1 сая төгрөгөөр үнэлэгдсэн амь насны хохирол хэзээ нэмэгдэх вэ?

1 сая төгрөгөөр үнэлэгдсэн амь насны хохирол хэзээ нэмэгдэх вэ?

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаарх шинэ мэдээ баримтыг судалгааны эргэлтэд оруулах, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийн талаар хойч үеийнхэнд таниулах зорилгоор Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохиож байгуулж байна.

 Хуралд Герман, ОХУ, Япон болон Шинжлэх ухаан академи, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэн судлаачид, хамтын ажиллагаатай ажилладаг Конрад-Аденауэрийн сан, Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай Архив, Улсын Дээд Шүүх, Прокурорын Ерөнхий газар зэрэг байгууллагаас илтгэгчид оролцож байгаа юм. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашин, соёлын бодлогын зөвлөх Ц.Хулан, Улстөрийн хэлмэгдэгсэдийн холбооны дарга Д.Цогтбаатар нар бага хурлыг нээж үг хэлэв.

 Хэлмэгдэн амь насаа алдсан, хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртсөн хэлмэгдэгсэдийн ар гэрийнхнээс Монголын төр уучлал гуйж, хэлмэгдэгсэдийг хуулийн дагуу цагаатгаж, бага ч гэсэн нөхөх олговор олгодог болсон. Дэвшил гэж үзэж болох ч бас л чамлалттай. Улс төрийн хилс хэрэгт 37 мянган иргэн хохирч үлдсэн. Амь насаа алдсан иргэний ар гэрт 1 сая төгрөгийн нөхөн олговор өгөөд л өнгөрч байна. Нэг үгээр хэлбэл Монгол Улс иргэнийхээ амь насыг 1 сая төгрөгөөр үнэлж байгаа гэсэн үг. 1 сая төгрөг гэдэг чухам ямар мөнгөн дүн вэ? Улс төрийн хилс хэрэгт амь насаа алдсан иргэдийн эхнэр, эсвэл нөхөрт байр өгөх ажил хийгдэж байгаа. Гэхдээ л бас л хангалттай биш. Үүнийг засч залруулах тал дээр төр ажил хийх цаг нэгэнт болжээ. Хилс хэрэгт амь насаа алдсан аймшигт он жилүүд 80 жилийн тэртээ үлдсэн ч өнөөдөр хор уршиг нь арилаагүй л байна. Иймээс л хилс хэрэгт амиа алдсан хүмүүсийн ар гэр, үр хүүхэд, ач, зээ нарт нь 1 сая төгрөг биш амьдралын өөр баталгааг төр гаргаж өгөх хэрэгтэй байна. Учир нь нэг хүн амиа алдаж, үлдсэн хэсэг нь адлагдаж өнөөдрийг хүрсэн. Энэ гашланг ганцхан сая төгрөгөөр тайлж болохгүй ээ. 

 Өнөөдрийн хурлаар судлаачид хэлмэгдүүлэлтийн талаар судалгааны илтгэлүүдээ танилцуулж байна. Тухайлбал Японы Шизүока их сургуулийн профессор Акира Оно тухайн үеийн ар, өвөр Монголд болсон хэлмэгдүүлэлтийг судалсан байна. Тухайн үед Ар Монголд коминтерний заавраар хүмүүсийг хэлмэгдүүлж байсан бол Өвөрмонголд бол айл бүрээс нэг нэг хүн хэлмэгдэн хороогдож байсан.

Өвөрмонголд 364 мянган хүн буудуулсан. Энэ нь хоёр том хөршийн дунд байдаг Ар, Өвөр Монгол үндэстэн нэгдэн нийлж нэг том улс болох боломжтой. Тийм учраас хоёр талаасаа монгол үндэстнийг үгүй хийх гэж оролдсоны үр дүн байж болох талаар дурджээ. Өөрөөр хэлбэл энэ хэлмэгдүүлэлт бол Монголчуудын хувьд “Үндэстний асуудал” байсан байж болох талаар хөндөж байв. Тэгэхээр ийм хэлмэгдүүлэлтийг дахин давтахгүйн тулд Монголын төр уучлал гуйж, нөхөн олговорыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор гарч ирсэн гэхэд болно.