Бага хурлаар У.Хүрэлсүх жижгэрч, Ж.Эрдэнэбат бааварлах уу?

Бага хурлаар У.Хүрэлсүх жижгэрч, Ж.Эрдэнэбат бааварлах уу?

МАН-ын бага хурал энэ 7 хоногт хуралдах ёстой. Тус намын удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу бол Бага хурлыг 2017 оны 09 сарын 05-10 өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Энэ дагуу хуралдах бага хурлаас хамгийн эхэнд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх учиртай.

МАН-ын угшилтай УИХ-ын 30 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичигт гарын үсэг зурж, УИХ-д өргөн бариад байгаа. Энэ дагуу намын бүлэг хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн билээ. Төрийн байгуулалтын байнгын хороо нь 19 гишүүнтэй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэх хуралдаанд 16 гишүүн оролцож, олонхи нь Ж.Эрдэнэбатыг огцруулах шаардлага үгүй гэж үзсэн билээ. Нэг үгээр хэлбэл байнгын хороо ҮГҮЙ гээд хэлчихлээ. Харин МАН-ын бага хурал юу гэх вэ?

МАН-ын бага хуралд 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл оролцдог. МАН-ын ирэх жилүүдийн өнгийг шийдвэрлэх нь гарцаагүй. Юун түрүүнд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэлэлцэх нь гарцаагүй. Үүнээс улбаалж Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн учраас Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын дарга М.Энхболд нарыг огцруулах эсэхийг хэлэлцэх магадлалтай. Гэхдээ нэгэн таамаг явж байгаа нь энэ удаад уг хариуцлагыг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үүрээд гарч болзошгүй гэнэ. Ийм нөхцөлд МАН-ын дарга М.Энхболд суудалдаа үлдэх магадлалтай.

МАН-ын бага хурлын гол хэлэлцүүлэг нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад итгэл үзүүлэх эсэх. Учир нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд одоогийн албан тушаалтайгаа үлдэхийн тулд Бага хурлаасаа дэмжлэг авах хэрэгтэй. Цаашлдаад оны сүүлээр болох их хурлаасаа намын дарга болох зорилгыг өвөртлөх нь гарцаагүй. Ийм нөхцөлд түүнд саад болох ганц хүн нь яах аргагүй шадар сайд У.Хүрэлсүх. Шадар сайд У.Хүрэлсүхийн хувьд МАН-ын даргын суудлыг эртнээс бодож яваа. Гэвч өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал нь У.Хүрэлсүхийг буланд шахчхаад байна. Түүний хувьд бага хурлаар намын даргын суудлын төлөө өрсөлдөх юм бол Хотын фракц хараад суухгүй. Шууд л У.Хүрэлсүхийг намын гишүүнээс хөөх эсэх асуудлыг хөндөхөөр бэлтгэчхээд байгаа. Учир нь Шадар сайд У.Хүрэлсүхийн херо-студийн захирал Баатартай ярилцсан бичлэгээс ийн дүгнэж байгаа юм. Ийм нөхцөлд У.Хүрэлсүх хурандаа цэргийн хүн шиг шийдэмгий хөдөлж зүрхлэхгүй. Харин илүү ажиглаж, төлөвлөж, асуудлыг эргүүлэх гэх нь ойлгомжтой.

Ж.Эрдэнэбатын хувьд хотын фракцын дэмжлэгтэйгээр намын даргын суудлыг авахыг зорьж байна. Гэхдээ зүгээр л шууд авчихна гэсэн ойлголт байхгүй. Иймээс У.Хүрэлсүхтэй хэрхэн тохиролцохоос бүх зүйл шалтгаална. Одоо гарч байгаа мэдээллээр бол Засгийн газрын 4 сайдыг огцруулах замаар Ерөнхий сайдын суудлаа хамгаалж үлдсэн гэнэ. Ийм нөхцөлд суудлаа илүү бат найдвартай хамгаалах ганц гарц нь МАН-ын даргын суудлыг давхар хамах явдал юм. Тэгсэн нөхцөлд эсэргүү 30 гишүүн Ж.Эрдэнэбатын өмнө бөхөлзөх нь гарцаагүй.