэний ч танихгүй байсан, Н.Багабанди гуайн туслах гэгддэг залуу агентлагийн дарга болсон түүх ердөө энэ. Гэхдээ Т.Аюурсайхан бол агентлагийн дарга болоод амбийц нь дарагдах залуу биш. МАН-ын дарга, улмаар Ерөнхий сайд болох хүсэлтэй тэрээр энэ санаагаа ч МАН-ын XXVII Их хурал дээр биелүүлэх гэж дайраад бараагүй.

Уг хурал дээр Удирдах зөвлөлөөс М.Энхболд, Н.Энхболд хоёрыг намын даргад дэвшүүлсэн бол танхимаас Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин нарыг гишүүд нь өрсөлдөөнд оруулахыг хүссэн юм. Харин Шинэчлэлийн хорооноос өнөөх Т.Аюурсайхан л бас Ардын намын даргад нэр дэвшлээ. Тулхтай, ядаж л цаг үеэ мэдэрдэг улстөрчид болохоор Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр нар ээлж дараалан нэрээ татаж байхад Т.Аюурсайхан л Ардын намын дарга болно гэж зүтгэж байсан нь саяхных.

Харин тэр үед чадаагүйнхээ ядаж хагасыг ч болов биелүүлэх гэж тэр өнөөдөр Засгийн газрыг огцруулах санаачилга гаргаад явж байна. УИХ дахь сөрөг хүчин бус, нэг зорилго, нэг үйлийн төлөө зүтгэж яваа МАН-ын гишүүд нь Засгийн газраа огцруулах гэж байгаагийн цаад шалтгааны нэг нь энэ. Хамгийн гол нь ийм л нөхрөөр Ардын намын УИХ дахь 29 гишүүн удирдуулж доошоо орох ч гэж дээ.

Г.ТЭРГЭЛ

эх сурвалж: medee.mn