М.Энхболд "Улаанбаатар палас"-ын ойролцоох газрыг ингэж будлиантуулжээ

М.Энхболд "Улаанбаатар палас"-ын ойролцоох газрыг ингэж будлиантуулжээ

Нийслэлийн Засаг даргаар Миеэгомбын Энхболд ажиллаж байх үед хотын төвийн ашигтай байршилтай газрууд эзэнтэй болж, тэр хэрээр газрын наймаа өргөжиж байсан. Хууль зөрчин олгосон 105 газрын зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2013 онд хүчингүй болгоход талаас илүү хувь нь М.Энхболдын гарын үсэгтэй байсан билээ. М.Энхболдын үед Улаанбаатар паласын ойролцоох газрыг хэрхэн будлиантуулсныг энэ удаад сурвалжиллаа.

-ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО МАНДАЖ БАЙХ ҮЕД ЮУ БОЛОВ-

МАН УИХ-д 72 суудалтай, нийслэлд олонхи байсан 2000-2004 онд хэдэн мянган хадгаламж зээлийн хоршоо байгуулагдаж байсан. Тэдгээр Хадгаламж зээлийн хоршоодын эзэд нь МАН-д элсч, санхүүжүүлэгч нь болж байсан үе. Тэр үед “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоо маш олон хүний мөнгийг өндөр хүүтэйгээр хадгалахаар авч, тэр хэрээр том, том бизнесийг эхлүүлж байлаа. Нийслэлийн “А” бүсэд орон сууц барихаар иргэдээс захиалга авч, хэд хэдэн офиссыг эхлүүлсэн. Эхлүүлсэн ажил, хөөцөлдсөн газар бүр нь хурдан бүтэж байжээ.

Тухайлбал, 2004 онд “Глоб кредит” компани Улаанбаатар паласын зүүн урд талд орон сууцны хотхон барихаар сурталчилгаа явуулж байсан. 2004 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн Засаг дарга М.Энхболд “Глоб кредит” компанид Баянгол дүүргийн VI хорооны нутаг, “Улаанбаатар палас”-ын зүүн урд талд 2568 метр.кв талбайтай газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгож байжээ. М.Энхболд дарга тухайн үед 541 тоот захирамжаа гаргаж, газар эзэмших 048570 тоот гэрчилгээ олгож байсан баримт байна. “Глоб кредит” компани тус газарт 362 айлын орон сууц барьж, 2007 онд ашиглалтад оруулахаар байрныхаа нэг метр.кв-ыг 399 ам.доллараар үнэлж иргэдээс захиалга авч эхэлсэн. Ингээд барилгын кран тус газарт байрлаж, ажил эхлэх гэж байтал Хадгаламж зээлийн хоршооны дампуурлын хэрэг мандаж “Глоб кредит” компанийн захирал Ж.Мэндбаяр хоригдсон.

-М.ЭНХБОЛДЫН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ОЛГОСОН ГАЗАР 100 САЯАР ЗАРАГДАВ-

Ж.Мэндбаярыг шүүх хуралдааны үеэр М.Энхболдын захирамжаар олгосон газар хууль бус гэдэг нь тодорхой болсон юм. Тухайлбал, Ж.Мэндбаярын ялын тогтоолд “...Орон сууц нь улсын экспертизээр батлагдсан зураг төсөлгүй, газрын зөвшөөрөлгүй байхад...” гэдэг өгүүлбэр бий. Өөрөөр хэлбэл, М.Энхболд хууль зөрчиж 2568 метр.кв газрыг олгосон нь шүүхээр тогтоогдсон байдаг.

Гэтэл хууль бусаар олгосон газрыг төрийн өмчид буцааж авалгүй, Хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албанд шилжүүлчихсэн баримт байна. Ингээд 2009 онд Хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албанаас тус газрыг дуудлага худалгаагаар оруулж нэгэн барилгын компанид 101 сая төгрөгөөр зарсан байна. Барилгын компани ажлаа эхлэх гэтэл өнөөх хууль бус газар өмчлөлийн будлиан сөхөгдөж, хаашаа ч үгүй зогсчээ.

Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн газар яг ийм хэмжээтэй. Өнгөрсөн онд дуудлага худалдаагаар 23 тэрбум төгрөгөөр зарагдсан. Баянгол дүүргийн VI хороо бол хотын “А” бүс. М.Энхболдын хууль бусаар олгосон газрын төр эргүүлж аваад зарвал хэдий хэмжээний үнэ хүрэх нь тодорхой байна.

-УЛААНБААТАР ПАЛАСЫН ХОЙД ТАЛЫН ГАЗРЫН БУДЛИАН-

Улаанбаатар паласын хойд талд бас том газар хууль бусаар өмчлөгдөж байсан баримт байна. Тодруулбал, Баянгол дүүргийн VI хорооны нутаг, Улаанбаатар паласын хойд талд 4000 метр.кв газрыг М.Энхболд Нийслэлийн Засаг дарга байхдаа “Евро хаус” компанид эзэмшүүлжээ. 2002 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн Б/162 тоот тогтоолоор олгосон уг газрын захирамжаа 2004 оны аравдугаар сарын 06-ны 455 тоот захирамжаараа баталгаажуулж, уг газрыг 5 жилийн хугацаатайгаар олгожээ. М.Энхболд уг газрыг олгохдоо дуудлага худалдаа явуулаагүй аж. Тиймээс хууль зөрчиж газар олгосон захирамжийг нь 9 жилийн дараа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүчингүй болгож, 4000 метр.кв газрыг төрийн мэдэлд буцааж авсан.

Зөвхөн Улаанбаатар паласын ойролцоох газрыг М.Энхболд хууль зөрчиж, будлиантуулсан баримт ийм байна. 

Гэтэл 2009.2.20-нд БГД-ийн 6-р хороо УБ паласын зүүн талд байрлах 2568 м.кв талбайтай газрыг Банк, ХЗХ-дын өр барагдуулах албанаас 23,880,000₮-ийн хөдлөх хөрөнгийн хамт 100,904,000₮-өөр албадан дуудлага худалдаанд оруулаад ердөө 400,000₮-өөр өсгөн 101,304,000₮-өөр худалджээ. “Төр” гэр хорооллын 1м.кв газрыг 100,000₮-өөр үнэлсэн харин дахин төлөвлөлтөөр эзэд нь газраа 100ам.доллар буюу 150,000₮-өөр ч өгөхгүй гэж байхад УБ паласын зүүн талын төв зам дагуу газрын 1м.кв-ыг нь 29,900₮-өөр “үнэ цохиж”авсан “ялагч”-д нь захиран зарцуулах эрхийг нь олгуулахаар БХЗХӨБА-аас хүргүүлсэн албан тоотод Нийслэлийн газрын албанаас 2009 оны 3-р сарын 9-нд өгсөн хариуд “Уг газрыг 2004 оны 12-р сард “Глоб констракшн” ХХК-д орон сууц үйлчилгээний зориулалтаар Нийслэлийн засаг даргын 541 тоот захирамжаар олгож, газар эзэмших 048570 тоот гэрчилгээ өгсөн …гэж дурьджээ.

Мөн 2013.3.13-ны өдөрБарилгын Хөгжлийн Төвөөс Оюунбадамд илгээсэн албан тоотод “Глоб интернэшнл групп ХХК-ны захиалгаар БНХАУ-ын Өвөр Монголын Барилгын Зургийн Хүрээлэнд хийгдсэн 12-20 давхар орон сууц, үйлчилгээний цогцолборын зураг төсөлд хийсэн Улсын экспертизийн дүгнэлт 2006.4.8-нд гарсан” болохыг дурьджээ. Өнөөдөр Улаанбаатар паласын газарт байшин барилга ч үгүй доор зурагт үзүүлсэн байдалтай байна. илүү тодорхой уншихыг хүсвэл: http://medee.mn/main.php?eid=76895 хаягнаас үзээрэй 

 

Эх сурвалж: www.medee.mn